Монгол Улс Зүүн хойд Азийн холбогч байж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2019.06.24-нд нийтлэгдсэн

Монгол Улс Зүүн хойд Азийн холбогч байж чадах уу?

Монгол Улс Зүүн хойд Азийн холбогч байж чадах уу?

“Thediplomat.com” сайтад нийтлэгдсэн АНУ-ын Монтклер их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Элизабет Уишникийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.


-“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД-

Төсөөлөөд үзье. Та 200 хүнтэй томоохон үдэшлэг зохион байгууллаа гэж бодоход таны хамгийн их уулзахыг хүссэн, үдэшлэгтээ ирүүлэхийг хүссэн хүн ирээгүй байвал ямар байх вэ? Энэ бол зургадугаар сарын 4-6-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын дүр зураг. БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн  улсуудаас гадна АНУ, ХБНГУ, Канад, Франц болон НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын зарим байгууллагын төлөөллийг оролцуулан дотоод, гадаадын нийт 150 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцсон уг хуралд БНАСАУ-аас ямар ч төлөөлөгч ирсэнгүй. Гэсэн хэдий ч Монголын талын төлөөөлөгчид БНАСАУ-ын асуудлыг маш чухалчлан ярьж, Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүчин чармайлтад хэрхэн нөлөөлөх, бүс нутгийн эрчим хүчний сүлжээг ашиглан нар, салхины эрчим хүчний хэрэглээгээ тэлэх гэх мэт асуудлыг хэлэлцэв.

Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан ч сонгогдож чадаагүй. БНАСАУ-ын хувьд социалист дэглэмээс ардчилал руу шилжсэн улсыг сонгохгүй нь ойлгомжтой. Гэхдээ тус улсын хувьд БНАСАУ-ыг Зүүн Хойд Азитай холбоход багагүй үүрэг гүйцэтгэж байгаа гэж үздэг.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Социалист нийгмээс ардчиллын зам руу ороод хөгжиж буй өвөрмөц түүхтэй Монгол Улс нь Зүүн Хойд Азид энх тайвны гүүр болох бүрэн боломжтой” хэмээн хэлжээ.

Үүнээс гадна Монгол Улс нь хоёр Солонгос улстай аль алинтай нь найрсаг харилцаатай цөөн хэдэн улсын нэг. Ялангуяа БНСУ-тай түүх, соёлын хувьд гүн гүнзгий харилцаатай бөгөөд ардчилал уг харилцааг улам бэхжүүлдэг. АНУ-ын дипломатч, монгол судлаач, профессор Алишиа Кампи Монгол болон БНАСАУ-ын урт удаан хугацааны найрсаг харилцаа улам доройтож байгаа хэмээн  хэлж байсан удаатай. Монгол Улс ардчиллыг сонгож хоёр улсын замнал ялгаатай болсон ч харилцан ашигтай эдийн засгийн харилцаагаа авч үлдэж чадсан юм. Саяхныг болтол Монгол Улс БНАСАУ-аас гэрээт ажилчин авч ажиллуулдаг байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013 онд  төрийн айлчлал хийж, тус айлчлалынхаа үеэр Монгол Улс цөмийн яриа хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Зургаан талт хэлэлцээ зогссоноос хойш Зүүн хойд Азид аюулгүй байдлын хамтын ажиллагааг дэмжих механизм үнэхээр хэрэгтэй болсон.

Тиймдээ ч 2014 оноос Монгол Улс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг зохион байгуулах болж өдгөө цар хүрээ, ач холбогдол нь ч тэлж байна. Ц.Элбэгдоржийн хувьд Ким Жон Уныг төрийн эрхэнд гарснаас хойш тус улсад айлчилсан анхны гадаадын төрийн тэргүүн болсон юм. Харин түүний залгамжлагч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ким Жон Уныг эх орондоо айлчлахыг урьсан. Ким Жон Ун урилгыг хүлээн аваагүй ч 2018 оны арванхоёрдугаар сард хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Улаанбаатарт хүрэлцэн ирсэн.

БНАСАУ-ын дүрвэгчид, хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд монголын тал ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг Монголын төлөөлөгчид байнга дурддаг. Цөмийн зэвсэггүй, хоёр хүчирхэг гүрний дунд орших хөгжиж буй жижиг улс өөрсдийгөө Солонгосын хойгийн энх тайвны асуудалд чухал нөлөөтэй гэж үздэг. Тиймдээ ч энэ удаагийн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хурлын үеэр цөмийн хямралын талаар яриа хэлэлцээнд Монгол Улс идэвхтэй оролцохоо илэрхийлж, Оросын талын төлөөлөгчид ч үүнийг дэмжсэн.

БНАСАУ тус хуралд оролцоогүйгээс гадна бас нэг анхаарал татсан асуудал байсан нь Монгол Улс ШХАБ-д элсэх эс элсэх асуудал байв. Монголын хувьд 2004 оноос хойш тус байгууллагад ажиглагчийн статустай байгаа. Монголын зарим албан тушаалтан ШХАБ-ын гишүүнчлэл нь Монгол, Орос, Хятадын хооронд итгэлцлийг бэхжүүлж, гурван талт эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ динамикийг бий болгох боломжтой гэж үздэг.

Харин зарим нь Монгол Улс ШХАБ-д элсэх нь гуравдагч хөршийн бодлогыг зөрчиж, ШХАБ-ын бусад гишүүн орнууд шиг терроризм, хэт давралт, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх шаардлага бий болно гэж болгоомжилдог.

Энэтхэг улс бол ШХАБ-ын гишүүн. Дээр нь АНУ тэргүүтэй бусад ардчилсан орнуудтай найрсаг харилцаагаа хадгалж яваа улс. Монгол Улс шиг хоёр хүчирхэг гүрний дундаас бие даасан тогтвортой хөгжлийг эрэлхийлж яваа далайд гарцгүй жижиг улс биш. Саяхан Киргизийн нийслэл Бишкект болсон ШХАБ-ын уулзалтад Ерөнхийлөгч Х. Баттулга оролцсон нь Монгол Улс ажиглагчийн статусаа дээшлүүлж гишүүн орон болно гэсэн өндөр магадлалыг бий болгож байсан юм. Гэхдээ тийм зүйл болоогүй. Ерөнхийлөгч Х.Баттулга тус уузалтын үеэр ШХАБ-д элсэх эс элсэх асуудал дотоодод маргаантай сэдэв хэвээр байгааг дурдаад “оролцоогоо дээшлүүлэх арга замыг эрэлхийлсээр байгаа” хэмээн онцлон тэмдэглэсэн.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга нар тус уулзалтын үеэр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Бүс ба зам” санаачилгын хүрээнд БНХАУ-ОХУ-Эдийн засгийн коридорын гурван талт хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцсан. Уулзалтын үеэр гурван удирдагч бүгд өөр өөр байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс гурван талт эдийн засгийн харилцааг дэмждэг ч эсрэгээрээ хоёр талт харилцаа нь үүнийг мухардалд оруулдаг гэж болно. Өөрөөр хэлбэл, Хятад-Оросын бүс нутгийн хамтын ажиллагаа удаашралтай байгаа нь Монгол улсаар дамжин өнгөрөх автозам, төмөр замын асуудалтай холбоотой.

Нөгөөтэйгүүр, Монгол Улс эдийн засгийн хувьд хоёр хөршөөсөө хараат бус байхын зэрэгцээ тэдэнтэй найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд эхэндээ Хятадын эсрэг байр сууриа маш хүчтэй илэрхийлж, Орост илүү элэгтэй ханддаг байсан. Харин 2018 оноос хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй удаа дараа уулзсан нь гадаад бодлогоо тэнцвэржүүлэхийг хичээж буй явдал юм. Ерөнхийдөө Монгол Улс нь хоёр том гүрний шахалтаас болж өөрийн гэсэн гадаад бодлогоо хэрэгжүүлэхэд маш том сорилттой тулгарсаар ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж