Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол гардаг. Тодруулбал, энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд нийслэл болон орон нутагт нийт найман иргэн усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Осолдсон иргэдийн нэг нь бага насны хүүхэд байсан бол үлдсэн нь 19-54 насны иргэд байсан аж.
ТУХАЙЛБАЛ:
-Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багийн Хонгорын-Ар гэдэг газар тус сумын харьяат иргэн Г-гийн охин гурван настай Х нь Орхон голын эрэг дээр тоглож байгаад живсэн тухай дуудлага энэ сарын 20-ны өдрийн 15.20 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн 35 хүн Орхон голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар энэ сарын 21-ны өдрийн 17:50 цагт осолдсон газраас зүүн зүгт 20 км, тус багийн Дулааны-Өвөр гэдэг газрын уснаас охины цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
-Энэ сарын 21-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Дундгүүр багийн Өргөн намаг гэдэг газар “Сант баян бэрх” ХХК-ийн 10 ажилтан, зугаалж байснаас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 41 настай эрэгтэй Х Зэлтэр голын усанд живсэн тухай дуудлага тус аймгийн онцгойд иржээ. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын таван аврагч Зэлтэр голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:45 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
-Завхан аймгийн Сантмаргац сумын Холбоо багийн Мэргэн шанаа гэдэг газар Холбоо нуурын усанд тус сумын харьяат иргэн 23 настай эрэгтэй Б нь энэ сарын 21-ны өдрийн 14:30 цагт живсэн тухай тухай дуудлагыг мөн өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Улмаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж энэ сарын 22-ны өдрийн 07:45 цагт цогцсыг гурван метрийн гүнээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөв.
-Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Туул голд голын усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлага энэ сарын 22-ны өдрийн 10:40 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн таван аврагч 1 автомашинтай 15 км замыг туулан 10:55 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргасан юм байна.
-Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул голд голын усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 12:31 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн таван 35 км замыг туулан 13:02 цагт очиж, 54 настай эрэгтэй Г-ийн цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлсэн ажээ.
-Энэ сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр баг, Хүннү тур амралтын газрын зүүн талд Туул голын усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлагыг тухайн өдрийн 17:30 цагт хүлээн авч нийт 10 аврагч 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн 28 настай эрэгтэй А –гийн цогцсыг гаргажээ.
-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Загас үржүүлэг”-ийн газарт тогтоол усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлага энэ сарын 23-ны өдрийн 04:44 цагт хүлээн авч Нийслэлийн таван аврагч нэг автомашинтай 28 км замыг туулан 05:15 цагт очиж, 25 настай эрэгтэй М-ийн цогцсыг гаргасан байна.
-Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, Сонсголонгийн гүүрийн баруун тал, Туул голд хүн живж байна гэсэн дуудлагыг энэ сарын 23-ны өдрийн 10:50 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн зургаан аврагч 1 автомашинтай 9 км замыг туулан 11:05 цагт очиж, Дорнод аймгийн харьяат 19 настай эрэгтэй Б-ийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн юм байна.
Тиймээс иргэд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, еер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх, гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Холбоотой мэдээ