Өнгөрсөн долоо хоногийн шинэ дуунууд

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн долоо хоногийн шинэ дуунууд

 

НИКИ МИНАЖИЙН ЭРГЭН ЭРЭЛТ БА ТҮҮНИЙ НОЙРМОГ НАЙЗ ЗАЛУУ

2018 онд студийн “Queen” цомгоо гаргаснаас хойш нам гүм байсан тэрбээр энэ сарын 21-ний Баасан гаригт “MEGATRON” дууныхаа клипийг цацлаа. Энэхүү клипэнд түүний найз залуу тоглосон бөгөөд Ники Минаж зураг авалтын үеэр найз залуугаа унтаж байхад нь сэрээж  клипэнд нойрмог байдалтай тоглуулсан хөгжилтэй түүхээ өөрийн твиттерт хуваалцжээ.

 

ШОН МЕНДЕС, КАМИЛА КАБЕЛЛО НАРЫН ХАЛУУХАН ХАМТРАЛ

Залуу дуучид болох Шон Мендес, Камила Кабелло нар дөрвөн жилийн өмнө хамтарч дуу хийснээсээ хойш дахин хамт шинэ дуу гарган олон шүтэн бишрэгчдээ баярлуулаад байна. “Señorita” хэмээх энэхүү дуу нь яг л нэр шигээ сонсголонтой, намуухан бас халуухан клип болж чаджээ. Америкийн кинонуудад ихээхэн ажиглагддаг ресторан, зочид буудлын өрөө, залуусын учрал зэрэг кино үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх энэ клип өмнөх пүрэв гарагт буюу 20-ны өдөр цацагдсан ч одоог хүртэл Youtube сайтын трендинг хэсэгт байсаар байна.

 

ЛУИС ФОНСИ, АЛЕКС СЕНСЕЙШН, АНИТТА НАРЫН ЗУНЫ ХАМТРАЛ

Колумбаас гаралтай DJ Алекс Сенсейшн, “Despacito” дуугаараа дэлхийг байлдан дагуулсан Пуэрто-Рикон дуучин Луис Фонси, Бразилийн залуу дуучин Анитта нарын хамтарсан уран бүтээл “Pa’ Lante” дууны клип цацагдсан байна. Аялгуулаг испани хэлээр дуулагдсан уг дууг хэн ч сонссон зуны мэдрэмж төрөхүйц хийгджээ. Миами хотын далайн эрэг дээр хийгдсэн тус клип зуны улирал албан ёсоор эхэлснийг мэдэгдэж буй гэлтэй.

ЭД ШИРАНЫ ВИРТУАЛ ДҮР

Эд шираны “No.6 Collaborations Project” цомгийн 2 дахь дуу “Cross Me” дууны клип 21-нд буюу Баасан гаригт цацагдлаа. Энэ дууг Chance The Rapper, PnB Rock нартай хамтран дуулсан бол клип нь чадварлаг, уян хатан бүжигчин бүсгүй биеийн хөдөлгөөнийг компьютерт хөрвүүлэн дүрс болгох хувцасны тусламжтай виртуал орчинд дээрх 3 уран бүтээлчийн дүрд хувиран бүжиглэх бол клипний төгсгөл нь сонирхолтойгоор дуусах ажээ.

 

“BLINK-182”-ИЙН 50 СЕКУНДИЙН ПАНК ДУУ

Тэд үнэхээр 50 секундийн урттай дуу хийж, Баасан гаригт клипийг нь цацсан бөгөөд энэхүү “Generational Divide” дууг тэд өөрсдийг нь шүүмжлэгч нарт хандаж хийсэн байна. Учир нь тэдний таван сард цацсан “Blame It On My Youth” дууг хүмүүс хэтэрхий уйтгартай, рок, панк дуу биш байна гэсэн шүүмжлэлд өртөөд байсан юм. Харин энэхүү 50 секундийн урттай дуу нь панк, хурдан хэмнэлтэйгээс гадна “Одоо энэ дээрдсэн байна уу? Одоо бид дээрдэж үү?” гэсэн утга илэрхийлдэг ажээ. Blink-182 хамтлаг юмыг хошин байдлаар шүүмжилсэн богино хэмжээний дуу өмнө нь гурван удаа цацаж байсан юм.

 

БЕЙОНСЕ “АРААТНЫ ХААН АРСЛАН” КИНОНЫ ДУУНААС ХУВААЛЦЛАА

Дуучин Бейонсе, Childish Gambino буюу Доналд Гловер нар энэ зун нээлтээ хийх “Араатны хаан арслан” киноны Симба, Нала нарын дүрд дуу оруулж байгаа билээ. Өнгөрсөн Ням гаригт Бейонсе өөрийн Youtube сувагт 1994 онд Элтон Жоны дуулсан “Can You Feel the Love Tonight” дууг Доналд Гловертэй хамтран дуулсан хувилбарын хэсгээс сонордууллаа. Тус кинонд 1994 оны Араатны хаан арслан хүүхэлдэйн киноны алдартай дөрвөн саундтракууд болох “Hakuna Matata”, “Circle of Life”, “Can You Feel the Love Tonight”, “I Just Can’t Wait to Be King” дуунууд дахин дуулагдах аж. Араатны хаан арслан кино долоо дугаар сарын 19-нд нээлтээ хийх юм.

Б.ЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж