PSY-ийн холбогдсон секс дуулиан ба хар тамхины хэрэг

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

PSY-ийн холбогдсон секс дуулиан ба хар тамхины хэрэг

PSY-ийн холбогдсон секс дуулиан ба хар тамхины хэрэг

Сөүлийн баячуудын хорооллынхноор дамжуулан хөрөнгөтнүүдийг элэглэсэн “Каннам стайл” дууны эзэн PSY буюу дуучин, хөгжмийн продюсер Пак Жэ Сан цагдаагийн газарт очиж байцаалт өгчээ. Сөүл хотын цагдаагийн газраас мэдээлснээр, түүнийг энэ сарын 16-ны өдөр YG Entertaiment-ийн эзэн Ян Хюн Суктэй холбоотой секс дуулиан, хар тамхины хэрэгт холбогдуулан ийнхүү байцаасан аж.

Энэ нь YG Entertaiment 2014 оны долдугаар сард Сөүлийн Каннам дүүрэгт Зүүн өмнөд Азиас ирсэн хоёр хөрөнгө оруулагчид “секс зугаа” санал болгосон гэх хэргийн мөрдөн байцаалтын нэг хэсэг байжээ. “Эсэргүү реппэр” PSY-ийг энэ хэрэгт гол үүрэг гүйцэтгэсэн хамтрагч хэмээн үзэж буй ч тэрбээр өөрийг нь буруутгасан үндэслэлүүдийг үгүйсгэсэн байна.

Өнгөрсөн сард PSY хоёр хөрөнгө оруулагчаа YG Entertainment-ийн захирал Ян Хюн Суктэй танилцуулсан бөгөөд тэдэнд хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг анхааруулжээ.

Өмнө нь цагдаа нар "Jung Madam" нэртэй, хууль бус үйлчилгээ зохион байгуулдаг зочид буудлын эзэгтэйг дуудан байцаасан байна. Гэвч тэрбээр өөрийг нь буруутгаж буйг мөн л хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ.

Хавтаст хэрэгтэй танилцсан, нэртэй мөрдөн байцаагчийн хэлснээр, дээрх дуулиантай холбогдуулан өнөөдрийг хүртэл 10 хүнийг байцаагаад байгаа аж. Тэднийг сэжигтнээр бус гэрчээр дуудан ирүүлжээ. Харин энэ хэрэгт холбогдуулан YG entertainment-ийн эзнийг дуудаж асуугаагүй байгаа талаар мэдээлсэн байна.

Энэ оны зургадугаар сарын 14-ний өдөр Өмнөд Солонгосын тэргүүлэгч дуу бичлэгийн компани YG Entertainment-ийн продюсер Ян Хюн Сук албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн талаар “AFP” агентлаг мэдээлсэн билээ. Сүүлийн үед YG Entertainment компанитай холбоотой хар тамхи, секс дуулиан тасрахгүй байгаа нь түүнийг ийнхүү албан тушаалаасаа татгалзахад хүргэжээ.

1990-ээд оны үед “Seo Tae Ji and Boys” хамтлагийн гишүүн байсан Ян Хюн Сук өөрийн үүсгэн байгуулсан компаниа K-pop урлагийн томоохон тоглогч болгож, “Big Bang”, “Black Pink” зэрэг хамтлагуудыг амжилттай зах зээлд гаргасан аж. Тэрбээр 2012 онд дэлхий дахинд хит болж, Өмнөд Солонгосын поп урлагийг шинэ түвшинд гаргасан PSY-ийн “Gangnam Style” бүтээлийн продюсер юм.

Эдүгээ 49 настай, амьдралынхаа 23 жилийг YG Entertainment компанидаа зориулсан Ян Хюн Сук өөрийг нь хар тамхины дуулианд холбон гүтгэж байгааг цаашид тэвчих аргагүй хэмээн огцорч буйгаа тайлбарлажээ.

Түүнийг Өмнөд Солонгосын “KBS” суваг удирдлагад нь байдаг уран бүтээлчид хар тамхи хэрэглэдэг байсныг нуун дарагдуулахыг оролдсон хэмээн мэдээлсэн байна. Мөн “BigBang” хамтлагийн гишүүн Сюнри хөрөнгө оруулагчдад биеэ үнэлэгчдийг зуучилдаг байсан нь илэрч, гуравдугаар сард K-pop урлагийн салбараас зодог тайлсан билээ.

YG-д харъяалагддаг “Ikon” хамтлагийн гишүүн Ким Хан Биний гурван жилийн өмнө хар тамхи худалдан авч байсан хэрэг илэрч, тэрбээр өнгөрсөн Лхагва гаригт хамтлагаа орхижээ.

YG Entertainment (Солонгос: YG 엔터테인먼트) нь 1996 онд байгуулагдсан, Өмнөд Солонгосын нэртэй агентлаг юм. "YG" гэдэг нь "Yang Goon" гэсэн үгийн товчлол, зарим үед гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Ян Хюн Сукийн овгийн товчлол ч гэх нь бий. YG Entertainment нь SM, JYP компаниудтай хамт Өмнөд Солонгосын топ гурван K-pop компанид тооцогддог.

САХИЛГАГҮЙ, ДЭГГҮЙ ССАИ-ИЙН ТУХАЙ

К-pop буюу Солонгосын поп хөгжмийн урсгал дэлхийн чаартад өндөр байр суурь эзэлдэг ч “Каннам стайл” дуу шиг хит болж байсан нь үгүй аж. Косметик мэс засалд ороогүй, Солонгосын цорын ганц царай муутай дуучин гэгддэг энэ эр зүгээр нэг дуучин биш. Саваагүй, сонин гаж уран бүтээлүүдээрээ үргэлж дуулиан шуугиан тарьдаг. Америкийн нэр хүндтэй их сургуулиудыг хаяж, цэргийн алба, хар тамхины хэргээр шүүхэд дуудагдаж байсан гээд сахилгагүй, дэггүйгээрээ цуутай нэгэн бол PSY.

Пак Жэ Сан 1977 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын томхон компанийн захирлын гэр бүлд төржээ. Дунд сургуулиа дүүргэн, АНУ-ын Бостоны их сургууль болон Беркли хөгжмийн сургуульд элсэн орсон ч төгсөөгүй аж. Багаасаа дуу хөгжимд дурлаж, хип хоп реп чиглэл сонирхон дуулж эхэлжээ.

2001 онд “Psy From The Psycho World” цомгоо гаргаж  олонд танигдсан байна. Гэвч энэхүү цомогт ёс суртахуунгүй дуунууд багтсан гэсэн шалтгаанаар хориглож, PSY-ийг олон нийтийн хэв журам зөрчсөн хэргээр шүүхэд дуудан торгожээ.

2002 онд хоёр дахь цомгоо гаргасан бөгөөд шүүхээс 19-өөс доош насныханд худалдаалахыг хориглосон нь тухайн үед олны дунд маргаан дэгдээсэн байна. Энэ бүх асуудал түүний имиж болон дуу, дууны үг, түүнийгээ хүмүүст хүргэж байгаа байдалтай нь холбоотой аж.

Түүний урлагийн нэрийн утга буюу PSY  англиар (psych) сэтгэл мэдрэлийн гэсэн утгатай бөгөөд солонгосоор ССАИ гэж дуудагддаг байна. Энэ нь ер нь жаахан гажигтай нөхөр гэсэн утгыг илэрхийлдэг аж.

PSY 2002 оны есдүгээр сард гурав дахь цомгоо гаргасан бөгөөд “Champion” дуу нь хит болжээ. Түүний харьяалагдаж байсан хөгжмийн компани санхүүгийн хүндрэлд орж YG entertaiment компанитай гэрээ байгуулсан нь түүнийг цаашид од болон гялалзахад нөлөөлсөн байна.

PSY 2011 оны арваннэгдүгээр сарын 15-нд мансууруулах каннабис бодис хэрэглэсэн хэрэгт холбогдож, таван сая воноор торгуулжээ. 2003-2005 оны арваннэгдүгээр сар хүртэл нэгэн компанид программ хангамжийн ажилд албан ёсны зөвшөөрөлтэйгээр томилогдон, цэргийн алба дүйцүүлэн хаасан байна.

2007 оны тавдугаар сард прокурор түүнийг цэргийн дүйцүүлэх албыг хуулийн дагуу хаагаагүй гэсэн мэдэгдэл хийн, Ссаи-ийн ажиллаж байсан компанийн захирал, менежерийг мөрдөн байцаажээ. Мөн Ссаи-ийг ч байцааж. Байцаалтын явцад тэрбээр програм хангамжийн чадваргүйгэдгээ хүлээн зөвшөөрсөн аж.

Цэргийн албанаас түүнд 1,8 жилийн хугацаагаатай жинхэнэ цэргийн алба хаах шийдвэр гаргасан боловч Ссаи энэхүү шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд ханджээ. Цэрэгт байх хугацаандаа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан боловч тус улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Ссаи 2012 оны долдугаар сарын 15-ны өдөр Солонгосын SBS телевизээс зохион байгуулдаг “Шилдэг дууны чарт” хөгжмийн нэвтрүүлэгт “Каннам стайл” дуугаараа тайзнаа эргэн иржээ. Түүнээс нэг сарын дараа Сөүл хотын Жамшил стадионд болсон PSY"s Summer Stand Soaked Show-гаар энэхүү дуугаа дуулж сонирхуулсан байна. Наймдугаар сарын 25-ны өдөр MBC телевизийн хөгжмийн нэвтрүүлгээр түүний концертыг дамжуулжээ. Энэ мөчөөс эхлэн Ссаи дэлхийн хэмжээний од болсон байна.

Эх сурвалж: THE KOREA TIMES, AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж