АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Ж.Амарсанаа, Д.Оросоо нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай хэлэхдээ “Нэр бүхий яамдын гадаа иргэдийн эсэргүүцлийн жагсаал болсон. Энэ жагсаал цуглаан иргэдийн цэвэр санаачилгаар хийгдсэн. Иргэдийн сайн дурын тэмцлийг АН дэмжсэн. Харамсалтай нь эдгээр тэмцлийг эрх баригчид төдийлөн ойшоосонгүй. Шударга ёсыг тогтоож, сэлэм эргүүлнэ гэсэн том дарга нь сайд нараа хамгаалж үлдэхээр шийдсэн бололтой. Энэ нь яавч зөв зүйл биш. Эрүүл мэндийн сайд тэмбүүтэй тэмцэнэ гэсэн хариуцлагагүй мэдэгдлээс болж өнөөдөр аялал жуулчлалын компанид захиалга өгсөн жуулчдын 20 хувь нь захиалгаа цуцалсан байна. Монголд 40-50 мянган жуулчин ирэхээр байсан ч аяллаа цуцалсан гэж ойлгож болно. Монголд ирээд ойролцоогоор нэг жуулчин 1000 ам.доллар зарцуулна гэж тооцвол манай улс жуулчдаас 40 сая ам.доллар олох боломжийг Эрүүл мэндийн сайдын хариуцлагагүй мэдэгдлээс болж алдлаа. Энэ бол туйлын хариуцлагагүй үйлдэл. Гуравдах асуудал нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж иргэд тэмцсэн. АН энэ тэмцлийг дэмжсэн. Эрх баригчдын ярьж байсанчлан шиг АН нэг жагсаалыг 40 саяар зохион байгуулсан асуудал огт байхгүй. АН өнөөдөр сөрөг хүчин. 40 саяар жагсаал хийх мөнгө, санхүү АН-д байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Уг нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хийх ажил маш их байгаа. Харамсалтай нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэг ч ажил хийсэнгүй. Зарим томоохон хэргүүдийг шударгаар шийднэ гэж хүлээж байсан. Гэвч нийгмийн хүлээлтийг өнөөдрийг хүртэл хангаж чадахгүй байна.
1990 оны хувьсгалыг манлайлж явсан улс төрийн хүчний хувьд АН иргэдийн сайн дурын үндсэн дээр нэгдсэн, шударга ёсыг тогтоохын төлөөх бүхий л тэмцлийн өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэмжиж ирсэн. Цаашид ч дэмжинэ. Ардчиллын хамгийн том суурь нь иргэдийн оролцоо юм. Цагдаагийн байгууллага аливаа асуудалд хариуцлагатай хандах шаардлагатай байна. Яамдын үүдэнд болсон жагсаалд цагдаа хүчний байгууллага хүч хэрэглэсэн тохиолдол гарсан. Мөн жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэлээ.
Мөн энэ үеэр Ж.Амарсанаа “Эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл байдлыг эсэргүүцэн салбарын сайдыг нь огцруулах жагсаалыг зохион байгуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд удаа дараа шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь хариу ирсэнгүй гэдгийг тодотголоо. Харин АН-ын Хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Оросоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэхдээ “Энэ удаагийн өөрчлөлтөөр 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Дордуулсан долоон өөрчлөлтөөс дор өөрчлөлтийг хийх гэж байна. Наймаа хийх зарчмаар эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Монгол Улс цаашдаа парламентаас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Цэц хянахгүй байх зарчим руу орох гэж байна. Ингэхийн тулд Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг есөн жил болгох заалтыг оруулсан. Энэ бол Үндсэн хуулийн авлигал. Хоёрдугаарт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засаг захиргааны нэгжийн тогтолцоог өөрчлөх гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг бол суурь хуульдаа нийцсэн байх ёстой. Гэтэл энэ өөрчлөлтөөр үндсэн агуулга, суурь зарчмыг нь алдагдуулах гэж байна. Ийм байдлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхийг нь эсэргүүцэж байна” гэсэн юм.
Холбоотой мэдээ