Н.Алтанхуяг: Би АТГ-ын зуултад орсон

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Би АТГ-ын зуултад орсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор тус хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэгдэж дэмжлэг авч, өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч хаслаа. Хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан тухай тодруулсан. Өчигдөр Авлигатай тэмцэх газраас хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг хүргүүлсэн байна. Тэгээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс уг хуулийн төслийг зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих шийдвэр гаргах шаардлагатай гэж үзсэн гэсэн бичгийг тус зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин УИХ-ын даргад ирүүлсэн байна.

УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн бичгийн дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасаж болохгүй. Товчхондоо бол УИХ-ын гишүүн хууль санаачлах боломжгүй болох цөвүүн цаг Монголд ирж байна. Хууль санаачилсан гишүүнийг дарамтлан, гүтгэдэг болжээ. Төрийн байгууллага өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацдаг болсон байна.

Би 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгсөн. Тэр үед би “Ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална” гэж хэлсэн. Сүүлийн 7 сарын хугацаанд ард түмний язгуур эрх ашгийг ихээхэн хөндсөн.

Түүнчлэн намайг Ерөнхий сайд байхад буюу 2014 оны нэгдүгээр сард зарим хуульд өөрчлөлт оруулах замаар хууль хяналтын байгууллага хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан. Эрх мэдлийн хуваарилалт алдагдсан сүүлийн нэг жил хагасын хугацаанд хүний эрхийг ноцтой зөрчих асуудал газар авсан гэдгийг хүний эрхийн байгууллагууд удаа дараа мэдээлж байсан. Анх тухайн хуулиудад өөрчлөлт хийхэд Засгийн газар хүний эрхийн байгууллагуудаас санал авч байсан. Тэр үед хүний эрхийн байгууллагууд “АТГ-ын харъяанд шилжсэн Мөрдөн байцаах албыг Прокурорын байгууллагад эргүүлэн өгөхгүй бол хүний эрхийн зөрчил улам бүр даамжирна” гэсэн санал ирүүлсэн. Тухайн үед уг зөвлөмж хэрэгжээгүй. Тиймээс би хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд энэ оны тавдугаар сарын 8-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлөн, өргөн мэдүүлсэн.

Хуулийн төсөлдөө мөн санал авахаар Засгийн газар, Прокурорын байгууллага, АТГ-т явуулсан. Гэтэл үүнээс хойш  Н.Алтанхуяг хувийн сэдэл, тэмүүллээр  энэ хуулийг хийгээд байна гэж тархи  угаасан мэдээллийг сонин хэвлэлээр гаргаж байна. Нөгөө талаасаа УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд  улаан цайм, бүдүүлгээр халддаг, довтолдог зүйл байгааг би өөрөө мэдэрлээ. Энэ хуулийн төслийг санаачилсны дараагаар хөрөнгө оруулгын мэдүүлэгт жил бүр бичдэг миний обьект руу шалтаг зааж довтолж байгаа юм.  Намайг Тагнуулын ерөнхий газарт дуудаж байна. Албан ёсны вэб сайтаараа АТГ  намайг ямар муу хуулийн төсөл санаачилж байгаа тухай бичиж байна. Энэ зүйл хэрээс хэтэрлээ. Тийм учраас би ямар зорилготой, ямар хуулийн төсөл санаачилснаа хэлэх гэсэн юм.

Нэгдүгээрт, миний санаачилсан хуулийн төсөл Авлигатай тэмцэх тухай хуульд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. 2002 онд УЕП-ын дэргэд байгуулагдсан Мөрдөн байцаах алба гэж байгаа. 2014 онд 12 жилийн дараа үүнд өөрчлөлт орсон. Үүнийг би буцааж байгаа юм. Учир нь хүний эрхийн зөрчил газар авч байна. Товчхондоо хууль хяналтын байгууллагуудын албан тушаалтны үйлдэж байгаа гэмт хэргийг хэн хариуцах вэ, цагдаа цагдаагаа, АТГ өөрсдийнхөө хүмүүсийг шалгадаг нөхцөл байдал үүссэн.  Тиймээс  өмнөх УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн онд хуульд  өөрчлөлт оруулахдаа АТГ-ын шалгадаг хэргийн хүрээг өргөн болгосон. Албан тушаалаа ашигласан гэдэг нэр томъёоны цаана юуг ч хийж болно. Тиймээс энэ өргөн томъёоллыг нь багасгасан.  Харин АТГ-ын үүрэг функц нь хэвээрээ байгаа.

Үүнийг өөр байдлаар тайлбарлаж, Н.Алтанхуяг АТГ-ыг татан буулгах гэж байгаа юм шиг тархи угаасан мэдээллийг олон нийтэд цацаад байна.  Төрийг УИХ барьж байна уу эсвэл нэг байгууллага бариад байна уу. Монголд хэн төр бариад байна вэ?

Хууль хяналтын байгууллага хороондын эрх мэдлийг алдагдуулах, нөгөө эрх мэдлүүдийг нь хазаарлах замаар Монголд томоохон хэлмэгдүүлэлт үүсч байсан түүхтэй. Миний  УИХ-ын гишүүний барьдаг зарчим бол “Монголд дахиж хэлмэгдүүлэлт гарах ёсгүй”.  Монголын бизнес эрхлэгчид тайван амгалан үйл ажиллагаа явуулах учиртай. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид тайван амгалан ажиллах ёстой. Түүнээс бус өдөр болгон дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг нийгмийг би 25 жилийн өмнө хүсээгүй.  Тийм учраас үүнийг засч залруулах үүрэг надад байгаа юм. Тийм учраас би хуулийн төсөл санаачлахдаа хэн нэг гишүүнийг аваагүй. Хүнийг хөлдөө чирээд яах вэ, хүмүүсийг, тэр дотроо УИХ-ын гишүүнийг барьцаанд авдаг явдал миний нүдний өмнө хоёр жил болж байна.  Монголд дахиж том  хэлмэгдүүлэлт болохоос хамгаалах  үйл ажиллагааг би иргэний зориг гаргаж хийх ёстой гэж бодсон. 

1933 онд Дотоодыг хамгаалах газар гэж байсан. Нэлээн эрх мэдэлтэй, тэр үеийн албан тушаалтнууд, цэргийн хүмүүсийг баривчлахдаа удирдлагатай нь зөвшилцдөг дүрэмтэй байсан. 1936 онд тэр дүрмийг хүчингүй болгосон. Тэр дүрмийг хүчингүй болгохоор хэнтэй ч зөвшилцдөггүй, прокурор ч хэрэггүй болсон. Тийм учраас 1936 онд 21 том сэхээтэн лам нарыг хорьсон. 19-ийг нь буудаж алсан. Хүний эрхийн ноцтой зөрчил ингэж эхэлсэн. Тэр үед прокурор Чойдогсүрэн гэж хүн “Энэ хэрэг биш байна, болоогүй байна” гээд буцаасан. Гэтэл прокурорынхон хувьсгалын эсэргүүтэй тэмцэхэд саад учруулж байна, прокурорынхон хувьсгалын эсэргүүг хамгаалж байна ингэж хэлсний дараа Чойдогсүрэн прокурорыг буудаж алсан.

Эрх мэдлийг нэг газар өгнө гэдэг, эрх мэдэл өгөхийн төлөө улайрна гэдэг, эрх мэдлийг өөртөө авч үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг ийм юмны эх үүсвэр болж байгаа.

Монгол Улсад аюулгүйн зөвлөлөөр авч хэлэлцэх асуудал байгаа юу гэвэл бий. Тэр нь нэг байгууллагын тухай асуудал биш, монгол хүний эрхийг баталгаатайгаар хамгаалах тухай юм.  Хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бий. Тэр агуулгаар авч ярих. Чойдогсүрэнтэй төстэй үзэгдэл Алтанхуяг дээр ажиглагдаж байна.  Ийм том хэлмэгдүүлэлтийг хаахын тулд өнгөрсөн 2 жилд намайг ямар нөхцөлд ажилласныг та бүхэн мэдэж байгаа. Би бол шүдээ зуугаад явсан, нийт монголчуудыг хэлмэгдүүлэх асуудал хөндөгдсөн учраас энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.  

Авлигатай тэмцэхэд Н.Алтанхуяг саад болж байна, авлигачдыг Н.Алтанхуяг хамгаалж байна гэж байгаа нь 1930 оны үгтэй адилхан. Энэ түүхийг давтуулахгүй байх тэр хувь заяа санаачлагч нь над дээр, хийгчид нь УИХ-ын гишүүд дээр байгаа.

Яах вэ бид алдаатай юм гаргачихсан юм билээ, тэрнийгээ засаад залруулчихъя гэж байгаа юм. УИХ-ын гишүүн хууль санаачилснаараа хардлагад өртдөг, дарамт шахалтад өртдөг, бие болоод сэтгэлийн доромжлол амсдаг юм энэ 25 жилийн хугацаанд гараагүй, одоо бол илэрхий болж байна. Хууль санаачлах эрхэнд халдаж байна, хэвлэл мэдээллээр тархи угааж байна, 1.6 жил энэ эрх мэдэл АТГ-т очсоноор Монголын нигэмд ямар эерэг юм гарав. Олигтой юм гарсангүй, авлигатай тэмцэж байна гэж хэдэн хүнтэй байлдах, бизнес эрхэлж байгаа хэдэн хүнийг шоронд хийж байна. Шоронд хийчихээд бизнесийг нь булааж, дээрэмдэж, мөнгийг нь, лицензийг нь булааж авч байна. Ийм гаарсан үйлдэл хэрээс хэтэрсэн. Энийг би Ерөнхий сайд байхдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр дуудаж хэлсэн. Үүнээс хойш мөрдөх хавчих ажиллагаа ширүүссэн. Би хэлэх үгээ хэлнэ, хийхээ хэлнэ.

Энэ хууль батлагдсанаар хэнд хэрэгтэй болох вэ гэхээр прокурор нь прокурор шиг ажиллана. Одоо ямар байдал бий болсон бэ гэхээр АТГ-т Мөрдөн байцаах алба өгчихөөр хэн нэг хүнийг шоронд хорино гэхэд прокурор үгүй гэх газаргүй. Үгүй гэхээр чам дээр албан тушаалын хэрэг байгаа шүү гэдэг. Хоёрдугаарт 1933 оны үгийг хэлж болж байгаа юм. Авлигатай тэмцэх ажилд саад учруулж байгаа учраас чам дээр хэрэг үүсгэнэ. Энэ байдал нь прокурорыг, шүүгчдийг шударга ажиллахад саад учруулж байгаа.

Манай хууль, хяналтын байгууллагад шударга хүмүүс олон байгаа. Одоо нэг сүлжээ үүсчихээд байна. Тэр нь АТГ өөрийнхөө гарын ганц хоёр прокуророор шийдвэр гаргуулдаг, тэднийгээ сонсохгүй болохоор нь дарамталдаг, дахиад шүүх дээр очоод өөрийнхөө сүлжээгээр хүнийг шоронд хорих шийдвэр гаргуулдаг. Сүлжээ хэрэг гэж хэлж байна. Жишээ нь 100 шүүгч байдаг гэвэл дөрөв, тавтай нь холбоотой юм ярьж байна.

УИХ-ын даргад хэлсэн “Та наадах хуулиа хэлэлцэх асуудалд оруулж өгөөрэй” гэсэн. Маргаашийн чуулганы хуралдаанд оруулах нь уу, яах нь.

Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад ийм бичиг өгсөн байна лээ. Эд нар их шуурхай ажилладаг болоод байгаа. Миний эсрэг биш л дээ. Монголын төрийн эсрэг гэж хэлье. Нэг агентлаг бичгээ өглөө. Нөгөөх нь шууд УИХ-руу бичгээ өглөө. Ямар шуурхай ажилладаг болчихсон юм бэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зохих шийдвэр гаргах нь зүйтэй байна гэж бичсэн байна. Энэ нарийн бичгийн дарга их том алдаа хийж байгаа юм. ҮАБЗ-өөс шийдвэр гаргадаггүй юм л даа. Зөвлөмж гаргадаг юм. Зөвлөмжийг УИХ гэдэг байгууллага өөрийнхөөрөө шийднэ. Манай төрийг ёстой самарч байна. Хүн сонсоход айхтар сүрхий байгууллагын нэрийг бариад Их хурлаар явж байгаа процессыг шууд таслан зогсоож чадаж байгаа ийм ноцтой байдал бий болчихжээ гэдгийг анхааруулж байна.

УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд яаж халдаж байгаа вэ гэхээр авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хүчийг сулруулах, саармагжуулах, эрсдлийг дагуулсан хуулийн төслийг санаачлан батлуулахаар ажиллаж байгаа нь улстөрчийн авлигатай тэмцэх хүсэл зориг ямар түвшинд байгааг олон нийт болон олон улсын байгууллага харж болохоор байна. Ингэж Их хурлаас байгуулагдсан нэг байгууллага ийм дүгнэлт хийж болох уу.

Дараа нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хуулийн төсөл нь түүний хувьд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах ашиг сонирхолын зөрчлөөс тодорхойлсон хууль дээдлэх зарчимд захирагдаагүй иргэдийн итгэл хүлээхүйц биш хариуцлагагүй байна гэж бичсэн байна. Яаж ингэж дүгнэдэг байна аа. Түүнчлэн албаны бүрэн эрхээ хувийн болон өөртөө хамааралтай бүхий этгээдийн хувийн зорилгоор ашиглахгүй, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхолын хувийн болон тусгай ашиг сонирхолоос илүүд үзэхээр хуульчилсны эсрэг болжээ гэж үзэхээр байна гэжээ.

Хэн төр барьж байгаа юм бэ. Их хурлын гишүүд, Их хурлын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төр барьж байгаа юм уу. Үгүй л байна шүү дээ. Эд нар барьж байгаа юм байна.

Ил захидалдаа мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газарт тус тус шилжүүлэх тухай ноцтой өрөөсгөл, саналыг УИх-ын гишүүн Н.Алтанхуяг гаргаад зогсохгүй УИХ-аар батлуулах эхний алхмыг хэдийнэ хийгээд амжсан байна” гэжээ. УИХ-аар хууль хэлэлцэх чинь процедуртай. Ямар нэгэн нөхөр хулгайгаар эхний алхамуудаа хийгээд амжсан байна гэдэг бол байж болохгүй.

Би та бүхэнд дахиад хэлье. Монголын төрийг самраад хаячихжээ. УИХ-ын гишүүний хууль тогтоох эрхэнд хүчний байгууллага халдаж буй тохиолдол нь 1937 оныг түүхийг давтаж байгаа юм. Өмнөх хоёр жилд эд нар над руу биш өөр бусад гишүүдийн эрхэнд халдаж байсан. Давхар дээлийн хуулин дээр хүртэл нэг саналаа унагаж байсан юм. УИХ-ын гишүүд кнопоо дарж чадахгүй байгаагаас харвал газраас асар их дарамт, шахалтыг үзүүлдэг гэдэг нь тодорхой байна. АТГ аливаа хүний тухай мэдээллийг цуглуулаад түүгээрээ засч, залруулах бус дарамтлах ажлыг хийдэг юм байна гэдэг нь нотлогдож байгаа. Иймээс бид тус хуулийн төслийг санаачилсан. Маргааш хэлэлцэх асуултын жагсаалтад оруулаад өгөхийг УИХ-аас хүссэн байгаа. Оруулах байх гэж найдаж байна. Хэл, амтай ч гэлээ энэ хууль батлагдвал монголчууд айдасгүйгээр ажлаа хийх юм. Би гэмт хэрэг хийсэн хэн, нэгнийг хаацайлах ямар ч хүсэлгүй. Гэхдээ 1937 оных шиг Хувьсгалын эсэргүү нэрээр хүнийг хоморголж алж, хяддаг байдлыг зогсоох ёстой. Намайг Ерөнхий сайд байхад нэг компанийн захирлыг, орлогч захирал болон гэр бүлтэй хамт нийт 16 хүнийг орцноос нь шоронд аваачиж хийсэн. Тухайн үед нь би “Энэ юу болж байна. Ногоон малгайтны арми бий боллоо” гэж хэлж байсан. Тэгэж хэлснийхээ төлөө АТГ-ынхны зуултад орчихоод байна. УИХ-ын гишүүд нэг агентлагийн зуултад орчихоор Монгол Улс цааш яаж явах вэ?. Би ард түмнийхээ язгуур эрх, ашгийг эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална. Надад өөр эрх ашиг байхгүй. Би үүнийг огцрохдоо хэлж байсан.


Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг АТГ-ын шилжүүлэх санаачлагыг таныг гаргасан гэдэг. Гэтэл одоо яагаад уг ажлаасаа буцах гээд байга юм бэ?

-Тухайн үед нэр бүхий УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг санаачилсан. Би Ерөнхий сайд байсан хүнийхээ хувьд гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд нэг сарын дотор хариу өгсөн. Би энэ хуулийн төслийг нилээн судлуулаад дэмжихгүй гэдэг хариуг өгсөн. Энэ бол ташаа мэдээлэл.

-Хуулийн төслийг өргөн барихаас өмнө гурван газраас санал авсан гэсэн. Эдгээр газруудаас ямар саналыг ирүүлсэн бэ?

-АТГ-аас дэмжихгүй гэсэн санал ирсэн. Прокурорын байгууллагаас хариу ирүүлэхдээ прокурорын байгууллагын хууль хэлэлцэгдэх гэж байгаа. Түүнтэй хамт хэлэлцье гэсэн. Өмгөөлөгчдийн холбооноос санал асуухад дэмжсэн. Хүний эрхийн байгууллага дэмжихийн дээдээр дэмжсэн. Энэ хуулийг санаачлах сэдлийг Хүний эрхийн байгууллага анх надад өгсөн.

-16 хүнийг орцноос нь баривчлаад шоронд хийсэн гэсэн. Үүн дээр тодорхой баримт хэлж болох уу?

-Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал асан Шоовдорыг эхнэртэй нь мөн орлогч захирлыг нь эхнэртэй нь хамт баривчилсан. Тэр хүн одон медальд тодорхойлогдоод явж байсан. Тэгээд учрыг нь олохгүй юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж