НМХГ: Нөхөн сэргээлт хийгээгүй ААН-үүдийн зөвшөөрлийг цуцална

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

НМХГ: Нөхөн сэргээлт хийгээгүй ААН-үүдийн зөвшөөрлийг цуцална

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсаны улмаас гарсан зөрчлийн талаар өнөөдөр /2019.06.24/ мэдээлэл хийлээ.


НМХГ-ын хөдөлмөр нийгмийн хамгаалал тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс “ Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөнөөс 2017 онд таван хүн, 2018 онд 13 хүн нас барсан.  2019 он гарсаар барилгын салбарт  дөрвөн  осол гарч дөрвөн хүн гэмтсэн. Осол гарсан компаниудыг зөрчлөө арилгатал үйл ажиллагааг нь түр зогсоосон байгаа.  Энэ онд  144 зөрчил илрүүлж, 30 орчим сая төгрөгийн торгуулийг ногдуулсан байна. Төлөвлөгөөт болон  төлөвлөгөөт бус  шалгалтаар  аж ахуйн нэгжүүд ажлын байранд учирч  болох эрсдэлийн үнэлгээг хийлгэхгүй нийтлэг зөрчил илэрч байна. Мөн  аж ахуй нэгж байгууллагууд нийт зардлыг 1.5 доошгүй хувийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой ч харам байна. 

ЭНЭ УЛИРЛЫН НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ГУРВАН ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Мах Импекс”-ийн замын хажуугийн барилга дээрээс туслах ажилчин Ж нь тогтоосон журам зөрчсөний улмаас унаж гэмтжээ. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 1-ны өдөр “Сод монгол” групп ХХК-ын өргөтгөлийн барилга дээр инженерийн хяналт шалгалт сулаас барилгын туслах ажилчин Б-ийн хөл дээр төмөр унасан байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 6-ны өдөр “Голомт”  Констракшны барилга дээр барилгын туслах ажилчин Б хөрөө рамд гарын хуруугаа зүсч, гэмтээсэн хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

НМХГ-т өнөөдрийн байдлаар 85 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгаагаас нөхөн сэргээлтийн ажил хийгдэхгүй байгаа 54 газрын тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Ашигт малтмалын ерөнхий газар хүргүүлжээ. Улмаар үлдсэн 31 аж ахуйн нэгжээс 15 нь ажиллаж байгаа бөгөөд үүнээс зургаан аж ахуйн нэгж нь нөхөн сэргээлтээ хийхгүй   байгаа гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

НӨХӨН СЭРГЭЭЛТЭЭ ХИЙХГҮЙ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Хуулийн дагуу нөхөн сэргээлтээ хийхгүй байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг нь зогсоох цаашид тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг холбогдох газарт нь хүргүүлсэн. Дээр дурдсан зургаан аж ахуйн нэгжээс гурав нь нөхөн сэргээлтээ хийж байна. Өмнө нь цуцлуулсан 54 аж ахуйн нэгжээс шүүх дээр маргаантай 44 газар бий.

 Үүнээс өмнөх хотын удирдлагууд 21  дээр нь эвлэрлийн гэрээ байгуулсан байна лээ. Гэтэл  эвлэрлийн гэрээ байгуулаад үйл ажиллагаа  явуулж байгаа аж ахуйн нэгжүүд мөн  нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхгүй байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд Нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн байгаль орчны газар, НМХГ хамтраад Хан-Уул дүүрэг, Баянзүрх, Налайх, Сонгино-Хайрхан, Сүхбаатар  дүүргийн аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг хамтарч хийхээр болсон. Шалгалтын хүрээнд нөхөн сэргээлт хийгээгүй олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах арга хэмжээ авна. НМХГ-аас байнга аж ахуй нэгжүүдэд сануулж шаардлага тавьсаар ирсэн. Гэтэл тавьсан шаардлага биелүүлэхгүй байна.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох хүмүүстэй өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ажилласан. Өндөр хүчдэлийн   шугамын дор айл өрх, аж ахуй нэгжүүд байшин барилга барьж байгаа нь цахилгаан  тасрахад хүргэж байна. Учир нь өндөр хүчдэлийг дамжуулж байгаа  шугамын дор айл өрх байгаад байхаар 2.5 метрээс ойртохоор автоматаар паскаль нь  буугаад тогоо дамжуулахаа больдог юм байна. Энэ  тохиолдол ялангуяа Багануур дүүрэгт  их гарч байна. Тиймээс барилга байшинг буулгах хүртэл арга хэмжээ авна. Үйл ажиллагаа явуулж болохгүй гэж жил бүр мэдэгдсээр байтал айлд өрхийг албадан буулгана гэдгийг энэ  үеэр мэдэгдэж байна” гэлээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж