Яг нэг жилийн дараа сонгууль болно. Тиймээс хаа сайгүй уяа сойлгоо тааруулж, усалж, тодрох болсон улстөрчдийн попиулизм олширч байна. "Хэн их популизм хийнэ, тэр улстөрч болно" гэсэн ойлголт улстөрд бичигдээгүй хууль мэт болж. Сонгууль ойртох тусам төрийн түшээд саарал ордон, зөөлөн суудлаасаа холдож тойрогтоо очиж ард түмэндээ хайр зарлаж эхэлдэг нь гэм биш зан. Хэн их популизм хийнэ тэр нийгмийн анхаарлыг багагүй татдаг. Ардчиллын Л.Болд Ардын намын болтлоо "улаарч" байгаагийн шалтгаан ердөө энэ. Ж.Батзандан, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар бол засрашгүй популистууд. Ийм попуудыг сонговол эдийн засаг, улс орон ямар болохыг өнөөдөр яруу тодоор харуулж яваа хүмүүс. Уг нь, А.Сүхбат зүлэг ногоон дэвжээндээ барилдаж, С.Жавхлан тайзандаа дуулж байсан бол өөрт нь ч, улс оронд ч хэрэгтэй. Гэвч, тэднийг төрд гаргасан нь бид өөрсдөө. Тиймээс эхлээд бид сонгогчийн боловсролоо сайжруулах цаг болжээ.
Улс төрийн өнөөдрийн халуухан сэдвүүдийн нэг нь Сонгуулийн тухай хууль. УИХ-ын сонгуулийн өмнө эрх баригч нам сонгуулийг ямар тогтолцоогоор, яаж явуулахыг шийддэг. Энэ удаад Ардын нам "Монгол Улс-Нэг тойрог" гэх хувилбарыг дэвшүүлж байгаа ч олонх өөрсдөө төдийгүй өөр намынхан ч хүлээж авахгүй гэдэг нь тодорхой болсон. Сонгуулийн хуулиар хэнийг гаргах вэ гэж намууд "зураг зурдаг" ч үнэндээ хэнээр төрөө удирдуулах нь сонгогчдын боловсролоос шууд хамааралтай. Ёстой л дуунд гардагчлан, ямар хүнээр төр бариулахаа сонгогчид л шийддэг.
Сонгогчдын боловсрол гэдэг хувь хүний хэдэн хэл мэддэг, ямар боловсролтойгоос үл хамаарах сэдэв. Гадаад, дотоодын нэр хүндтэй сургууль төгссөн ч сонгогчийн боловсролгүй, мэдлэг, мэдээлэлгүй хүмүүс ч олон байдаг.
Сонгогчдын боловсрол гэдэг бол орхих сэдэв биш, харин эсрэгээрээ эх орноо хөгжүүлж, өөрсдийн амьдралаа дээшлүүлэх чухал сонголтыг сонгогчдын боловсролтой холбож ойлгохоос өөр аргагүй. Бидний хувьд сонгогчийн ямар боловсролтой ард түмэн бэ гэдгийг боов, бандаашны асуудалтай Г.Занданшатарын парламентаас харчихаж болно.
Монголчууд олон сонгуульд оролцсон. Түүнийхээ хирээр сонгогчдын боловсрол мэдлэг дээшлэх учиртай ч сонгогчдын улс төрд итгэл итгэл улам буурсаар байна. Нөгөөтэйгүүр сонгогчдын боловсролд хэн ч анхаарахгүй байсаар өнөөг хүрсэн. Намууд, улстөрчид нь хоосон үгээр сонгогчдын тархийг угаахаас биш боловсролыг нь дээшлүүлэх сонирхол тэдэнд огтхон ч байхгүй. Харин эсрэгээрээ сонгогчид нимгэн боловсролтой байх хэрээр улстөрчдөд ашигтай, бас тэдэнд амар. Нөгөө "Ард түмэн цагаан цаас, юу хүссэнээ бичиж болно" гэх үг бол гашуун ч гэсэн үнэн.
МАН 2016 оны сонгуулиар юу амласан бэ?
МАН: БИД ХАМТДАА
- Иргэдээ ядуурлаас аварч
- Эдийн засгаа хямралаас гаргаж
- Эх орноо өрнөөс салгаж
- Төрийн дампуурлыг засч
- Тэгш журамт, баян хүчирхэг МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА" хэмээгээд Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө гэж амлаж байв. Харин тэд өнөөдөр амлалтаа хэр биелүүлснийг сонгогчид дор бүрээ тунгаах биз ээ.
Амлалтаар сонголт хийдэг хандлагаа өөрчилж ухаалаг сонголт хийхэд одооноос бэлтгэе, бас суралцъя. Нэр дэвшигчийн намтар, сайхан, яриа, бэлэн амлалтад хууртахгүйн тулд миний, чиний амьдралд яг ямар өөрчлөлт авчрах вэ гэдгийг сонголтынхоо жанжин шугам болгож, хэн гоё ярьдгийг бус хэн юу хийхийг ялгах нь улс төрийн боловсрол. Үнэдээ поп улстөрчдийг ард түмэн өөрсдөө л бий болгосон. Гоё, сайхан ярьдгийг нь таалж, худал амлалтыг нь биелсэн мэтээр хүлээж авсаар поп улстөрчдийг олноор төрүүлж байна. Өөрөөр хэлбэл ард түмний хүсэл, сонирхол дээр тулгуурлаж, улстөрчид тоглолтоо хийдэг. "Ямар ард түмэн байна, тийм л төр байна" басхүү гэдэг үнэний ортой. Өнгөрсөн 20 гаруй жил яг л ийм байдлаар поп улстөрчдийг төрүүлэв. Одоо үүнийгээ зогсоож улстөрчдийн босгыг өндөрсгөе. Сонгогчдын улс төрийн боловсрол дээшлэх хэрээр чанартай улстөр, парламентыг бий болгоно.
Гаднын улсад иргэд нь төдийлөн улс төрөө сонирхдоггүй. Ард түмэн нь урдах ажлаа, улс төрчид нь хүлээсэн үүрэг, амласан амлалтынхаа төлөө чимээгүйхэн хөдөлмөрлөцгөөдөг. Манай улстөрчид шиг "Би үүнийг хийлээ, хийх гэж байна, хийсэн" гэж ярьдаггүй, хийсэн ажил, үр дүн нь сонгогчдын өмнө асуултгүйгээр харагддаг.Тэд сонгуулийн өдрөө л сонгогчдынхоо өмнө гарч ирнэ үү гэхээс биш манайхан шиг өдөр, шөнөгүй зүүдэнд орохоос наагуур улстөрждөггүй.
Манай улстөрчид тойргоо эргэх бүртээ хүүхэд, хөгшдийг материлаг эд зүйлсээр хуурч, ингэнэ, тэгэнэ гэж хоосон чамин ганган амлалтууд ярчихаад л ирдэг. Хэн нь ч сонгогчдынхоо улс төрийн боловсролд санаа зовнидоггүй. Өнөөдөр УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн төслийг тойрог бүртээ танилцуулж байгаа шигээ сонгогчдод улс төрийн боловсрол зааж яагаад болохгүй гэж. Мөн хаа холын манайд нийцэшгүй гаднын орнуудын улстөрийн туршлагыг ярьж тусгахаас илүүтэй хоёр хөршийнхөө улс төрийн бодлгоыг судалж, нийцэхээс нь өөрийн улстөрийн системдээ авч хэрэгжүүлэх нь манайд ашигтай.
Ирэх сонгуулиар улс төрчдөд нь попролгүй, сонгогчид нь худал амлалтад хуурталгүй улс төрийн сонголтоо хийцгээе.
Холбоотой мэдээ