Наро Банчэн гэгээнтэн: Би рок поп, хип хоп сонсох дуртай

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Наро Банчэн гэгээнтэн: Би рок поп, хип хоп сонсох дуртай

Наро Банчэн гэгээнтэн: Би рок поп, хип хоп сонсох дуртай

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчин Наробагийн XVI дүрийн хувилгаан бол Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн юм. Тэрбээр эдүгээ Энэтхэг улсын Дарамсала хотод Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын үүсгэн байгуулсан Буддын гүн ухааны сургуульд гурав дахь жилдээ суралцаж буй. Гэгээнтэн амралтаараа эх орондоо ирж, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулсан Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулганд оролцлоо. Уг чуулганы үеэр түүнтэй цөөн хором ярилцах боломж гарч, ярилцсан юм.


-Амар байна уу. Та сайхан зусч байна уу?

-Сайхан зусч байна. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

-Наро Банчэн гэгээнтэн та хэзээ эх орондоо ирэв. Номын цагаан буян арвин уу?

-Би эх орондоо ирээд нэг сар болж байна. Одоо хоёр долоо хоногийн дараа Энэтхэг рүү буцна. Энэтхэгт сайн багш нарын ачаар суралцаж байгаа.

-Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган Монгол Улсад амжилттай болж өндөрлөлөө. Уг чуулганы ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган амжилттай болж өндөрлөлөө. Миний хувьд анх удаа энэ чуулганд оролцож байна. Азийн олон орны төлөөлөгчид ирж чуулсан сайхан хурал боллоо. Энх тайвны бага хурал гэдэг утгаараа энэ чуулганы ач холбогдол маш их юм. Хэдийгээр ганцхан чуулган чуулаад дэлхий дахинд энх тайван, амар амгаланг тогтоох боломжгүй ч Азийн буддистуудын төлөөлөл нэг дор чуулж, дэлхий дахинаараа энх тайван, амар амгалан байхад буддын шашны нөлөө хэр байгааг тодорхойлж, цаашид энх тайван тогтвортой байдлыг хадгалахад буддистуудын оруулах хувь нэмрийн тухай ярилцлаа. Шашин шүтдэг ч бай, эс шүтдэг ч бай хамаагүй бүх хүн аз жаргал, амар амгаланг хүсдэг. Аз жаргалыг бие, сэтгэл хоёроор мэдэрдэг. Биеэр мэдрэх амгалан гэдэг маань таван мэдрэхүйгээр мэдэрч буй амгалан юм.

Шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжил биеэр мэдрэх зовлон зүдгүүрийг нимгэлж, тав тухыг нэмэгдүүлж байгаа ч хүний дотоод сэтгэлийг амар амгалантай байлгахад төдийлөн нөлөөлж чадахгүй байна. Хүн хэчнээн баян, элбэг дэлбэг байлаа ч дотоод сэтгэл нь амар амгалангүй бол аз жаргалтай амьдарч чадахгүй. Өөрөөр хэлбэл хэчнээн биеийн амар амгалан байсан ч дотоод сэтгэлийн хөгжлийг орхигдуулбал аз жаргалтай амьдрах ямар ч боломжгүй юм.

Дотоод сэтгэлийн хөгжил орхигдохоор хүний сэтгэлд би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн аминч үзэл хүчтэй болж ирдэг. Энэ аминч үзлийн уршгаар бидний бие биеэ гэх сайхан сэтгэл, бусдад хор хүргэхгүй байх ёс суртахуун доройтдог. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн аминч үзлийн уршгаар хувь хүн дээр ч тэр, гэр бүл дээр ч тэр, улс орон, цаашлаад дэлхий нийт, байгаль орчинд хүртэл асуудал бэрхшээлүүд үүсч байна. Орчин цагийн техник технологийн хөгжил яг л зэвсэг шиг болж. Энэ зэвсгээр хүн төрөлхтнийг алах уу, аврах уу гэдэг хүний өөрийнх нь дотоод сэтгэлээс хамаарна. Тиймээс дэлхий дахинд дотоод сэтгэлийн хөгжил маш их хэрэгтэй.

-Нийгмийн хөгжил хэлбэр тал руугаа хэт хөгжиж, хүмүүний дотоод сэтгэл рүү өнгийхгүй байна гэсэн үг үү?

-Тийм. Дотоод сэтгэлийн хөгжлийг орхигдуулсны үр дагавар нь би л болж байвал бусад нь хамаагүй гэх аминч үзэл. Энэ үзлийн уршгаар хүн бодит байдлыг байгаагаар нь харж чадахаа больдог. Учир нь бодит байдал дээр аливаа юмс үзэгдэл бусдаас харилцан хамааралтай оршдог. Бидний хүсдэг амар амгалан ч тэр бусдаас хамаарч бий болдог. Бусдаас хамаарч бий болдог амар амгалантай, аз жаргалтай амьдралыг аминч үзлээр бүтээх ямар ч боломжгүй.

Бид өнөөдөр дулаан хувцас, орон байр, хоол хүнс гэх мэт бусдын хийж бүтээсэн зүйлээр амьдарч байна. Бид өөрсдөө эхлээд бусдыг хайрлаж байж бусдаар хайрлуулна. Бусдад тусалж байж бусдаар туслуулна. Бусдын итгэлийг дааж байж бусдад хүндлэгдэнэ.

Хувь хүн өөрөө аз жаргалтай амьдрахыг хүсч л байгаа бол бусдыг бодох зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Нэг талаараа бусдыг бодох нь өөрийгөө бодож байгаа хамгийн ухаалаг хэлбэр. Тиймээс бидэнд бусдыг энэрч хайрласан сэтгэл хамгаас чухал. Ингэж чадваас бид бүхэн илүү амар амгалан, эв нэгдэлтэй сайн сайхан амьдарч чадна.

-Гэгээнтэн саяхан Говь-Алтай, Завхан аймагт очиж, сүсэгтэн олонд ном айлдаад ирсэн гэв үү?

-Тэгсэн. Саяхан Завхан, Говь-Алтай аймагт очиж, сүсэгтэн олонтойгоо уулзаад ирлээ. Сүсэгтэн олны “Насны абшиг тавьж өгөөч” гэсэн хүсэлтийн дагуу Цэнд-Аюуш бурхны насны абшиг тавилаа. Хэдийгээр насны абшиг гэж байгаа боловч ёс суртахуун, бурхны шашны сургааль номлолын утга учрыг шалтгааны үүднээс тайлбарласан. Мөн оюутан залуустаа хүний үнэт зүйл ба түүнийг хэрхэн олох талаар лекц уншсан.

-Завхан нутгаас тодорсон гэгээнтэн шүү дээ. Нутаг энэ жил зуншлага хэр байна вэ?

-Энэ жил нутагтаа очоод ирсэн сайхан байна. Зуншлага дажгүй сайхан болж, Отгонтэнгэр хайрханаа тахиад ирлээ.

-Анх Наро Банчэн хувилгааны хойд дүрээр тодрох болсон тухайгаа яриач. Бага наснаасаа онцгой шинж тэмдэг олныг үзүүлдэг байсан гэлцдэг?

-Бурхны шашинд үйлийн үр, дараа төрөл байна гэж үздэг. Дараа төрөл байгаагийн нотолгоо нь дээдэс багш нар, хутагт хувилгаадын дүрээр нотлогдож байна. Анх Далай багшийг тодруулахад хүртэл өмнөх дүрдээ хэрэглэж, эдэлж байсан юмыг таньж байсан олон тохиолдлууд бий. Ерөнхийдөө урьд насны дадал болсон авьяас байна гэж үздэг. Тэр авьяасаар нь хойд дүрийг нь таньж тодруулдаг гэсэн үг л дээ. Жишээлбэл, бурхны ном үзэж эхлэхээр хурдан сэргэх ч юм уу. Миний хувьд бага байхын бусдад тус болдоггүй юмаа гэхэд гай болохгүй гэсэн үзэл бодолтой, өөрийнхөө сэтгэлийг их ажигладаг хүүхэд байсан. Бүр нарийн юм бас ярих дэмий байх.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц багшийн ерөөлөөр эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Наро банчэн хувилгааны 16 дахь хойд дүрээр Завхан аймгийн Отгон сумын иргэн Баянмөнхийн Цэдэн-Иш намайг тодруулж, өргөмжлөн баталсан юм. Наро Банчэн хувилгаан өмнө нь Энэтхэг орноо таван удаа мэндэлж, цаст Төвдийн орноо дөрөв, Монгол газар зургаан удаа хувилан түмэн өлзий гийсэн түүхтэй. Анх Далай багш намайг тодруулахад КТМС-ийн Төрийн захиргааны менежментээр суралцаж байсан юм. Тэгээд Далай багш “Их сургуулиа төгсөөд ир” гэж айлдаад, эх орондоо мэргэжлээрээ бакалавр, магистр хамгаалж, одоо бурхны шашны чиглэлээр суралцаж байна.

-Сүүлд Далай багштай хэзээ уулзсан бэ. Бие лагшин нь тунгалаг уу?

-Өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд Дилав хутагттай хамтран Энэтхэгийн Дарамсала хотод гурван хоногийн сургалт зохион байгуулсан. Эхний хоёр өдөр нь бурхны шашны тайлбар номлол, бясалгалын талаар сургалт явуулж, сүүлчийн өдөр Далай багштай хэлэлцүүлэг хийж, асуулт хариулт явуулсан. Далай багшийн бие лагшин нь тунгалаг байгаа.

-Бидэнд гэр бүлээ танилцуулж болох уу?

-Ам бүл дөрвүүлээ. Би айлын ууган хүү. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Амралтаараа эх орондоо ирээд Улаанбаатарт ээж, аавтайгаа хамт байна. Манай өвөг дээдэст номтой хүмүүс байсан юм билээ.

-Наро Банчэн гэж юу гэсэн утгатай үг вэ?

-Наро Банчэн хувилгааны анхны дүр бол эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Нароба юм. Наро нь Наробагийн нийтэд алдаршсан нэр. Банчэн нь Их Бандида гэсэн утгатай үг. Нароба Наландрын хийдийн Их Бандида цолтой багш хүн байсан ч хожмоо буддын шашны нууц тарнийн номыг анхааран авч бясалгаснаар төгс гэгээрлийн хутгийг олсон гэж намтарт нь гардаг.

-Гэгээнтэн маань өнгөрсөн онд өөрийн институтийг байгуулсан. Энэ институтээрээ дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулдаг. Өөрийн санаачлан байгуулсан институтээ бидэнд танилцуулахгүй юу?

-Анх “Нароба” институтээ санаачлан 2015 оны намар шав тавьж, гурван жилийн хугацаанд барьж байгуулсан. Тэгээд 2018 оын зургадугаар сарын 25-ны өдөр буддын гүн ухааны талаарх цогц мэдлэг олгох сургалт, судалгааны төв, сүсэгтэн олны зорин ирэх ариусал, нигүүслийн газар болгон үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Энэ институтээ яагаад байгуулсан бэ гэхээр өнөөгийн нийгэмд дутагдаад байгаа ёс суртахуун, сайхан сэтгэл, нийгмийн ёс суртахууныг хөгжүүлэхэд чиглэн бурхны шашны сургааль номлолыг академик түвшинд сургахыг зорьсон.

Академик хоёр жилийн хугацаатай сургалтаас гадна сүсэгтэн олонд зориулсан анхан шатны сургалтыг амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй зохион байгуулдаг. Манай институтэд маань ихэвчлэн энгийн хүмүүс суралцаж төгсдөг. Мөн бидний зүгээс аль чадахаараа хүмүүнлэгийн ажил хийхийг зорьдог юм.

-Наро Банчэн гэгээнтэн сошиалд их идэвхтэй, олон дагагчтай шүү дээ. Фэйсбүүк пэйжээ өөрөө хөтөлдөг үү?

-Ерөнхийдөө өөрийн пэйждээ нийтлэх сургаалийг би бичиж өгдөг. Сошиал пэйжийг маань хөтөлдөг тусгай хүмүүс бий.

-Таны дагагчид дунд залуус цөөнгүй байгаа нь анзаарагддаг. Монголынхоо залууст хандан, сургааль айлдана уу?

-Монголын маань залуус боловсрол мэдлэгтэй болжээ. Энэ нь маш сайн. Гэвч үүний хажуугаар дан ганц сэтгэл рүү чиглэсэн сэтгэлийн боловсролд суралцах хэрэгтэй байна. Бид өнөөдөр сэтгэлгээний хувьд үнэт зүйлгүй болж, өвөг дээдэс, ахмад настанаа хүндэтгэх хүндлэл маань улам бүр доройтож байна. Тиймээс залуус маань хүмүүний дотоод сэтгэл рүү чиглэсэн сургааль номлолыг бас судалж, мэдэхэд хэрэгтэй.

-Гэгээнтэн залуу хүнийхээ хувьд ямар дуу, уран бүтээлчийн дууг сонсох дуртай вэ?

-Би бүхий л төрлийн дуу, хөгжим сонсдог. Рок поп, хип хоп гээд. Дуу сонсохдоо үгийн утга агуулгыг их чухалчилна. Ер нь орчин цагийн залуус юу сонсож, юу үзэж байна тэр бүхнийг л сонирхон сонсдог.

-Таны нэг өдрийг сонирхож болох уу?

-Энэтхэгийн Дарамсалад өглөө таван цагаас эхлэн оройн 21.00 цаг хүртэл хичээлтэй байдаг. Долоо хоногийн бүтэн сайн өдөр амардаг. Өглөө босоод л бурхан шүтээндээ бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэлийн талаар бясалгалыг хийдэг. Ер нь бясалгал хийхийн өмнө сайн суралцах хэрэгтэй. Буруу сэтгэлийг яаж дарах вэ, яаж зөв байх вэ гэдгийг бурхны шашны сургууль номонд эхлээд сайн суралцах нь зүйтэй.

Сурсан юмаа сайн бодож, үнэн үү, худлаа юу, хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдгийг дахин дахин бодож үзэх хэрэгтэй. Үнэхээр өөрт тустай байвал бясалгах хэрэгтэй. Эхлээд заавал үзэл онол дээр суурилсан бясалгал хийнэ.

Энэ хүрээд бидний яриа өндөрлөсөн юм. Даруухан инээмсэглэл нүүрэндээ тодруулсан залуу гэгээнтэн Наро банчэний номын цагаан буян арван зүгтээ тархаж, сайн үйлс бүхэн нь түгэн дэлгэрэх болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ЗөвЗөв
29
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж