“Монгол шал өөр болжээ”

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

“Монгол шал өөр болжээ”

2017 он гэхэд Монгол Улс жилд нэг сая жуулчин хүлээж авдаг болно гэсэн зорилтыг тавьжээ. Гэхдээ энэ удаад яг хичнээн жуулчин Монголд ирэх бол… Энэ салбараас олох ашиг хэр байж, гаргасан  төлөвлөгөө биелэлээ олох болов уу? Энэ төсөөлөлд хүрэхэд биднээс юу хамаарч, шалтгаалж байна вэ?

Ямартай ч аялал жуулчлалын улирал эхэлж, гадны жуулчид ч Монголыг зорин ирсээр байна. Тэд Монголын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа бол. Тэднийг татаад буй бидний нууц юу вэ? Монгол аялахад хэр таатай орон бэ? Мөн аялал жуулчлалын үйлчилгээг хэрхэн үнэлж байгаа талаар жуулчдын сэтгэгдлийг хамтдаа сонирхоё.

 

ОХУ-ЫН АНГАРСК ХОТЫН ИРГЭН ЛАРИСА:

Монгол Улсад ирээд хамгийн түрүүнд "Цонжинболдог" гэдэг газар очсон. Мөн "13-р зуун"-д очиж үзсэн. Монгол бол үнэхээр гайхалтай түүх соёлоор баялаг орон байна. Үнэхээр их таалагдлаа. Монгол орон их хөгжиж байна. Хөгжлийг нүдээрээ харсандаа сэтгэл өндөр байна. Монгол бол аялахад үнэхээр урамтай, түүх соёл нь биширмээр юм аа. Дөнгөж Улаанбаатар хотоос гараад л уудам тал нутаг, нүүдэлчдийн амьдралыг нь харахад гайхамшигтай байлаа. "13-р зуун" жуулчны баазад очиход эрт үед монголчууд яаж амьдарч байсан, ямар хувцас, эд хэрэглэл хэрэглэж байв гэдгийг бодитоор харсан. Хувцасыг нь өмсч үзсэн үнэхээр сонирхолтой юм .

 

ФРАНЦ УЛСЫН ИРГЭН ОЛИВИЕР ЭСКАРГҮЭЛ:

Би одоогоос 16-н жилийн өмнө Монгол оронд ирж байсан. Тэр үед коммунист нийгэмтэй улс байсан. Одоо бол шал өөр хөгжилтэй улс болжээ. Би Монголд ирсэн үед илүү их эрх чөлөөг мэдэрдэг. Дахиад би Монголд ирмээр байна. Дөнгөж сая би Монголын төв Ганданд мөргөчихөөд гарч ирлээ. Надад үнэхээр аз жаргалыг мэдрүүлж байна. Монголчууд үнэхээр сүсэг бишрэлтэй  юм. Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад илүү гайхалтай, таатай байна. 16-н жилийн өмнөхтэй харьцуулахад жуулчлалын үйлчилгээ нь ч сайжирчээ.

 

АВСТРАЛИ УЛСЫН КАНБЕРРА ХОТЫН ИРГЭН КАТАРИНА КООПМЭН:

Би Монголд ирээд нэг хонож байна. Монголд ирмэгцээ миний бодол 360 градус өөрчлөгдсөн. Би Монгол Улсыг арай өөрөөр төсөөлж байжээ. Их хурдацтай хөгжиж байгаа юм байна. Улаанбаатар хотын гудамжаар явж байгаа хүн бүрийг харахад тайван амар амгалан, жаргалтай харагдсан. Зургаан сарын өмнөөс би Монгол руу аялна гэдэг төлөвлөгөөгөө гаргаж байлаа. Өнөөдөр ингээд Монгол оронд ирээд байгалийн сайхныг биширээд аялсан нь тааламжтай байна. Монголын буудлын үйлчилгээ бусад хоолны газрын үйлчилгээ гээд үнэхээр эелдэг, шуурхай сайн юм.

 

ЯПОН УЛСЫН ИРГЭН УЗАЯАМА КЭНЖИ:

Монголчууд үнэхээр эелдэг, тайван хүмүүс юм. Би Монголын уудам тал нутгийг л үзэх гэж ирсэн. Иймээс бидний аялал ч гайхалтай байна. Бид Тэрэлжид амарсан. Өргөн уудам тал нутагтай гоё газар байсан. Үйлчилгээ нь ч гайхалтай. Ер нь монголчууд аливаад чин сэтгэлээсээ ханддаг юм байна.

 

ЯПОН УЛСЫН ИРГЭН УЗАЯАМА ЖИСҮИ:

Монголын хаана нь  ч очсон бүгд л сэтгэлээрээ ханддаг юм байна. Энэ нь бидэнд их таатай байлаа, аялаад л баймаар… Бусад орны үйлчилгээний байгууллагууд нь их хүлээгддэг. Карт авах ч юм уу олон асуудал тулгардаг. Гэтэл энд жуулчдыг ямар нэгэн аргаар хүлээлгэнэ гэсэн ойлголт байхгүй юм аа. Тиймээс аялахад үнэхээр сайхан байна. Миний хувьд Монголын буддын шашинг их сонирходог. Ингээд Ганданд нь ирээд үзэхэд гайхалтай байлаа. Учир нь 80-аад жилийн өмнө хэлмэгдүүлэлт болж одоогийн энэ шашны байгууллагуудыг бүгдийг нь нурааж байсан гэж сонссон. Гэвч өнөөдөр бүгд эргээд сэргэн манджээ.

 

ОХУ-ЫН АНГАРСК ХОТЫН ИРГЭН АРИША:

Би Монгол Улсад анх удаа ирлээ. Өргөн уудам тал нутаг, түүх соёл нь өрнүүн дэлгэр, сайхан юм. Мөн цаг агаар нь тогтуун сайхан байлаа. Эрх чөлөө мэдрэгдэж байна. Аялахад үнэхээр таатай орон юм.

 

АВСТРАЛИ УЛСЫН КАНБЕРРА ХОТЫН ИРГЭН МАТТЭВ КИНГ:

Би Бээжингээс галт тэргээр дамжин Монголд ирсэн. Ирэхдээ Монголын уудам тал, малчдын амьдралыг харсан. Гэхдээ миний төсөөлж байснаас шал өөр амьдрал, өөр  дүр зураг байсан. Уужим амьсгаа аваад нэг л тайван амгалан баймаар. Монголын говь нутаг гоё юм. Харин Улаанбаатарт орж ирэхэд илүү орчин үеийн хот шиг санагдсан. Өндөр, өндөр шилэн барилгуудтай. Энд бол явган аялаад л баймаар. Бүх зүйл нь ойрхон юм. Таксинд суух шаардлагагүй юм байна. Гэхдээ би нэг удаа таксинд суусан. Үйлчилгээ нь сайн юм билээ. Зочид буудлынх нь үйлчилгээ ч гайхалтай. Би Монголд аялаж байгаадаа сэтгэл өндөр байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж