ДУУЛИАН: Манай ажилтан хүний амь аврах гээд өөрөө хордчихсон

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

ДУУЛИАН: Манай ажилтан хүний амь аврах гээд өөрөө хордчихсон

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ)-ын хоёр ажилтан бохирын худагт унаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2019.06.24/ болсон талаар бид мэдээлсэн. Албаны хүний мэдээллээр тэд бохирын худагт засвар хийхээр ороод хийнд хордон амь насаа алдсан байна. Болсон хэрэг явдлыг тодруулбал, эхний хүн худаг руу оронгуутаа хийнд хордон унасан байна. Харин хоёр дахь хүн нь түүнийг аврахаар татах явцдаа дийлдэж унаснаас хийнд хордон амиа алджээ. Талийгаачид ОСНААУГ-т арав дахь жилдээ ажилласан байсан хүмүүс гэнэ. Болсон хэрэг явдлын талаар ар гэрийнхэнд нь дуулгасан гэсэн мэдээллийг албаны хүн тодотголоо.


Цагдаагийн байгууллагаас мэдээлсэнээр "Өчигдөр 14:19 цагт 102 утсанд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо Хүнсчдийн гудамж Мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унасан гэх дуудлага, мэдээллийг шалгахад тус хороонд байрлах бохирын худагт Дайцэцэн ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн “Б” , Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн “У” нар унаж нас барсан хэргийг дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна" гэлээ

ОСНААУГ-ын хэвлэл мэдээлэл, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ган-Эрдэнээс дээрх асуудлаар  тодрууллаа.

-Ажил үүргээ гүйцэтгэж байсан ОСНААУГ-ын хоёр ажилтан бохирын худаг руу унаж амиа алдсан юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-2019 оны зургадугаар сарын 24-ны өдөр гарсан ослын улмаас ОСНААУГ-ын ариутгалын жолооч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа.

Манай байгууллага аж ахуй нэгж байгууллагуудад төлбөртэй засвар үйлчилгээ үзүүлдэг. Энэ дагуу өчигдөр хувийн орон сууцнаас дуудлага ирэхэд талийгаач Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх орон  сууц руу нэг ажилтантай хамт явсан байна лээ. Тэднийг очиход хувийн орон сууцны конторын хоёр ажилтан байсан гэсэн. Тэгээд дөрвүүл нийлээд бохирын худаг дах хуримтлагдсан бохирыг татан зайлуулж байхад энэ осол гарсан.

Уг нь, манай жолооч бохирын худаг руу орох үүрэггүй. Тэгтэл хувийн орон сууцны засварчин залуу бохирын худаг руу ороод ухаан алдахыг манай жолооч түрүүлж харсан байгаа юм. Ингээд нөгөө засварчин залууг аврахаар ороод өөрөө хортой хийнд хордож амиа алдсан  харамсалтай явдал гарсан.

Бохирын худаг их, бага хэмжээгээр хүчиллэг хортой байдаг. Ослын дараа хамт ажиллаж байсан залуус онцгой байдлын газарт мэдэгдэж дуудлага өгсөн. Талийгаач нь манай байгууллагад 2014 оноос хойш жолоочоор ажиллаж байгаа.

-Амиа алдсан өөр нэг засварчны тухайд дэлгэрэнгүй мэдээлэл бий юу?

-Хувийн орон сууцны засварчин залуу гэж байсан түүнээс өөр мэдээлэл байхгүй байна.

-Талийгаачийн ар гэрийнхэнд танай байгууллагын зүгээс ямар туслалцаа үзүүлэх вэ?

-Манай байгууллагын дотоод журмын дагуу оршуулгын зардлыг даахаас гадна нэг сая төгрөг олгоно. Манай байгууллага 1600 гаруй ажилтантай. Байгууллагын ажилчид хандив цуглуулж өгдөг учраас талийгаачид хандивын мөнгө цуглуулаад явж байна. Үүн дээр нэмээд хуулийн хүрээнд ямар туслалцаа үзүүлэх талаар бид ярилцаж байна.

-Цаашлаад ослоос сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ. Танай байгууллагын зүгээс ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангадаг юм бол?

-Хөдөлмөр аюулгүйн байдал талаасаа өглөө бүр тухайн ажилтанд ажил үүрэгт нь тохирсон зааварчилгаа өгөөд бид явуулдаг. Гэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас осол болсон уу гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагаас тогтооно. Одоогоор ослын талаар албан ёсны мэдээлэл холбогдох байгууллагаас бидэнд ирүүлээгүй байна.

-Зарим хэвлэлээр танай байгууллагын дарга нар ажилдаа хайнга хандсанаас үүдэн осол болсон хэмээн тайлбарлаж байна. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Тэр бол ташаа мэдээлэл. Манай байгууллага өглөө бүр шуурхай хурлаа хийгээд ажил үүргийн дагуу ажилдаа гардаг. Осол болсон өдөр удирдах газрын дарга нар, ахлах инженерүүд бүгд байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж