Монгол Улсын сайд асан М.Энхсайхантай ярилцлаа. Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас түүнийг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах явцдаа бусдад илт давуу боломж олгохыг завдсан, түүнийг нь гурван хүн гэрчилсэн учраас гэх үндэслэлээр баривчлан саатуулсан билээ. Харин шүүхээс М.Энхсайханыг баривчлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд сулласан юм.
-АТГ-аас таныг өнгөрсөн долоо хоногт баривчлан саатуулсан. Таны эрхийг шүүхийн шийдвэргүйгээр 24 цаг хассан үндэслэлээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа бусдад илт давуу байдал олгохыг завдсан гэж тайлбарласан байна лээ. Харин та “Манай шүүхэд гялтайх зүйл их байгаа”-д талархсан байсан?
-Прокурор, АТГ-ын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэсэн халхавчтайгаар сольсныг үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн дур зоргоор улс төрийн өрсөлдөгч нартайгаа тэмцдэг, өс хонзонгоо гүйцэлдүүлдэг хэрэгсэл битгий болгочихоосой гэсэн хүлээлт олон хүнд байсан байхаа. Тийм хүлээлттэй хүмүүсийн нэг нь би байлаа. Харамсалтай нь, миний тохиолдол дээр энэ хүлээлт худлаа байж.
Би болсон явдал бүр дээрээсээ зохион байгуулалттай байсан гэж бодож сууна. Учир нь намайг “..албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэхийг завдсан үндэслэлтэй хэрэгт шалгаж байгаа ба гэрч С.Эрдэнэ, Н.Батаа, Т.Ням-Осор нар нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд зааж байх тул ..шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсугай” гэсэн мөрдөгчийн тогтоолыг гаргахдаа эдгээр хүмүүсийг “Цензургүй яриа”-ны гол баатар болгож, намайг баахан новшилсон юм байна лээ. Би тоож үзээгүй л дээ.
Гэхдээ худал хэрэг зохиож, худал гэрчүүдээр “шууд заагаад” баривчилдаг болчихвол Монгол маань юутай буруу болох вэ.
Өөрсдийгөө гэрч гэж байгаа хүмүүс гэрээний төслийг уншиж ойлгохгүй, тийм чадамж тэдэнд байхгүй гэдэгт итгэлтэй байна. Бодоод үзээрэй. Хэн нь хэний жүжигчид вэ гэдгийг бүгдээрээ мэддэг болсон цаг шүү дээ. Тэр үедээ анзаараагүй боловч тогтоол нь дугаар үгүй, хянасан прокурорын огноо байхгүй байж.
Шүүх хууль зөрчснийг тогтоож, мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосноор миний 461-р хорих ангид өнгөрүүлсэн хугацаа 24 цаг байлаа. Шүүгч Ерөнхийлөгчийн хүслийг биелүүлээгүй хууль ёсны талд байсан тул манай шүүхэд гялтайх зүйл байна аа гэсэн юм. Шүүх улс төрчдөөс хараат биш, өөрийн итгэл үнэмшилтэй, аливаа шийдвэрээ хууль ёсоор гаргах нь ямар чухал вэ гэдгийг харуулсан. Ийм шүүгчид маш олон байгаасай гэж хүсч байна.
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол үндсэндээ огт зурагдаагүй, зурахын даваан дээр улстөрөө даалгүй унасан төсөл биз дээ?
-Харин тийм. Ямар ч хамаагүй үнээр намайг буруутгахын тулд “завдсан” гэсэн нэр томьёотойгоор хууль ёсыг умартаж байна. Гэхдээ би ардчилсан тогтолцоо тэгтлээ дампуурчихаагүй байгаа гэдэгт найдаж байна.
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах үүргийг Монголын Засгийн газраас танд хүлээлгэсэн. Хөрөнгө оруулалтын тендерийг хэзээ, яаж шалгаруулсан, шалгаруулалт хэр шударга явагдсан бэ. Учир нь, Тавантолгойн гэрээний талаар асар буруу ойлголт нийгэмд байгаа болохоор дөрөв, таван жилийн өмнөх үйл явдлыг товчхон дурдсан нь дээр болов уу?
-Энэ талаар жаахан амьсгаа авч байгаад сэтгүүлчид, олон түмэн рүү хандсан мэдээлэл өргөнөөр өгье гэсэн бодолтой байна. Шалгагдаж байгаа хэргээр элдэв юм яриад яахав гэж бодож суусан маань алдаа байж. АТГ-д компьютераа хураалгачихсан байгаа. Аваад мэдээлэл илүү өгөх бололцоо олдоно биз ээ. Дараа дэлгэрэнгүй ярина аа.
-Хөрөнгө оруулагчдад Монгол Улс тухайн үед ямар нөхцөл тавьж байсан бэ. Яагаад заавал “Энержи ресурс”-ийг шалгаруулсан юм бол. “Энержи ресурс”-ийг шалгаруулсанд зарим хүний “харшил” одоо ч хөдөлдөг юм шиг байна?
-Над руу нэг эрхэм утсаар залгаж байна. Таныг буруутгах замаар Тавантолгойг өөртөө өмчлөх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн зорилготой ажиллагаа гэж байна лээ гэж. Нээрээ л тийм байх. Бие биедээ атаархах харшил өвчин туссан бол өөрийгөө л эмчлэх хэрэгтэй ш дээ. Бусдаас нэгийг булааж болно, дараачийнхыг мөн булаана, шунал тачаал хязгаарлагдахгүй. Замд нь Монгол хохирно. Дарангуйлагчтай болно. Тэглээ гээд амьдрал сайжирахгүй. Уг нь ийм явдал гаргуулахгүй гэж төр байдаг учиртайсан.
-Та мега төсөл шил мэт хэврэгхэн болохыг аль эртнээс хэлж, сануулж байсан. Харамсалтай нь, үнэхээр хэн нэгэн сайн эр чулуу шидэх төдийд Тавантолгойн төсөл шил мэт бутран унасан даа. Энэ төсөл тухайн үед зурагдаад явсан бол Монголын эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх байсан бол. Миний санаж байгаагаар гэрээ зурагдсаны дараа, 4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө орж ирэхээр байсан шүү дээ?
-Намайг буруутгахдаа шинжээчдийн гэх гэрэлтэй, сүүдэртэй холион бантан дүгнэлтийг хэрэглэсэн байдаг.
Тэдний дүгнэлтэд Тавантолгойн төсөл хэрэгжсэн бол сүүлийн гурван жилд 2 их наяд 475 тэрбум төгрөг улсад орох байж гэсэн байна лээ. Одоогийн “Эрдэнэс Тавантолгой”-н цэвэр ашигтай харьцуулбал бараг тав дахин их орлого.
Цагаан дээр хараар бичсэн дүгнэлт. Мега төсөл амархан хагарч унадгийн жишээг үзэхээрээ нэг боллоо. Гэвч, бас болоогүй л байна. Мега төсөл хийж сурах хүртэл бидэнд нэлээд хугацаа байна даа. Эрчимтэй суралцмаар байна. Ингэхгүйгээр хурдан, түргэн хөгжилд хүрнэ гэж бодох хэрэггүй.
-Тавантолгойн ордыг 100 жилээр Хятадад өгөхийг оролдсон гэж таныг Ерөнхийлөгч Х.Баттулга буруутгаж, 170 хуудас материал прокурорын ажилтны зөвлөгөөн дээр иргэн хүнийхээ хувиар барьж очсон шүү дээ. Тэр зуун жил гэх хугацаа хаанаас гараад ирсэн юм бэ. Гэрээний төсөлд тийм үг, өгүүлбэр байгаагүй санагдах юм?
-Х.Баттулга Ерөнхийлөгч албан тушаалаа хүн гүтгэхэд зориулж байгаа нь харамсалтай. Тэрбээр Ерөнхий прокуророос миний үед улс төрийн захиалгаар хэлмэгдүүлэлт хийхгүй гэсэн хатуу үг сонсчихоод “Би иргэн хүний хувьд гомдол гаргаж байгаа” гэж харагдсан. Иргэн хүн хэрхэн гомдол гаргах вэ гэдэг ч дүрэмтэй, журамтай. Удалгүй тэгээд шүүх, прокуроруудыг өөрчилсөн дөө.
100 жил, үнэгүй гэсэн үг үсэг гэрээнд хаана ч байхгүй. Ийм яриа гаргасан Ерөнхийлөгч өөрөө хариу өгвөл зохилтой.
-Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулахдаа та бусдад илт давуу байдал олгож, эх орныхоо эрх ашгийн эсрэг ажиллахыг завдсаныг хоёр, гурван гэрч нотолсон гэж АТГ-аас тайлбарласан. Тэр хүмүүс тантай хамт ажиллаж, хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулалцсан юм уу?
-Гэрч гээд байгаа байгаа хүмүүсийн нэг нь өөрийгөө шатаагч. Тэрбээр М.Энхсайханы эсрэг өөрийгөө шатаасан гэсэн мэдүүлэг өгсөн бололтой юм билээ. Тэр үед юу болоод байсныг эргээд хүмүүс санаарай. Би тэр үед бас л тэр үйл явдлыг цочирдон харж байсан нэгэн. Надтай холбогдсон зүйл байгаагүй ш дээ. Гэтэл энэ явдлыг прокурор хүртэл нээрээ тийм, үнэн гээд ойлгочихсон явж байна. Уг нь хэн нэгний хэлсэнд биш тухайн үед юу болсон талаарх мэдээллүүдийг нягталж шалгах нь хуулийнхны үүрэг юм. Цензургүй баатрууд Монголын улс төрийн уур амьсгалыг тодорхойлж, тэдний үгээр хууль шүүхийнхэн ажиллаад байвал Монгол буруу тийшээ явна гэсэн үг шүү дээ.
-Ер нь эх орны эрх ашиг гэж юуг хэлэх ёстой вэ. Манай улстөрчид наанаа эх орны ашиг сонирхол гэж гоё, гоё юм яриад, цаана хувийн эрх ашгаа нэгд тавьдаг учраас л ингэж асууж байна?
-Монгол бодлогогүй, үзэл баримтлалгүй, чиг баримжаагүй болчихоод байна. Шалтгаан нь монголчууд улс төрийн омог аймаг болж задарсан. Нам хэрэггүй. Нутгийн зөвлөл, бөх, морь уяачид, мото, фитнес, гоо бүсгүй дагасан овог аймаг болжээ. Буруу чиглэл хандлагаасаа аль болох түргэн гарах хэрэгтэй болж. Ээдрээ түвэгшил ихсэх тутам боловсрол мэдлэг чухал болсон гэдгийг ухаарах цаг ирээсэй билээ.
-Өөрөөсөө өөр бодолтнуудыг өнөөдөр эх орны эсрэг ажилласан, хөлсний, хужаа гэж элдэв янзын нэр хоч өгөөд, олон нийтийн сүлжээгээр гөвдөг болсон. Энэ хэлмэгдүүлэлт мөн үү?
-Оюун санааны хүчирхийлэл мөн ш дээ.
Нийгмийн оюунлаг хэсгээсээ эхлээд үүд хаалгаа хаагаад зурагтаа ширтээд хэвтддэг цаг биш байна гэж бодох хэрэгтэй. Хамгийн түрүүнд сэхээтэн тэднийг сэр гэж би их уриалж байгаа.
Монгол харанхуй байж болохгүй. Популизмд живж болохгүй. Монголчууд цөөхөн. Цөөхөн тулдаа түргэн өөрчлөгдөж, босоход амархан шүү дээ.
-Та 461 дүгээр ангиас гарч ирээд бичсэн нийтлэл олон шейр, хандалт авсан. “Монгол хүнд Тэнгэрээс заяагдмал эрх чөлөөг одоо л хамгаалахгүй юм бол хожмоо эрх чөлөөг олж авахад хэцүү” болохыг монголчууддаа та ойлгуулахыг хүссэн байна лээ. Яагаад тэгж бодов?
-Би сэтгэлээсээ тэр нийтлэлээ бичсэн. Одоо тайвширчихаад өөрийнхөө бичсэнийг уншаад өөр хүн бичсэн юм шиг санагдаад “нээрээ тийм шүү” гээд л сууж байна. Том нийтлэл биш болохоор уншаагүй нь уншаарай.
-Ерөнхийлөгч Х.Баттулга та хоёрын дунд нэлээд эртний үл ойлголцол бий. Юунаас болж Ерөнхийлөгч та хоёр муудалцсан юм бэ?
-Төмөр замын төслөөс болоод. Улсын хөрөнгийг хий хоосон мөрөөдөлд үрэн таран хийж байна гэдгээс улбаатай.
Төмөр замын хулгай, буруу бодлогыг анх би олон түмэнд ил болгосон. Бичлэгүүд интернэт орчинд байгаа. Одоо ч ач холбогдолтой шүү.
Өс хонзон сүрхий тээдэг хүн юм байна. Түүнээс айж Монголоо золиослоно гэж юу байхав.
-УИХ дээр Үндсэн хуулийн өөрчлөлт ид яригдаж байна. Ардын намын өргөн барьсан төслийг та дэмжиж байна уу. Учир нь, энэ төслөөр олон өөрчлөлт орж байгаа. Шүүхийн бие даасан байдлыг хангах, Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх өөрчлөлтүүд орж ирсэн?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Бие биенээ тэвчээртэй сонсож, мэргэжлийн хүмүүсийн үгийг анхаараасай гэж хүсэх байна. Дэндүү олон үйл явдал давхцаад тэр болгоныг үзэж харж чадахгүй байгааг минь уучлаарай.
-Монгол Улс парламентын засаглалтай байх нь зөв үү, Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь дээр үү?
-Хууль ёсон дор амьдарья гэвэл парламентийн засаглал байх нь гарцаагүй. Ерөнхийлөгчийн институци “төрөө шатаах” тоглоомын гал өрдөгч нь байсан. Үүнийг болиулаасай гэж бодож байна. Энэ талаар дараа хоёулаа дэлгэрэнгүй ярилцъя.
Холбоотой мэдээ