Ираны эрх баригчид тус улсын Батлан хамгаалах яамны сансрын агентлагт гэрээлэгчээр ажиллаж байсан Жалал Хажизаварыг АНУ-ын Тагнуулын төв газарт мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутган цаазалжээ. Тус улсын төрийн мэдээллийн “IRIB” агентлагийн мэдээлснээр, Жалал Хажизавар нь есөн жилийн өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд гэрээс нь тагнуулын төхөөрөмж болон баримт бичгүүд олдсонтой холбогдуулан түүнийг цэргийн шүүх тагнуул хийсэн хэрэгт буруутгажээ.
Жалал Хажизаварыг Ираны нийслэл Техран хотоос холгүй орших Караж хотын Ражайшахр шоронд хэд хоногийн өмнө цаазалсан гэснээс өөр тодорхой мэдээлэл гараагүй байна. Тэрбээр АНУ-ын Тагнуулын төв газарт мэдээлэл дамжуулж, үүнийхээ хариуд мөнгө авдаг байснаа хүлээн зөвшөөрсөн гэж "IRIB" мэдээллийн агентлаг мэдээлснийг ВВС агентлаг уламжилжээ. Улмаар түүний салсан эхнэрт тагнуул хийсэн хэргээр 15 жилийн хорих ял оноосон байна.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Ираны албаны хүмүүс, АНУ-ын Тагнуулын төв газрын тагнуулын сүлжээг тасалж, хэд хэдэн тагнуулыг баривчилсан гэж мэдэгдсэн боловч тус баривчилгаа нь Жалал Хажизаварын хэрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа аж.
АНУ Ираныг Ормузын хоолойд үйл ажиллагаа явуулдаг нефть тээвэрлэгч хөлөг онгоц руу халдсан хэрэгт буруутгасантай холбоотойгоор хоёр улсын хоорондын хурцадмал байдал даамжирсан билээ. АНУ-ын цэргийн дроныг Иран пуужингаар устгасан хэрэг Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт гарсантай холбогдуулан Техран мэдэгдэл хийж, "АНУ-ын цэргийн дрон Ираны агаарын орон зайд нэвтэрсэн" гэсэн бол АНУ "Манай цэргийн дрон олон улсын агаарын орон зайд нислэг хийж байсан" гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай дайн хийхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн ч зөрчилдөөн хурцадвал Ираныг "үнсэн товрог" болгохоо анхааруулсан билээ.
Эх сурвалж: GUARDIAN, ВВС
Холбоотой мэдээ