Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжиж байгаа ажлын явцын талаар тус дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
8930 га газар нутагтай Чингэлтэй дүүрэгт 159 мянган хүн ам оршин суудгаас 80 хувь нь гэр хороололд, 20 хувь нь орон сууцанд амьдарч байна. 19 хороотой тус дүүрэгт Өрхийн эрүүл мэндийн 16 төв, хоёрдугаар шатлалын таван эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор 152, мэс заслын тасаг 25 ор, хүүхдийн тасаг 75 ортойгоор үйл ажиллагаа явуулж, нийт 719 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж байна. “Манай дүүрэгт сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 11.386 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт хамрагдах ёстой хүүхдүүдийн 75.5 хувь юм. Ерөнхий боловсролын сургуульд 25 544 хүүхэд суралцдаг. Манай дүүрэгт гурван ээлжээр хичээллэж байгаа 5, 23, 24 гэсэн сургуулиуд байна. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 он хүртэл таван цэцэрлэгийн өргөтгөл, дөрвөн цэцэрлэгийг буулгаж шинээр барих, хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад оруулах, хоёр хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаар төлөвлөгдсөн. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд 5, 23, 24, 50 дугаар сургуулийн өргөтгөл баригдсанаар дүүргийн бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдэнэ” хэмээн Ж.Эрдэнэбат дарга танилцуулгадаа тодотгосон юм.
Мөн Чингэлтэй дүүрэгт Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүнгийн талаар товч мэдээлэл хийж, цаашид зарим ажлуудыг урагшлуулахад газар чөлөөлөлт, дэд бүтэц гээд тулгамдаж буй зарим асуудлууд байгааг хотын Захирагчид уламжлав.
Танилцуулга, мэдээллийн дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Дүүргүүдийн Засаг дарга нарын ажлын уялдаа холбоо муу байна. Чингэлтэй дүүргээс суралцах юм их бий. Хэн нэгнийхээ хийж хэрэгжүүлж байгаа ажил, төлөвлөлт, бүтээн байгуулалтаас цаашид суралцаж, хамтарч ажиллахыг хүсье” хэмээсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