Хүнсний салбарт хувийн хэвшлийн оролцоо дутмаг, хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл муутай, салбар дунд шударга бус өрсөлдөөн ихээр гарч, орчин үеийн технологи нэвтрэхгүй, Зөрчлийн тухай хуульд боомлигдож байна зэрэг олон асуудлыг “Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт хүнсчдийн онц чуулганы үеэр хөндөж байв.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өнөөдөр /2019.06.25/ хүнсний салбарынхан чуулж, Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хангамжийн өнөөгийн түвшин, салбарт тулгамдаж буй асуудал, үүнийг шийдвэрлэх арга зам гэсэн гурван үндсэн агуулгаар хэлэлцэж байгаа юм.
“МОНГОЛЧУУДЫН ХООЛ ХҮНСНИЙ 63 ХУВИЙГ ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭЗЭЛДЭГ”
“Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль Монгол Улсын хүнсний аж үйлдвэрлэлийн салбарт олон төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг гол сургууль юм. Бидний хувьд сургалтын үйл ажиллагаанаас гадна судалгаа шинжилгээний ажлыг тодорхой түвшинд хийдэг. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын хүнсний бодит хэрэглээний судалгаанаас танилцууллаа. Монгол Улсын хүнсний хэрэглээний өнөөгийн байдлыг авч үзвэл өнөөдөр бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр хоол хүнсний илчлэгээ авч чадахгүй байна.
Судалгаанаас харахад монголчуудын хоол хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнд бол буудайн гурил байна. Бараг нийт илчлэгийнхээ 63 хувийг үр тарианы гаралтай бүтээгдэхүүнээс авч байх жишээтэй. Бусад нэр төрлийн бүтээгдэхүүн үлдсэн цөөн хувийг эзэлж байгаа юм. Монголчууд өнөөдөр хоол хүнсээ зохистой хэрэглэж чадахгүй байна. Зохистой хооллолт гэж юу вэ гэхээр “Өөх тос бага, жимс ногоо их идэх ёстой” гэж хариулдаг. Гэтэл зохистой хооллолт гэдэг нь олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ зохих хэмжээгээр, нас биеийнхээ онцлогт тохируулж хэрэглэхийг хэлнэ. Бидний судалгааны дүнгээс харахад монголчуудын насанд хүрсэн хүмүүсийн 50 хувь нь илүүдэл жин буюу таргалалттай байна. Хүүхдүүдийн маань 25 хувь нь таргалалттай байна. Энэ тоон үзүүлэлт юуг харуулж байна вэ гэвэл ийм хэмжээтэй хоол хүнсээ тогтмол хэрэглээд байвал халдварын бус өвчинд нэрвэгдэх нь ээ. Таргалалт нь зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчин, дархлааны системийн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг” гэдгийг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн их сургуулийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Туяацэцэг тайлбарлалаа.
“МОНГОЛД ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН ТОГТОЛЦОО БАЙХГҮЙГЭЭС ЧЕНЖҮҮД БИЙ БОЛЖ БАЙНА”
Уг чуулганы үеэр тус сургуулийн эрдэмтэн М.Пүрэвжав бас нэгэн чухал асуудлыг хөндөн, илтгэлээ хэлэлцүүлж байв. Тэрбээр “Хүнсний аюулгүй байдал гурван тулгуур асуудалтай. Нэгдүгээрт хүнсний хангамжийн асуудал. Хоёрдугаарт бидний идэж, ууж буй хүнсэнд ямар шим тэжээл агуулагдаж байна вэ. Гуравдугаарт хүнсний бүтээгдэхүүний зөв хадгалалтын эрүүл ахуйн асуудал багтана. Иргэдийн хувьд хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалдаа түлхүү анхаардаг. Учир нь тухайн хүн муудсан хоол хүнс идэж, уусан бол хордлого авч маш хурдан хугацаанд мэдрэгддэг. Харин хоол хүнсний шим тэжээлийн дутал, илүүдэлтэй холбоотой асуудал тав, арван жилийн дараа халдварын бус өвчний шинж тэмдгээр илэрдэг. Энэ бүх тулгуур асуудлыг цогцоор нь анхаарч, шийдвэрлэх нь чухал. Өнөөдөр Монгол Улсад хоол хүнсний хангамжийн тогтолцоо байхгүйгээс ченжүүд олноор бий болж байна. Цаашдаа төрөөс хүнсний хангамжийн тогтолцоогоо зөвөөр шийдэж чадвал олон асуудал шийдэгдэнэ” гэв.
“ӨР ЗЭЭЛИЙН НЭГ ХУВИЙГ Л ХҮНСНИЙ САЛБАРТ ЗАРЦУУЛБАЛ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ”
УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва чуулганы үеэр мэдээлэл өгөхдөө “Өнгөрсөн гурван сарын турш бэлтгэсэн уг чуулганд төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд идэвхтэй оролцож байгаад баяртай байна. Мөн хүнсний чиглэлийн 17 төрийн бус байгууллагын төлөөлөл бас дуу хоолойгоо хүргэж байна. Бид хүнсний аюулгүй байдлын талаар олон жил ярьж, маш олон хууль тогтоомжийг гаргасан. Уг чуулганаас салбарынхан зөвлөмж гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгнө. Монгол Улсын хувьд зах зээлийн нийгэмд давснаас өөр бараагүй байснаа бодвол аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгө мөнгөний бололцоогоор дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үйлдвэр байгуулаад байна. Бид өнөөдөр гадны зээл тусламж нийлсэн 28 тэрбум ам.долларын өртэй гэж ярьдаг. Тэгвэл энэ өр зээлийн нэг хувийг л хүнсний салбарт зарцуулбал Монгол Улсаа эх орныхоо хөрсөнд ургуулсан бүх төрлийн хүнсээр бүрэн хангах боломжтой. Манай холбоонд нийт 400 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг” тухай ярилаа.
Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН