"Бие нь жижигхэн ч бэлчээр нь том" гэгчээр цөмийн хог хаягдлаас дутахааргүй хуруу зайны аюул хор хөнөөл айл бүрийг заналхийлж буй нь өнөөдөр анхаарал татсан асуудлын нэг болжээ. Хуруу зайны аюул, эрсдлийн талаарх ойлголт монголчуудын дунд тун тааруухан. Гэвч бидний дунд дууссан зайг хогийн савандаа бусад хогнуудын хамт ил задгай хаядаг, зарим нь “амь” оруулах гэж хазаж, үсэндээ үрж, эсвэл гал руугаа шидэх амьдралын буруу хэв маяг тогтоод удчихсан.
Зай нь хазахад байтугай хашааны мухар, хогийн саванд хэвтэж байхдаа ч хүнд их хэмжээний хор хөнөөл учруулдаг эд болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Нэг ширхэг хуруу зай дөрвөн ам метр хөрс, 8000 литр ус бохирдуулдаг байна. Өөрөөр хэлбэл, нэг ширхэг аюулт хог хаягдал буюу зайг жирийн ахуйн хог хаягдлын ууттай хогонд хаяхад тэр ууттай хог тэр чигээрээ аюултай хог хаягдалд тооцогддог тул зайг зайлшгүй ялгаж хаях нь чухал аж.
Учир нь дахин цэнэглэгддэг, цэнэглэгддэггүй, нэг удаагийн, алкалин, аллиминум, товчон, гелэн, литин, ион гэх мэт маш олон төрлийн, янз бүрийн зориулалтаар бүтээгдсэн зай нь өөртөө кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хортой металл өөртөө агуулдгаараа байгальд төдийгүй хүний биед сөргөөр нөлөөлж удмын санг үгүй хийдгийг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм.
Засгийн газрын 2017 оны тогтоол шийдвэрээр аюултай хог хаягдлын жагсаалтад хуруу зай багтсан бөгөөд олон нийтэд зайны хор хөнөөлийг таниулах үүднээс Ерөнхий боловсролын сургуулиудад өнгөрсөн жилээс хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг байршуулсан бол энэ жил орон сууцны хорооллууд ийм хайрцагтай болж эхэлжээ. Үүнд иргэд талархаж буй ч цуглуулсан зайг хөрсөнд булж байж магадгүй гэх таамгийг дэвшүүлээд байгаа юм.
Манай улс жилд дунджаар зургаан сая хуруу зайг импортоор оруулж ирдэг. Гэвч дууссан хуруу зай тэжээлийг устгах үйлдвэр манай улсад хараахан байхгүй бөгөөд энэ төрлийн хог хаягдлын менежмент муу байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна.
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛАА АНГИЛАХ АСУУДАЛД ИРГЭДИЙН МЭДЛЭГ ХОМС
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны улсын ахлах байцаагч У.ӨЛЗИЙЦЭЦЭГ:
-Засгийн газрын 116 дугаар тогтоолоор Аюултай хог хаягдлын жагсаалтад 400 орчим хог хаягдлын эх үүсвэрт бүх төрлийн никель лити зай багтсан. Хуруу зай, литиг иргэд ахуйн хог хаягдлын цэгт хаяж байгаа нь удаан хугацаанд газрын хөрсөнд задарч, гүний ус бохирдуулдаг. Нэг ширхэг хуруу зай дөрвөн метр кв талбайг бохирдуулдаг гэж үздэг. Хуруу зай нь задрахгүйгээр буюу хайрцагт байхдаа, задраагүй үед аюулгүй. Ямар үед хортой вэ гэвэл, ус, борооны чийгээс болж зэврэх үед урвал болж задрах, хөрсөнд шингэх зэргээр аюултай хог хаягдал болдог. Иргэдийн ахуйн хог хаягдалтай цуг хаяж буй аюултай хог хаягдал бүхнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хянахад хүндрэлтэй байдаг. Зөвхөн манайх бус холбогдох байгууллагууд ч бас хяналт тавьж ажиллах ётой юм. Манай улсад аюултай хог хаягдлын тухай эрх зүйн орчин нь бүрдсэн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Учир нь аюултай хог хаягдлыг боловсруулах устгах үйлдвэргүй, хоёрдугаарт газрын асуудлы шийдээгүй байна.
Түүнээс гадна бид ахуйн хог хаягдлаа ангилдаг байх ёстой. Хэрэв буруу ангилсан бол иргэн хуулиар хариуцлага хүлээх, аюултай хог хаягдал устгах байгууламж ямар байх ёстой зэрэг энэ бүх зохицуулалтыг Хог хаягдлын тухай хуульд тусгаж эрх зүйн орчин бий болсон хэдий ч зориулалтын барилга байгууламжийг улсаас барих, газрын асуудлаас үүдэн эл хууль хангалттай хэрэгждэггүй. Иргэд хог хаягдлаа ангилан ялгах талаар мэдлэг мэдээлэлгүй банйа. Нэг айл хог хаягдлаа 4-5 ангилж хаях ёстой, үүнийг Хог хаягдлын тхухай хуульд тусгасан ч хэрэгжүүлж чадахгүй байна. Хэрэв аюултай хог хаягдлыг боловсруулдаг үйлдвэр нь байвал иргэдэд хариуцлага тооцож болох ч өнөөдрийн байдлаар иргэд хог хаягдлаа ангилан ялгах мэдлэл мэдээлэл хомс, аюултай хог хаягдлыг устгах байгууламж нь алга. Уг нь аюултай хог хаягдал хурааж боловсруулах тусгай төвлөрсөн газар байгуулах ёстой. Гэтэл манайхан боломжтой гэсэн газраа аж ахуйн нэгж байгууллга өөрийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладгаас болж тухай аж ахуй нэгж болон иргэдэд хүндрэл учирч байна. Хүрээлэн буй орчныг бохирдуулах хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
ХУРУУ ЗАЙГ АНГИЛЖ ЯЛГАХ ХАЙРЦАГТАЙ БАЙЛАА Ч ҮЙЛДВЭРГҮЙ БОЛ ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.АРИГУН:
-Аюултай хог хаягдлын тухай Хог хаягдлын тухай хуульд маш тодорхой заасан байдаг. Энэ аюултай хог хаягдалд бидний өдөр тутмын хэрэглээнээс гарч буй бүх төрлий зай багтана. Нийслэлийн хэмжээнд аюултай хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх үйлчилгээ эрхлэх, ахуйгаас гарч буй аюултай хог хаягдлыг цуглуулж тээвэрлэдэг аж ахуй нэгж байгууллага одоогоор алга. Хуульд ийм үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд БОАЖЯ-наас зөвшөөрөл авах ёстой. Ахуйн хэрэглээнээс гарч буй аюултай хог хаягдлыг судалж шийдвэрлэхийн тулд эдгээрийг нь хүлээн авдаг байгууллага байж, хор нөлөөг нь саармагжуулах, тусгай зориулалтаар хадгалах, боловсруулдаг байх үйлдвэр байх ёстой ч манай улсад ийм үйлдвэр байхгүй. Түүнчлэн аюултай хог хаягдлыг зориулалтын дагуу хадгалдаг байршил газрын асуудал тодорхойгүй байна. Байгаль орчинд нөлөөлөхгүй байдлаар зориулалтын дагуу хадгалж, хор нөлөөг нь саармагжуулдаг байгууламж барихын тулд газрын асуудлыг шийдвэрлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тодорхой ажлын хэсэг гарч ажиллаж байна. Цаашид газрын асуудал шийдэгдвэл гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтаар өндөр технологи бүхий үйлдвэрүүдийг барьж эхэлнэ. Ингэснээр иргэн аж ахуй нэгж байгууллага аюултай хог хаягдлаа ангилж ялгах, түүнийг нь хурааж авах нөхцөл боломж бүрдэх юм. Аюултай хог хаягдлыг цуглуулдаг аж ахуйн нэгж байж бид түүнийг цуглуулах, хор нөлөөг нь саармагжуулах, боловсруулах, устгах менежмент цогцоороо хэрэгжинэ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд аюултай хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх бололцоо бүрдээгүй байна. Ахуйн хог хаягдалтай хамт хаягдаж буй хуруу зайг өнөөдөр хаана хаягдаж буй тэр бүхнийг хянах боломжгүй. Өнөөдрийн байдлаар тэдгээр аюултай хог хаягдал нь ахуйн хог хаягдалтай цуг нэг цэгт хаягдаж байгаа юм. Иймд газрын асуудлыг шийдвэрлэснээр дээрх байгууламжийг барина. Одоогийн нөхцөлд хуруу зай ангилан ялгах хайрцгийг нь бэлдлээ ч түүнийг нь боловсруулах, хор нөлөөг нь саармагжуулах, устгах үйлдвэр нь байхгүй учраас энэ ажил тийм ч үр дүнтэй биш юм гэлээ.
Хэдийгээр аюултай хог хаягдлын ангилалд багтах дууссан зай тэжээлийг ангилж ялгах хайрцгийг бий болгосон ч өнөөдөр дахин боловсруулалтанд оруулах, хэрэв дахин боловсруулах боломжгүй бол зөв буюу байгаль орчинд хор хөнөөлгүйгээр хаяж, устгах зэрэг асуудал хөндөгдөж буйг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Ерөнхий боловсролын 152 сургуульд байршуулсан зай хураагуур цуглуулах хайрцгаас цугласан бүх зай тэжээлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зөвлөмжийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамд тусгай зөвшөөрлийн дагуу хадгалж байгаа бол энэ жилээс орон сууцанд байршуулж эхэлсэн зай хураагуур ангилж ялгах хайрцгийг Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбооноос санаачлаагүй бөгөөд тус байгууллагаас өнгөрсөн жил Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлсэн зай хураагуур ангилж ялгах хайрцгаас орон сууцны СӨХ болон дүүрэг хороод санаа авч хэрэгжүүлсэн байж болохыг тус холбооноос хэлж байсан юм.
Холбоотой мэдээ