Эмэгтэй төлөөлөгчдийн тоо сүүлийн хоёр сонгуулиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Эмэгтэй төлөөлөгчдийн тоо сүүлийн хоёр сонгуулиар буурчээ

Эмэгтэй төлөөлөгчдийн тоо сүүлийн хоёр сонгуулиар буурчээ

Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож буй эмэгтэй төлөөлөгчдийн тоо сүүлчийн хоёр сонгууль дараалан буурсан үзүүлэлттэй гарчээ. Үүний шалтгаан нь сонгуулийн тогтолцоотой холбоотой гэдгийг судлаачид хэлэв.

Эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан манлайллын сургалтын үр дүн, сайн туршлагыг олон нийтэд танилцуулах зорилгоор “Эмэгтэйчүүдийн манлайлал-2019” чуулганыг өнөөдөр /2019.06.25/ “Корпорейт” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

УИХ-ын тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хоёр жил гаруй хугацаанд хэрэгжүүлж, уг чуулганыг зохион байгуулж байгаа юм байна.

ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАМТРАН СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНД 130 САЯ ТӨГРӨГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

Чуулганд нийслэл, 21 аймаг, 330 сум, есөн дүүргээс эмэгтэй төлөөлөгчид оролцож, сайн туршлагаасаа хуваалцаж, туршлага солилцлоо. Жишээлбэл, Увс аймгийн эмэгтэй төлөөлөгчид санаачилга гарган, сум хөгжүүлэх санд 130 сая төгрөг татан төвлөрүүлж чаджээ.

Өмнө нь сум, орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ бий болгох зорилготой, хамгийн бага хэмжээний зээлийг танил тал, намын гишүүнчлэл харж олгодог байсан бол эмэгтэй манлайлагчид хамтдаа өөрчлөлт хийж чадсан байна. Тэд айл нэг бүрээр орж, хийх гэж буй ажлаа танилцуулж, судалсны үндсэн дээр эргэлтийн хөрөнгөгүй зогссон сангийн үйл ажиллагааг эргэлтэд оруулсан тухай эмэгтэйчүүд туршлага хуваалцаж байв.

“АЙМАГ, НИЙСЛЭЛД ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН КВОТГҮЙ БОЛГОСОН”

Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож буй эмэгтэй төлөөлөгчдийн тоо сүүлчийн хоёр сонгууль дараалан буурсан үзүүлэлттэй гарсан тухай “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан “Монфемнет” үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал ярихдаа “Зөвхөн 2016 оны тоон үзүүлэлтийг 2012 онтой харьцуулахад даруй 40 эмэгтэй төлөөлөгчөөр буурсан. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь амьдарч, нийгэмд олон асуудал тулгамдаж байгаа билээ. Гэтэл аймаг, нийслэлд сонгогдож буй эмэгтэй төлөөлөгчдийн тоо хоёр жил дараалан буурсан үзүүлэлттэй байна. Үүний шалтгаан нь юу байна вэ гээд үзэхээр сонгуулийн тогтолцоотой холбоотой.

Өнгөрсөн 2015 онд шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулиар бүх сонгууль нэг хуулиар зохицуулагдах болсон. Ингэхдээ сонгууль болохоос зургаан сарын өмнө ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн хамгийн чухал заалтыг авч хаясан. Тэгээд 2016 оны сонгууль болохоос хоёрхон сарын өмнө УИХ-д суудалтай хоёр гол намын эрэгтэй гишүүд үгсэн хуйвалдаж, эмэгтэй төлөөлөгчийн 30 хувьтай квотыг 20 хувь болгосон. Аймаг, нийслэлд эмэгтэй төлөөлөгчдийн квот байсныг байхгүй болгож, замыг нь хаасан. Квот гэдэг бол нэр дэвших хаалгыг л нээж өгч байгаа юм шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүд энэ нийгэмд бүлгээ төлөөлж, манлайлах боломжгүй болоод байна”

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ АЛЬ Ч ТҮВШИНД БАЙХ ЁСТОЙ

Чуулганд оролцохоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас ирсэн С.Байгалмаа гуай “Аль нэг сум, аймагт очоод харахад эрэгтэй даргатай бол чимхлүүр ажлыг орхигдуулсан байдаг. Тэгэхэд эмэгтэй төлөөлөгчтэй аймаг, сумд тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах ажлыг сайн хийсэн байдаг. Миний бодлоор УИХ-ын тал хувийг эмэгтэй манлайлагчид эзэлж, санал бодлоо хүргэх ёстой гэж бодож байна. Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал аль ч түвшинд өндөр байх ёстой. Эмэгтэй хүн гэхээр л хүүхэд төрүүлж, гэрийн ажил хийх ёстой биш шүү дээ. Нийгэмдээ өөрийн дуу хоолой, санал бодлоо хүргэж, төрийн байгууллагад бүлгээ төлөөлөн ажиллах хэрэгтэй. Манай сумын тамгын газар нийт 34 ажилтантай. Үүний тал хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Манай суманд “Сайн хөрш-Миний гудамж” гэдэг төсөл хэрэгжиж, эмэгтэй төлөөлөгчид хамтран амжилттай хэрэгжүүлж байна” гэдгийг хэлсэн юм.

Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж