Жолооч бэлтгэж чаддаггүй дамжаануудыг хаая

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

Жолооч бэлтгэж чаддаггүй дамжаануудыг хаая

Жолооч бэлтгэж чаддаггүй дамжаануудыг хаая

Автомашиныхаа дугуйг ч хийлж чадахгүй хэрнээ гүйцэж түрүүлж сагсуурах, таван бул нь тачигнаж байхад эвдэрснийг нь ч мэдэхгүй давхих жолооч олшров. Эгнээ байраа зөв эзлээд хөдөлгөөнд оролцож чадахгүй атлаа зүй ёсны шаардлага тавьсан нэгнээ элдвээр хэлнэ.

Зарим тохиолдолд жолооны дамжаанд суугаагүй юм биш байгаа гэж бодогдуулахаар нөхөд автомашин барьж явах нь бий. Нэг үеэ бодвол жолооч нарт хүлээлгэх хариуцлага нэмэгдэж, жолооны үнэмлэхийг хэн хүссэн нь авах боломжгүй болгож, арын хаалгыг хаасан гэдэг ч бодит байдал дээр цэгцрээгүй л байна.

Тээврийн цагдаагийн газрын мэдээгээр өнгөрсөн онд автомашины ослоос болж 500 гаруй хүн амиа алдсан бол 2000 гаруй хүн шүүхээс ял сонсчээ. Энх цагт жилд 567 иргэн зөвхөн авто машины ослоор амиа алдаж байгаа нь дэндүү харамсалтай мэдээлэл бөгөөд жолооч нарыг бэлтгэж чадаж байна уу гэх асуудлыг хөндөхөд хүргэж буй юм.

Улсын хэмжээнд одоогоор 339 жолооны дамжаа үйл ажиллагаа эрхэлдгээс 169 нь нийслэлд, 170 нь орон нутагт жолооч бэлтгэдэг байна. Жилд дунджаар 69 мянган хүн  жолооны дамжаанд суралцдаг бол энэ оны байдлаар 1.2 сая хүн жолоо барих эрхийн үнэмлэхтэй болох нь бүртгэлээр баталгаажжээ. Харин тэднээс замын хөдөлгөөний дүрмээ мэддэг нь хэд байгааг ялгаж тогтооход бэрх ч дийлэнх нь 45 хоногийн дамжаа дүүргэжээ.

Гэтэл социализмын үед жолоочийг нэг жилийн хугацаатай бэлтгэж, дараа нь зургаан сар дадлагажигчаар ажиллуулсны дараа шалгалт авч, тэнцвэл жолоо барих эрхийн үнэмлэх олгодог байсан аж. Хэдийгээр социализмын энэ тогтолцоо хэтэрхий их цаг авсан сургалт харагдаж болох ч хүний амь насыг чухлаар тавьж ирсэн нь харагдана.

Харин одоогийн сургалтын тогтолцоо дээд тал нь гурван сар сургаад л шалгалтыг нь “бингодож” бөглөөд, харанхуйгаар шахам жолооны үнэмлэх авч байна.

Суралцах хугацаандаа авто машинтай дадлага хийх нь цөөн. Нэрээ бичүүлээд төлбөрөө төлчихсөн байхад бусдыг нь болгоно гэсэн сэтгэхүйтэй. Гэтэл жолоо барина гэдэг дадал зуршил болгож, мэргэших ёстой нэг хэрэгцээт мэргэжил болчихоод байна.

Жолооны дамжаа эрхлэгчид нь ч суралцагчаа хичээлээ тасаллаа гэж чихнээс нь хонх уяхгүй. “Төлбөрөө төлчихсөн юм” гэж толгойг нь илэх янзтай. Уг нь дүрэм мэддэггүй, дадлагагүй, туршлагагүй жолоочоос болж, хүний амь эрсдэлд орж, өөрийгөө ч хөнөөж болзошгүй гэдгийг сургалтаараа ойлгуулдаг байсан бол өнөөдөр байдал арай өөр дүр төрхийг илтгэх биз.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд энэ оны эхний таван сарын байдлаар 5000 гаруй хүн авто осолд орж, эмчлүүлжээ. Цаана нь чилийсэн долоон сарын мэдээ дутуу байна. Наадмын дараа монголчууд дотооддоо аялж зугаалахаар гэр бүл, найз нөхөд, хамт олноороо авто машинаа унан холын аянд гардаг. Зуны улиралд авто машины осол бусад улирлаас ихэсдэг нь аялал зугаалгын оргил цагтай давхацдагтай холбоотой.

Гэхдээ сургалтын чанар нь сайн, ядаж л жолоо барина гэдэг өөрийн төдийгүй хайртай хүмүүсийнхээ амь насыг хариуцах чухал мэргэжил юм гэдгийг ойлгодог, ойлгуулж чаддаг байсан бол ядаж л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, амь насаа эрсдэлд оруулахгүй л болов уу.

Учир нь өнгөрсөн жил дүрмээ мэддэггүйгээс осол зөрчил гаргасан 25301 жолоочийн эрхийг хассанаас дийлэнх нь урсгал сөрсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон “зүйл ангитай” байгаа юм.

Ингэхэд энэ олон жолооны дамжаануудыг төгсөгчдийн хэдэн хувь нь зам тээврийн осол гаргаж байна вэ гэдгээр шалгуур тавьж, хамгийн сайн сургалттайг нь зарлаж, эрх олгодог байхаар зохицуулалт хийж болдоггүй юм уу. Төлбөрөө төлсөн нь жолооч болдог тогтолцоогоо өөрчлөхгүй бол осол аваар буурахгүй нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж