Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 17-20-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулсан. Энэ жилийн шалгалтад өнгөрсөн оны төгсөгчтэй нийлээд 18130 шалгуулагч бүртгүүлж, 92 хувийн ирцтэйгээр шалгалтаа өгчээ. Ингээд Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар тодрууллаа.
-Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг цөөн төгсөгч төгсч байгаа. Үүнтэй холбоотойгоор ЭЕШ-ын агуулгад өөрчлөлт орсон гэсэн. Хэр өөрчлөлт орсон бэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтад өнгөрсөн оны төгсөгчтэй нийлээд 18130 шалгуулагч бүртгүүлж, 92 хувийн ирцтэйгээр шалгалтаа өглөө. Энэ нь хүүхэд шалгалтаасаа хоцорсон гэсэн үг биш, шалгалт өгөхөөр бүртгүүлчихээд өгөхгүй болдог. Өнөөдрийн байдлаар шалгуулагчдад батламж хуудас тарааж байна. Бид Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг гаргаж, хариуг нь гарсан даруйд нь шалгуулагчийн нүдэн дээр харуулсан. Дараагаар нь хэмжээст оноо руу шилжүүлж, дүн оноог нь Боловсролын үнэлгээний төвийн вэб сайтад нээлттэй байршуулсан.
Энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог нь цөм хөтөлбөрөөр суралцсан анхны төгсөгчид төгсч байгаа. Тиймээс шалгалтын сэдэв, материалд өмнөх жилүүдээс өөр даалгаврууд орсон. Үүнтэй холбоотойгоор ЭЕШ уралдаант шалгалт учраас хүндрүүлсэн агуулгаар ирдэг. Тэгэхээр шалгуулагчид 100 онооны даалгавраас бүтэн оноо авах нь тун бага. Яагаад гэвэл маш хүнд даалгаврууд ирдэг.
Жишээлбэл, энэ жилийн математикийн хичээл дээр улсын хэмжээнд таван хүүхэд 100 оноо авсан байсан. Эдгээр таван хүүхэд бол үнэхээр мундаг байна. Яагаад гэвэл өмнөх жилүүдэд математикийн шалгалтад таван хүүхэд 100 оноо авч байгаагүй. Энэ 100 оноог улсын дундаж оноо хэд байхаас хамаарч, 800 оноо руу хөрвүүлэхээр олон хүүхэд улсын хэмжээнд 800 оноо авсан. Гэтэл хүмүүс “Энэ жил тавхан хүүхэд математикийн хичээл дээр 100 оноо авлаа. Хүүхдүүд хичээлээ мэдэхгүй байна” гэж шүүмжлэх юм. Зарим хүмүүс математикийн хичээлээр сургалтын чанарыг хэмжих гээд байдаг тал бий. Энэ жилийн ЭЕШ-д маш хүнд даалгаврууд ирж, хүүхдүүд шалгалтаа амжилттай өгсөн.
-Өөр бусад хичээлийн шалгалтын даалгавар хэрхэн өөрчлөгдөв?
-Бид урьдчилсан байдлаар сэдэв зохиогч нартайгаа уулзаж байна. Жишээлбэл, физикийн хичээл дээр гэхэд өмнөх жилүүдэд ирдэг байсан гурван том бүлэг энэ удаагийн шалгалтад ирээгүй. Оронд нь шинэ даалгаврууд орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор шалгуулагчдын бэлдсэн агуулгууд шалгалтад ирээгүй тохиолдлууд гарсан. Бидний хувьд заавал судлах агуулгаа барьж, шалгалтын сэдвээ боловсруулсан учраас агуулгын зөрүү гарч байна. Үүнийг шалгуулагчид болон багш нар ойлгож байгаа гэж найдаж байна.
-Шалгуулагчдын хувьд ямар хичээлийн шалгалтыг өндөр оноотой өгсөн бол?
-Өмнөх хичээлийн жилүүдтэй харьцуулахад энэ жил Монгол хэл бичгийн шалгалтын дундаж түвшин өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнийг Монгол хэл бичгийн шалгалтын босго оноотой холбон үзэж байгаа. Боловсролын үнэлгээний төвөөс нарийвчилсан дүн шинжилгээг наймдугаар сарын 20-нд боловсруулж гаргах юм. Өнөөдрийн байдлаар бид ямар нэгэн хичээлийн дүн оноог нэгтгэж, тайлан гаргаж амжаагүй байна. Цахим орчинд цацагдаад байгаа шиг аль нэг аймаг шалгалтын дүнгээрээ тэргүүлсэн гэсэн жагсаалтыг огт гаргаагүй. Хоёрдугаарт
ЭЕШ уралдаант шалгалт учраас шалгалтын үр дүнгээр сургалтын чанар болон сургалтын байгууллагыг үнэлэх нь өрөөсгөл юм. Харин ЭЕШ-ын нээлттэй дүнгээс хараад хэн нэгэн өөрийн дүгнэлтээ хийх байх. Бидний зүгээс ийм дүнгийн жагсаалт огт гаргадаггүй гэдгийг хэлье.
Жил бүр орос хэлний хичээлийн шалгалтын дүн өссөн үзүүлэлттэй буюу 70 хувьтай гардаг. Энэ шалгалтыг орос хэлтэй зорилтот бүлгийн хүүхдүүд өгдөг учраас өндөр хувьтай байдаг. Харин математикийн хичээлийн дундаж оноо тийм өндөр гардаггүй. Яагаад гэвэл математикийн хичээлийг сонгон судалсан, судлаагүй ихэнх хүүхдүүд энэ шалгалтыг өгдөг. Нийт шалгуулагчдын 80 орчим хувь нь математикийн хичээлийг сонгон ЭЕШ-ыг өгдөгтэй холбоотой юм. Зарим иргэд энэ дүнг хараад математикийн хичээлийн чанар муудсан гэж ташаа ойлгодог. Манай байгууллагаас наймдугаар сард багтан бүр нарийвчилсан байдлаар дүн шинжилгээ гаргадаг тусгай программ нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.
-Энэ жилийн ЭЕШ-ын хичээл тус бүрээр хэчнээн шалгуулагч шалгалт өгснийг танилцуулбал?
-Энэ жил хамгийн олон шалгуулагч буюу 13200 хүүхэд математикийн хичээлийн шалгалт өгчээ. Харин хамгийн бага буюу 601 шалгуулагч газар зүйн хичээлийг сонгон шалгалт өгсөн байна. Мөн англи хэлний шалгалтыг улсын хэмжээнд 11757 шалгуулагч, нийгмийн тухай мэдлэгийн шалгалтыг 11601 шалгуулагч, монгол хэлний шалгалтыг 7526, физикийн шалгалтыг 5593, биологи 3341, хими 3381, орос хэл 728, монгол улсын түүх 706 шалгуулагч өгчээ.
-Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн шалгуулагч шалгалт өгсөн бэ?
-Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 20 орчим шалгуулагч ЭЕШ өгсөн. Тодруулбал, гурван аймагт хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч шалгалт өгч, Улаанбаатар хотод хоёрдугаар сургууль дээр төвлөрүүлж, тусгай шалгалтыг зохион байгууллаа. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдын дүн оноог тусгайлан гаргаж амжаагүй байна. Сонсголын бэрхшээлтэй шалгуулагчдад сонсох дасгал хасагддаг бол харааны бэрхшээлтэй шалгуулагчдын шалгалтын хугацааг нь нэмж өгдөг.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой гомдол санал ирж байна уу?
-Энэ жилийн ЭЕШ-тай холбоотой өргөдөл санал гомдол бага байна. Манай байгууллагад хоцорсон тохиолдлоор албан ёсны өргөдөл ирүүлсэн тохиолдол байхгүй. Шалгалтын байран дээр хоцорч ирээд, буцсан ганц нэг тохиолдол байгаа. Манай байгууллагад ЭЕШ-ын дүнгээ шалгуулах хүсэлтэй 10 орчим өргөдөл ирсэн. Эхнээсээ өргөдлийн дагуу шалгаж үзэж, тулгахад дүн оноо зөрөхгүй байна. Мөн шууд засалтын машин найдвартай ажиллаж, дүн оноог амжилттай танилцууллаа. Өмнө нь шууд засалтын гурван машин ашиглаж байсан бол энэ жил 64 машин улсын хэмжээнд шууд засалт хийж ажиллалаа. Хариу зөрсөн тохиолдол огт гараагүй. Шалгалтын дөрвөн хоногт улсын хэмжээнд давхардсан тоогоор 4500 хүн ажилласан. Зохион байгуулалтад хамтран ажилласан бүх байгууллагадаа баярлаж, талархсанаа илэрхийлье.