Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 5,5 км хатуу хучилттай авто зам, дугуйн зам барих ажлын нийт төсөвт өртөг 10,9 тэрбум төгрөг бөгөөд 5,5 км явган хүний болон дугуйн зам бүхий 2 урсгалтай 4 эгнээ бүхий гэрэлтүүлэгтэй иж бүрэн байдлаар төлөвлөсөн байна. Замын ажлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Их хурлын гишүүн Х.Болорчулуун, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон хотын удирдлагууд, иргэд оролцлоо
Ажлын зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажлын хүрээнд 2 дугаар баг Бумбат хорооллын хойд дөрвөн замын уулзвараас 1 дүгээр баг Равдангийн гудамжны зүүн уулзвар хүртэлх, 1, 2, 4, 6, 7, 9, 10, 11 дүгээр багийн нутаг дэвсгэрийг хамарсан нийт 5,5 км замыг хамран хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажил юм.
Зам барилгын ажилтай холбоотойгоор зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа ба аймгийн Засаг даргын 2019 оны А/252 дугаар захирамжаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэлийг өгч хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт зохион байгуулагдаж “Арц суварга” компани шалгарч, Зам тээврийн хөгжлийн яамтай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.
Ажлын гүйцэтгэгч ”Арц суварга” ХХК 2000 оноос барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2004 оноос замын барилга, гүүр хоолойн угсралт, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.
Холбоотой мэдээ