Баялаг бүтээгчид жагслаа

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Баялаг бүтээгчид жагслаа

Баялаг бүтээгчид буюу үндэсний үйлдвэрлэгчид өнөөдөр Чингисийн талбайд жагсаал зохион байгууллаа. Жагсаал зохион байгуулагчид “Үндэсний үйлдэрлэлээ дэмжинэ гэж 20 гаруй бодлогын баримт бичиг хууль эрх зүйн актууд гарсан хэдий ч хэрэгжүүлэх тогтолцоо аргачлал байхгүйн улмаас эдийн засгийг дэмжиж чадахгүй байна. Импортыг шүтэх хандлагаасаа Монголын нийгэм татгалзаж эх оронч Аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх түүхэн хариуцлагатай цаг ирсэн. Тиймээс Аж үйлдвэрийн яамнаас өргөн бариад байгаа Үндэсний үйлдвэрлэлийг цогц бодлогоор дэмжих хууль эрх зүйн актуудыг УИХ-аас яаралтай батлах шаардлагатай байна” гэж байсан юм. Жагсаалд оролцогчид “Эдийн засгийг төрөлжүүлэх дит алхам дэмжлэгээ хийгээчээ”, “Бидний татварын мөнгөөр импортын барааг төрд шахдаг дарга нараа огцруул”, “Импорт орлосон экспорт руу чиглэсэн аж үйлдвэрийн салбараа хөгжүүлъе”,  “Хүнд суртал дарамтаа багасгаач төр минь хурдтай ажлаач” зэрэг лоозонг барьсан байлаа.

“Төрөөс гаргаж байгаа хууль дүрмүүдийг маш бодолтой, системтэйгээр гаргахгүй бол цаашид үндэсний үйлдвэрлэл хөгжихөд тун хэцүүхэн байдалд хүрээд байна. Үйлвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаадруу экспортолж ч чадахгүй байна шүү дээ. Тиймээс үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд анхаарч, нэг гольдролд оруулахыг Аж үйлдвэрийн яам, УИХ, Засгийн газраас хүсч байна” гэж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын “Автобус 3” баазын дарга П.Баатар ярьсан юм.

Мөн жагсаал зохион байгуулагчид “Зах зээлийн чөлөөт өрсөлдөөний нийгэмрүү үе шаттай, зөв бодлогоор шилжихийн оронд бүгдийг дампууруулах бодлого барьж ирсний дүнд бүх үйлдвэрүүд дампуурч эдийн засаг зөвхөн уул уурхай, гадаадын хөрөгө оруулалтаас шууд хамааралтай болж, өр зээлэндээ баригдаад байна. 1996 оны их хувьсгалын алдаатай шийдвэрийн улмаас олон үйлдвэр завод хаалгаа барьж, 8.5 их наяд төгрөгийн үнэ бүхий долоон мянга гаруй үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизмуудыг төмрийн хаягдлын үнээр урд хөршрүү гаргасан. Энэ  нь нийгмийн баялаг бүтээгч манай орны эдийн засгийг уналтад оруулж ажилгүй олон мянган иргэдийн эгнээ үүсчн идэр насны 200 мянга гаруй залуус гадаадруу дүрвэн цагаачлахад хүргээд байна. Үндэсний үйлдвэрээ дэмжих бодлогыг яаралтай бодит ажил болгох хэрэгтэй” гэцгээж байлаа.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж