Ц.Магалжав: Допингийг зогсоохгүй бол монгол бөх устана

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Ц.Магалжав: Допингийг зогсоохгүй бол монгол бөх устана

Ц.Магалжав: Допингийг зогсоохгүй бол монгол бөх устана

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжав өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

“Бөхийн холбооны 15 тэргүүлэгчийн долоо нь допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг хугацаанаас нь өмнө сэргээсэн асуудал гарсан.  Өнгөрөгч Ням гаригт болсон “Наадмын сорилго” барилдааны үеэр энэ тогтоол ил болж,  Бөхийн холбооны тэргүүлэгчид бөхчүүдийн олонхийн эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ, ҮБХ-ны тэргүүлэгчдийн гаргасан уг тогтоолыг  энэ долоо хоногт хэлэлцэж шийднэ. Баяр наадмыг зохицуулах хороо барилдах эрхээ цуцлуулсан таван бөхийн асуудлаар байр сууриа илэрхийлэх байх. Хэрвээ наадмаар тэд шууд дэвжээн дээр гарсан бол үндэснйи бөхийн түүхэнд хар түүх болж үлдэх байсан. Миний бие допинг хэрэглэсэн бөхчүүдийн шийтгэлийг хугацаанаас нь өмнө чөлөөлөхөөс татгалзсан найман тэргүүлэгчийн нэг. Монголын үндэсний бөхийн холбоонд хамааралтай асуудалд Ү.Хүрэлбаатар янз бүрээр оролцож, асуудал гаргасаар байна. Олон улсын допингийн эсрэг дүрэм болон Монгол Улсын хуулийн хүрээнд бөхчүүдээс наадмаас бус үеийн шинжилгээг авсан. Өнгөрсөн жилийн наадмын өмнө аваргууд Баяр наадмын комиссын даргатай уулзаж, барилдах эрхгүй болсон бөхчүүдийг барилдуулаагүй.” гэж хурлын эхэнд Ц.Магалжав хэллээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Төрийн байгууллагын шийдвэр гараад таван бөх барилдах эрхтэй болжээ. Гэтэл үүнийг бөхчүүд эсэргүүцэж байна. Энэ асуудлыг Төрийн байгууллага шийдэх ёстой юу эсвэл бөхчүүд өөрсдөө барилдана, барилдуулахгүй гэх ёстой юм уу?

-Хууль журмаа барина. Гэхдээ нийтдээ хууль журмаа барих уу гэдэг асуулт байна. Шүүхийн зөв шийдвэр гарсан бол түүнийг дагаад явна. Харин буруу шийдвэр гарсан бол түүнийг дагахгүй гэх эрх бий. Саяны барилдаан дээр харагдлаа шүү дээ. 256 бөхийг барилдуулах гэтэл бөхчүүд бид допинг хэрэглэсэн бөхчүүдтэй барилдахгүй гээд зогсчихлоо. Энд эсэргүүцэл гарч байна. Тэгэхээр энэ үйлдэл буруу хуулийн шийдвэр гарахаар эсэргүүцэж байгаагийн нэг хэлбэр юм. Төрийн бус байгууллага, Төрийн байгууллага маш сайн уялдаа холбоотой байж шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Монгол бөх гэдэг бол маш том өв соёл явж байна шүү дээ. Үнэндээ нэг яруу найрагч орж ирээд будилаан хутгачихлаа.

-Яагаад допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулах шийдвэр гаргав.Бөхчүүд болон аваргууд үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Тухайн үед ард түмэндээ хүндлэгдээд аварга хэмээх эрхэм цолыг хүртэн яваа аваргууд энэ асуудлыг өөрчлөх цаг болсон гэдгийг хэлж байна. Энэ долоо хоногт өргөтгөсөн хурал хийж шийдвэрлэнэ.

-Монголд байгаа Допингийн эсрэг үндэсний төв ямар ажил хийж байна вэ?

-Энэ байгууллага Монголын олимпийн хорооны дэргэд байх Допингийн эсрэг үндэсний төв юм. Уг төв тамирчид болон бөхчүүдээс шинжилгээгээ аваад БНСУ-ын олон улсын итгэмжлэгдсэн лабораторид явуулдаг том байгууллага.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийн заримынх нь цолыг хураадаг. Гэтэл зарим бөхчүүдийн цолыг хурааахгүй байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Цол хэргэм хураах эрх Монгол Улсын Ерөнхийлөгчид байдаг. Зарим бөхөд гурван сарын шийтгэл оногдуулдаг бол заримд нь огт шийтгэл ногдуулдаггүй. Гэтэл хоёр жилээр эрхээ хасуулах бөх гарч байхад цоыг нь хураах ч асуудал байна. Энэ нь он онд ажиллаж байгаа Баяр наадмын комиссын гишүүдийн гаргаж байгаа шийдвэр байгаад байдаг.

-Энэ шийдвэрийг засч өөрчлөх боломж байна уу. Бөхчүүдээ хамгаалахын тулд Бөхийн холбооноос юу хийж байна вэ?

-Үүнийг засахын тулд Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт хийж байж засах юм. Баяр наадмын тухай хуулиар допинг хэрэглэсэн бөхийг барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, эсвэл цолыг нь хураана гээд заачихсан. Үүнийг УИХ-д суугаа бөхийн төлөөлөл болсон гурван гишүүн гаргаж байж Төрийн эрх байгуулах дээд байгууллагатайгаа нийлж засах хэрэгтэй болоод байна. Тэгэхгүй бол яг ийм алдаа, завхрал гарч байна. Бөхийн холбооны асуудал шүүх дээр явж байгаа учраас бид санал оруулах болоогүй байна. Одоо 1000 гаруй бөх барилдаж байгаа ч тэдэнтэй холбоо нэг бүрчлэн ажиллахад хэцүү. Бидэнд эрэмбэний асуудлаас эхлээд цэгцлэх асуудал байна.

-Допинг хэрэглэсэн бөхчүүд янз бүрийн тайлбар хийж байна. Зарим бөхчүүд эм ууснаа тайлбарлаж байна. Гэтэл ямар төрлийн бодис гараад байдаг юм бэ. Үнэхээр тэр ханиад хүрэхээр уудаг аналгин буруутай юу?

-Допингийн асуудал намайг барилддаг байх үеэс эхэлсэн. Тухайн 2006, 2007 онуудад олон улсын конвецид нэгдсэн. Наадам болон цагаан сарын үеэр хоритой бодисын талаар мэдээлэл гаргадаг байсан. Одоо нэг ч бичиг үсэг тайлагдаагүй бөх байхгүй. Гар утасгүй бөх гэж байхгүй. Гэтэл бөхчүүд өөрсдөө кофе уугаад, ханиад хүрэхээр нь аналгин уусан гээд байдаг. Үүнийг бөхчүүдийн гэр бүлийн хүмүүс ч идэвхтэй ярьж, бичиж байна. Юу гардаг вэ гэхээр гормон гарч байна. Ерөөсөө булчин масс томруулах тариа гарч байна. Энэ л бөхчүүдээс гарч байна. Түүнээс кофе уугаад, өвчин намдаах түрхлэх түрхээд хориотой бодис гарч байгаа гэх буруу ойлголтыг өгөөд байна. Тайлбарыг бол яаж л бол яаж өгнө. Үүнийг бүх бөхөд хэлдэг. Хориотой бодисын талаар тараах материал гардаг. Наадмын өмнө ямар нэгэн эм тариа хэрэглэсэн түүнийгээ хэл гэдэг. Энэ тайлбар чинь Таны авралын од болно гэдгийг хэлдэг. Гэтэл наадмын дараа шинжилгээ авахаар нөгөө хориод байсан бодис гарчихдаг.

-Наадмын үеэр найрааны асуудал гардаг. Та бүхэн хяналтын камер хийнэ гэж байсан. Энэ талаар юу болсон бэ?

-Бөхийн холбоо өөрөө Захиргааны хэрэг дээр маргаантай байгаа болохоор зарим асуудлыг цогцоор нь шийдээд явж чадахгүй байна. Бидний гол зорилго бол холбооны асуудал жигдрээд “Их Эе” хуралдаж чадаад нэг талдаа гарвал допингтой хатуу тэмцье, найрааны асуудал гээд цэгцлэх зүйлээ хийгээд явах боломжтой. Хэрвээ найрааны асуудал байгаа бол барилдах эрхийг нь таван жил хүртэл хасъя гээд яриад байгаа шүү дээ.

Таныг ажлаа өгнө гэсэн мэдээлэл байсан?

-Энэ нээлттэй асуудал. Хэрвээ допинг хэрэглэсэн бөхчүүд шийтгэлийн хугацаанаас өмнө барилдана гэвэл шударга бус явдал болно.  Би энэ талаар анхааруулсан. Хэрвээ допинг дэмжих юм бол монгол бөх байхгүй болно шүү гэж. Хэн нэгэн мөнгөтэй захирал өөрийнхөө компаний нэрийг гаргахын тулд юу ч биедээ шахаж болно. Бид энэ байдалтай эвлэрч чадахгүй. Хэрвээ  ингэж явах юм бол бид ажлаа өгнө. Гэхдээ, ажлаа өгөхөд хүрэхэд Ү.Хүрэлбаатар мэтийн улсад өгч болохгүй. “Гацуурт”-ын Л.Чинбат, дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат гээд холбоог аваад явчих хүмүүс байна. Бид тэдэнд хандана. Аль болох болохгүй зүйлийг засчихъя гэж бид яваад байгаа юм. Би ганцаараа биш, Д.Ганхуяг арслан,  И.Доржсамбуу, Д.Рагчаа гарьдууд, Б.Сайнбаяр заа бүгд допингийг эсэргүүцэж байна.

ТАЙЛБАР:

МҮБХ-ны тэргүүлэгчид энэ сарын 17-нд хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэж, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхөд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх тогтоол гаргасан юм. Энэ талаар Ням гаригт болсон Наадмын сорилго барилдааны үеэр Ч.Санжаадамба аварга нарын бөхчүүд эсэргүүцэж, тэднийг барилдуулахгүй гэсэн юм. Мөн энэ талаар өнөөдөр МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав мэдээлэл хийж, Бөхийн холбооны тэргүүлэгчид бөхчүүдийн олонхийн эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан тогтоолоо энэ долоо хоногт хэлэлцэж шийднэ гэдгийг хэллээ.

МҮБХ-ны Тэргүүлэгчид нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тогтоолд тэдний олонх буюу МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, улсын харцага Л.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, бөх тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нар тогтоолыг дэмжин гарын үсэг зурж, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, бөх судлаач Б.Цогтбаатар нар гарын үсэг зурахаас татгалзсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж