Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатарт болж байна.
Өнөөдөр тус комиссын монголын хэсгийн дарга, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Болгар Улсын Эдийн засгийн сайд, комиссын болгарын талын дарга Эмил Караниколовыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд нар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар санал солилцов. Мөн сайд нар ЗГХК-ын 7 дугаар хуралдааныг нээж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийв.
ЗГХК-ын хуралдааны хүрээнд Монгол, Болгарын бизнес форумыг 6 дугаар сарын 26-нд МҮХАҮТ-д зохион байгуулахаар төлөвлөж байна. Болгарын талаас хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эмийн үйлдвэрлэлийн чиглэлийн 10 орчим бизнесийн төлөөлөл уг форумд оролцоно.
Эх сурвалж: ГХЯ