МАН-ын дотоодод ялангуяа Намын залуучуудын байгууллагын хүрээнд болоод байгаа цаг үеийн нөхцөл байдлын талаар МАН-ын Шинэчлэлийн Хорооны дарга Б.Ганхуягтай ярилцлаа.
-МАН-д юу болоод байнаа.Залуучууд нь яагаад хоорондоо толхилцоод, ёстой л намаа харлуулж өгч байна даа.
-НАМЗХ бол 60.000 гишүүнтэй залуучуудын Үндэсний хэмжээний, улс орны өнцөг булан бүрт салбар, зөвлөлтэй байгууллага. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа үйл явцыг хараад үнэндээ ичиж байна шүү.Хөндлөнгийн хүмүүст юугаа булаацалдаад байгаа нөхдүүд юм бол, гэсэн асуулт давамгайлж байна, намын гишүүдийн хувьд арай ч дээ, энэ үйлдлүүд нь намыг шархдуулж дууслаа гэж харамсаж, бухимдаж байна.Ер нь НАМЗХ-доо ч биш энэ байдал даамжирвал намд, цаашилбал шууд 2016, 2017 оны шат шатны сонгуульд сөргөөр нөлөөлөх нь л дээ.Энэ асуудлыг яагаад намын удирдлагын зүгээс зүгээр хараад, юу ч хийхгүй суугаад байгааг ёстой ойлгохгүй байна.Цаашилбал намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өөрөө НАМЗХ-ын угшилтай, асуудал үүсгээд байгаа хүмүүстэй найз, заримтай нь ах, дүүгийн салж, хагацахгүй шахуу холбоотой юм байж, хараад суугаа нь үнэн харамсалтай.Ханцуйндаа хутга нуучихаад, хооронд нь зодолдуулаад, нэг талд нь барьцаалагдан үйлчилж байгаа үзэгдэл.Ийм асуудлыг зохицуулчих хэмжээний хүн мөн л байлгүй дээ, гэхдээ өөр зүйл үйлчилж байгаа нь хэнд ч тодорхой харагдаж байна шүү дээ.Нэг талыг биш, нийтлэг эрх ашгийг бодох цаг ирсэн.Одоо маскаа хуулаад ил гарч, асуудлыг зохицуулах шаардлагатай болсон.Зарчмын хувьд НАМЗХ-ны асуудал найз нөхдийн, бүлэглэлийн асуудлаас халиад одоо намын эрх ашигт нөлөөлж, нэр хүндийг шавартай хутгаж эхэллээ.Бас л дуугарахгүй л байна.
НАМЗХ-г МАН-ын залгамж халааг бэлтгэдэг гэж хэллээ.Тэгэхээр энэ байгууллагын дарга болсноор улс төрийн ирээдүйн асуудал нь шийддэгддэг гэж ойлгож болох уу?
Үгүй дээ. Энэ байгууллага залуучуудыг бэлтгэдэг, тэдний дэмжлэгийг авч, намруу хандах залуусын урсгалыг нэмэгдүүлэх үүрэгтэй байгууллага гэж ойлгодог.Гэтэл одоо эрх мэдэл, хөрөнгө, мөнгөөр далайлгасан, албан тушаалын төлөөх зорилгодоо хүрэх хэрэгсэл болгохоор тэмүүлж байгаа хэсэг нөхдүүдийн тоглоом болчихлоо. Нэг хэсэг нь НАМЗХ-г хүчирхэг болгох, улс төрийн тэр дундаа нам дотор хүчтэй нөлөөтэй байгууллага болгохоор зүтгэж байгаа бол нөгөө тал нь байгаа эрх мэдлээ хамгаалах, тэсч үлдэх гэсэн 2 хэсэг болон хуваагдсан нь тодорхой байна. Хэрэв намын дэргэдэх байгууллага одоо дарга болох гэж зүтгээд байгаа эрхэм гишүүдийн хүслээр 40 нас болоод, тэд удирдлагыг авбал МАН-д залуучууд итгэхгүй, найдаж ирэхгүй. Харин ч зугтах шалтгаан болно. Бодоод үзэлдээ 44 настайхүн, 18 настай хүн 2-ийн хооронд асар хол ялгаа гарна. Нам чинь улс төрийн байгууллага, эцэг, хүүгийн хэмжээний хол нас, хэзээ ч нэг тогоонд улс төр хийж чадахгүй, 18 настангууд нь хөгжиж, дээшилнэ гэж санах ч хэрэггүй, тэд бас л 40 хүртлээ суботник хийнэ. Дараа нь дахиад өөрийнхөө араас ирэх 18 настнуудаа эргээд дарах, дарамтлах ажилдаа орно. Энэ бол хүний төрөлхийн зан чанар, биологийн хэн ч өөрчилж чадахгүй хууль.
