Экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй минжийг 2012 оноос эхлэн Туул голын урсцыг байгалийн аргаар сэргээх, тогтмолжуулах зорилгоор үржүүлэн нутагшуулах төслийг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор нийслэл хотоос хэрэгжүүлж байгаа билээ. Нийслэлийн Байгаль орчны газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Туул голын цутгал болох Тэрэлж голд 2 хос 4 минжийг байгальд тавилаа. Эдгээрийн 3 нь 3 настай, 1 нь 5 настай бөгөөд ОХУ, ХБНГУ-аас авчирсан минжний үр төлүүд юм.
Минж нь Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны төрөлд орох ба манай улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон. Минж нь Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм. Дэлхий дээр хойд Америкт тархсан Канад минж (Castor Canadensis), Евразийн минж (Castor fiber) гэсэн хоёр зүйлийн минж амьдардаг бөгөөд Евразийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь тохиолдоно.
Эх сурвалж: ULAANBAATAR.MN
Холбоотой мэдээ