– Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд Тавантолгойн цахилгаан станцын төслийн явцын талаар бидэнд танилцуулаач.
– Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой төсөл болон өмнөд бүсийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээс хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэгжийг байгуулах шийдвэрийг 2013 онд гаргасан. Өнгөрсөн хугацаанд төслийн нэгж нь уг цахилгаан станцыг барихад шаардагдах ТЭЗҮ, судалгааны ажлууд, холбогдох тусгай зөвшөөрлүүд, гэрчилгээнүүд болон гэрээний төслүүд зэрэг шаардагдах баримт бичгийг боловсруулан бэлэн болгосон.
Улмаар Монгол Улсын Засгийн Газар, Таван толгой цахилгаан станц ХХК болон М-Си-Эс Пауэр ХХК нарын хооронд Таван толгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээг 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан. Мөн Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай” гэрээг 2018 оны 12 сарын 31-нд байгуулсан. Тус гэрээгээр Тавантолгойн цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2020 оны 3 дугаар сараас эхэлж , 2023 онд дуусгахаар тохирсон байгаа.
Одоогийн байдлаар төслийн хөрөнгө оруулагчид хамтран санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэхээр яриа хэлэлцээр хийж байна.
– Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсноор Монгол улсад ямар үр өгөөжтэй вэ?
– 300 МВт-ын чадалтай Таван толгойн цахилгаан станц ашиглалтад орсноор Оюу толгой төслийн цахилгаан хангамж сайжирч, Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллаж эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагаа сайжрах юм.
2018 оны байдлаар Оюу толгойн уурхайн төсөл нь Өвөр Монголын эрчим хүчний системээс импортоор авсан цахилгаан эрчим хүчний төлбөрт жилд ойролцоогоор 150 сая ам.доллар төлсөн байна. Үүнээс үзвэл Таван толгой цахилгаан станц ашиглалтад орсноор энэхүү 150 сая ам.долларын урсгал дотоодод үлдэнэ. Цаашлаад Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор эрчим хүчний хэрэглээ нь одоогийнхоосоо 30-40 хувь өснө.
Тавантолгойн цахилгаан станц нь жилдээ 1,2 сая тонн эрчим хүчний нүүрс хэрэглэх тооцоотой бөгөөд экспортонд гардаггүй, уурхайдаа овоолго болон үлдэж байгаа эрчим хүчний нүүрс эдийн засгийн эргэлтэд орно.
Мөн станц ашиглалтад орсноор 200 –аад хүн байнгын ажлын байраар хангагдаж, үүнийг дагаж орон сууц, нийгэм ахуйн барилга нэмэгдэж, хот суурингийн хөгжил сайжрах талтай.
– Цахилгаан станцын гол хэрэглээ болох нүүрс болон усны асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
– Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын 4 дүгээрт заасны дагуу цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барихаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд нүүрсний ханган нийлүүлэлт нь тус орд дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудаас байх бөгөөд аль нэгэн компаниас хамааралгүй, олон компаниудаас тогтвортойгоор худалдан авна гэсэн төлөвлөгөөтэй байна.
Ус хангамжийн хувьд Наймдайн хөндийгөөс усны хэрэглээгээ хангах бөгөөд агаарын хөргөлтийн системийг цахилгаан станцдаа ашиглах тул усны хэрэглээ хамгийн бага түвшинд байх нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
Тавантолгой цахилгаан станц ХХК-ийн менежментийг аль компани, хэрхэн хариуцаж явах уу?
– Менежментийн хувьд цахилгаан станц ашиглалтад орсноор хувьцаа эзэмшигчид төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж өөрсдийн төлөөлөх эрхээ хэрэгжүүлэх бөгөөд улмаар төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн удирдлагыг томилж, удирдлага нь багаа бүрдүүлэн компанийн менежментийг авч явна.
– Бидэнд цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.
– Баярлалаа.
Холбоотой мэдээ