-Ер нь НАМЗХ-ны асуудлыг намын удирдлага заавал оролцож шийдвэрлэх ёстой хэмжээнд хүрсэн үү.Яагаад Ерөнхий нарийн бичгийн даргатай холбож хараад байгаа юм бэ?
-Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хийх ажил мөн.Учир нь НАМЗХ бол намын дүрмийн байгууллага, намд хэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэдэг дайчин, туслагч, залгамж халааг бэлтгэх үүрэгтэй гэсэн үг.Намын Ерөнхий болон асуудал хариуцсан нарийн бичгийн даргын ажил.одоо намынхаа дотоод асуудалд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон.НАМЗХ-ын асуудал үнэндээ хэрээс хэтэрлээ, шууд намын асуудал болоод явчихлаа.Энэ 1 дэх өдөр УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр МҮОНТ-ээр ярилцлагад орсон.Тэр “2012 оны сонгуульд манай нам авилгын асуудлаас болж ялагдсан” гэх мэдэгдлийг хийгээд байхад яагаад намын удирдлага юу ч дуугарахгүй байна.Номтойбаяр хэн хэнд авилга өгсөн бэ?Номтойбаяраас хэн авилга авсан бэ?яагаад 2012 онд ялагдсан бэ?Номтойбаяр ч гэсэн энэ талаараа тодорхой зүйл ярих ёстой.Одоо бөөрөнхийлөх хэрэггүй.Зөвхөн хар амиа бодож, залуусын орон зайг бөглөж, шинэ залуусаар нөхөгддөг байгууллагын цусан хангамжыг боохоор санаархаж байгаа нь утгагүй.Үгүй бол хууль, шүүхийн байгууллага ярьсан зүйлийнх нь төлөө асууж, шалгах эрх үүсэж байгаа биз.Номтойбаярын үгний ард маш том асуудал нуугдаж байгаа, үүнийг шийдэхгүйгээр, тодорхой болгохгүйгээр бид дараа дараагийн сонгуульд ялах тухай ярих нь хүнд болно доо.Асуудал цаашид энэ байдлаараа үргэлжилбэл Намын Бага хурлыг хуралдуулж, үүссэн нөхцөл байдлыг ярилцах шаардлага үүснэ.Ер нь ч энэ талруугаа явчихлаа.
-Тэгэхээр энэ асуудлыг МАН-ын Бага хурлаар хэлэлцэж, шийдвэрлэдэг гэсэн үг үү.
Тэр хэмжээнд хүртлээ хүндрэхгүй байлгүй дээ.Асуудал бүү даамжраасай гэдэг утгаар нь хэлсэн.Хэрэв тэр хэмжээнд хүрвэл энэ асуудлыг зохицуулаагүй, зохицуулах бүрэн боломжтой, энэ үүргийг хүлээсэн, ажлаа хийж, галаа манаж чадаагүй Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын асуудлыг хөндөх нь намын нийтлэг эрх ашигт нийцнэ.
-Энэ байдлаас гарах гарц нь юу вэ?
-НАМЗХ Их хурлаа хэл амгүй, эв нэгдэлтэй хийж, ирж яваа залуучууддаа байр сууриа хүлээлгэн өгч, Монголын залуучуудын дэмжлэгийг авах ажлаа яаралтай эхлүүлж, хэт улс төржсөн, олигархжсан байдлаасаа ангижрах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь гол гарц юм болов уу.
За баярлалаа.
Б.БАТ