Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцэхийг УИХ дэмжээд буй. Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулж, санал авч буй. Хуулийн өөрчлөлтийн талаар олон нийтийн дунд маргаан дагуулаад байгаа зүйлсийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.
Тэрбээр хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцсон бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эх баригчаар томилогдоод байгаа юм.
“АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ЭСЭХИЙГ УИХ ШИЙДНЭ”
-УИХ олонхын саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, 20 жил ярьсан зүйлийг ажил хэрэг болголоо?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ямар нэг хэмжээнд хийх ёстой. Тэгж байж бид парламентын засаглал, ардчилалаа аврах ёстой. 1992 оны Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж бид цаашаа явах ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе, үеийн парламентууд ярьж, тодорхой төслүүдийг боловсруулж, иргэд, олон нийтээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон тооны саналууд ирүүлж байсан бөгөөд энэ бүгдэд дүн шинжилгээ хийж, нухацтай судлан Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэж буй эсэх, санал бүр хуулийн бусад зохицуулалттай хэрхэн уялдаж буйг сүүлийн хоёр жил нягт судалсан. Төслийг өргөн мэдүүлэх үеэр УИХ-ын даргын онцлон тэмдэглэсэнчлэн энэхүү төслөөр нийгмийн аль нэг бүлэг, давхарга, ямар нэг улс төрийн нам, хүчний эрх ашиг, сонирхолыг онцлон оруулахгүй, зөвхөн Монгол Улсын 3.2 сая иргэний ашиг сонирхол, улс эх орны нийтлэг эрх ашиг, ирээдүй хойчийн төлөө эдгээр нэмэлт, өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд тусгахаар төслийг боловсруулсан.
–Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг сөрөг хүчингүй хэлэлцэж, Ерөнхийлөгчөөс санал аваагүй гэх мэтчилэн парламент дотроо зөвшилцөөгүй гэх шүүмжлэл их гарч байна. Анхны хэлэлцүүлгээс өмнө Ерөнхийлөгч, сөрөг хүчинтэй зөвшилцөх боломж байгаа юу?
-Ер нь бол зөвшилцөл явагдаж байгаа гэж сонссон. Ерөнхийлөгч, Ардчилсан намтай зөвшилцөж, саналыг нь оруулах боломжтой. Ерөнхийлөгчийн саналыг ирэхээр хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг ажиллаад явна. Харин Ардчилсан намын хувьд анхнаас өргөн барих хүртэл хамт явсан. Намууд оролцоог ч хангаад ирсэн. Биднийг гол захирах хүн бол 3,2 сая иргэн юм шүү. Миний хувьд бүх л намуудын төлөөлөлтэй ажиллаж ирсэн. Тэр дундаа Ардчилсан намын санал тусгасан, хамт явж ирсэн. Зөвшилцлийн ардчилал Монголд тогтох ёстой, түүний төлөө ч явж байгаа.
–Хэлэлцүүлэгийн үеэр гишүүдээс маш олон санал гарч байсан. Ерөнхийлөгчийн саналыг тусгана гэж байна. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 35 хүртэл хувьд өөрчлөлт оруулна гэх утга нь алдагдах юм биш үү?
-Яаж хэмжээнд нь бариулах вэ гэвэл яг өргөн баригдсан хэмжээнд найруулах, тодруулах, хасах зүйл орж ирнэ. Энэ бүгдийг ажлын хэсэг ажиллаж байна. Хэлэлцүүлгийн явцад хасах, нэмэх зүйл олон гарна. Гэхдээ зөвхөн өргөн баригдсан хүрээнд.
–Ард нийтийн санал асуулгыг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа зохион байгуулна гэж байгаа. Ард нийтийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй гэвэл энэ хэлэлцүүлэг шууд зогсох уу?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зарчмын зөрүүтэй саналаар хурааж, дууссан буюу хоёрдугаар хэлэлцүүлэг хийсний дараа УИХ ард нийтийн санал асуулгыг авах эсэхийг хэлэлцэнэ. Хэрэв УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр нь ард нийтийн санал асуулга явуулна гэж дэмжих эсэхийг шийднэ. Хэрэв дэмжсэн бол эх бичвэрийг зүйл заалт, цэг таслал бүрээр нь нийт гишүүдийн дөрөвний гурав дэмжсэн эхийг ард нийтийн санал асуулгаар оруулж зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй гэдэг санал хураалтад оруулна. Өөрөөр хэлбэл, УИХ зүйл, заалт бүрээр нь санал хурааж, хасагдсан, дэмжсэнийг эцэс болгож, нэг эх хувилбар батална. Тэр баталсан эхийг зөвхөн ард нийтээр зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг л санал асуулга явуулна. Ард нийтийн 50 хувиас дээш хувь нь санал хураалтад оролцох бөгөөд 50 хувиас дээш буюу олонх нь дэмжсэн бол түүнийг батлагдсанд тооцно. УИХ бол найруулга, байрлуулах, эвэнд нь оруулах техникийг хийнэ гэсэн үг.
“СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ҮНДСЭН ХУУЛЬД ТУСГАХ БОЛОМЖГҮЙ”
–Дөрвөн жилийн циклтэй УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах вэ гэдэг эрх барьж буй улс төрийн намын үзэмжээр явдаг байсан. Тэгвэл энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сонгуулийн тогтолцоог хуулиар зохицуулна гэж тусгасан. Порпорционал, мажоритор гээд аль тогтолцоогоор сонгуулиа явуулах вэ гэдэг асуудал маргаантай байсаар ирсэн?
-УИХ-ын гишүүнийг иргэд нийтээрээ, чөлөөтэй, нууцаар сонгох зарчим Үндсэн хуульд бий. Энэ заалтыг огт хөндөөгүй бөгөөд сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэсэн дээр тогтолцоо гэж нэмж өгсөн. Бүх парламентын сонгуультай хуулийг харахад сонгуулийг ийм тогтолцоогоор явуулна эсвэл хууль, журмаар тогтооно гэсэн заалттай юм билээ. Яг л энэ жишгээр явж буй. Тогтолцоо гэж үг орж ирснээр 2020 оны сонгууль өөрөөр явах нь гэж буруу тайлбарлаад байх шиг байна. 2020 оны сонгууль одоогийн тогтолцоогоор явна. Улс нэг тойрог гэх саналыг 2006 оны сонгуулийн хуулийн ажлын хэсгээс оруулж ирж байсан. Тухайн үед хамгийн алдартай 76 хүн гарч ирэхдээ бус хүнд өгсөн санал нь намд очих санааг тусгаж байсан. Жишээлбэл, 600 мянган хүний санал авсан нам 30 гаруй суудад хуваарилагдах бөгөөд иргэдийн саналыг дугаарлахаар зохицуулсан бөгөөд нэг ёсондоо холимог хувилбар байсан. Гэхдээ нь улс нэг тойрог гэх санал ажлын хэсгээс гарсан ч техник, зохион байгуулалтын хувьд боломжгүй гэж байсан. Харин одоо УИХ-ын сонгуулийн хуулиа улс нэг тойрог гэж боловсруулаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байсан. Улс нэг тойрог гэдэг нь аргаа барсан л арга л даа. Тойрогт мөнгө тараадаг, төсвийг 76 тийш чангаадаг гээд энэ олон явдлыг таслан зогсоохын тулд улс нэг тойрог гэдэг санал гарсан.
-Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой оруулаад өгөх боломж байгаагүй юм уу. Энэ удаа хуулиар гэхээр бас л эрх баригчдын үзэмжээр явчих юм биш үү?
-Ер нь боломжгүй юм билээ. Үндсэн хуульд нарийн журамлахгүй байсан нь дээр юм билээ. Сонгуулийн тогтолцооны асуудлаар улс төрийн намууд, гишүүдийг ч нэгдсэн байр суурьтай байдаггүй учраас зовлонтой юм билээ. Гэхдээ холимог тогтолцоог Үндсэн хуульд нарийн тусгах хэрэгцээ бол байгааг ойлгож байгаа. Гэхдээ хэцүү. Бид ядаж нэг жилийн өмнө сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, батлахыг хориглоно гэдэг заалт оруулж өгсөн. Тиймээс нэг сонгуулийн хууль 2-3 сонгуулийн нүүр үзэх зохицуулалт оруулж өгч байгаа гэж бодож байгаа.
“ӨӨР ДЭЭРЭЭ ТОМ ЭРСДЭЛ ХҮЛЭЭДЭГ ЕРӨНХИЙ САЙДЫГ АРД ТҮМЭН ХҮССЭН”
-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал боловсруулах шатанд явж байсан ч хасагдсан байсан. Яагаад энэ заалтыг хассан юм бэ?
-Үндсэн хуулийн Цэцийн эрхлэх асуудлын дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж Цэц дүгнэлт гаргах гэсэн заалт байгаа учраас давхардуулахгүй гэж хассан. Харин УИХ-ын тухай хуульд ийм ийм заалттайгаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтыг оруулах ёстой юм.
-Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн бүтцийг үйл ажиллагааны хувьд илүү нарийвчлах ёстой гэдэг асуудал олон жил яригдсан. Тиймээс ч УИХ-ын гишүүд “давхар дээл”-тэй байх ёсгүй гэх олон хүмүүс үздэг. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхий сайдаас гадна дөрвөн яамны сайд “давхар дээл”-тэй байхаар тусгасан. Бүр “давхар дээл”-гүй болгох боломж байсан гэж шүүмжлэх хүмүүс байна?
-Манайх шиг тогтолцоотой оронд парламентаасаа итгэл авч сонгогдсон хүн сайд хийх нь сайн байдаг гэж үздэг. Гэтэл манай нөхцөлд 76 гишүүнтэй учраас хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоёр бие биедээ уусаад, хяналт тэнцэврийн тогтолцоо алдагдсан. Гэхдээ 100 хувь
хаах нь хэт туйлширсан болно гэж үзээд Ерөнхий сайд болон дөрвөн сайд нь “давхар дээл”-тэй байж болно гэж үзсэн. Энэ нь УИХ, Засгийн газар хоорондын харилцаа, сөргөөсөө илүү эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн. 100 хувь УИХ-аас биш байхаар Ерөнхий сайд, Засгийн газар унах магадлал, эрсдэл нэмэгдэх учраас аль аль талыг нь бодож ийм шийдвэр гаргасан. Би бол гуравны нэг үздэг ч Б.Чимид багш хэлэхдээ гуравны нэг гэхээр Засгийн газрынхаа сайд нарын тоог нэмдэг юм гэж хэлж байсан юм. Гэтэл дараа нь сайд нарынхаа тоог 19 хүргэсэн тохиолдол ч байсан. Тэгэхээр тодорхой тоо тавьсан нь зүйтэй бөгөөд заавал тийм чиг үүргийн сайд гэх шаардлагагүй гэж үзсэн.
–Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудал оруулж ирэхэд УИХ хүлээж авахгүй бол шууд огцорсонд тооцно гэх заалтыг шүүмжлэх хүмүүс их байна. Итгэл үзүүлэхийг хүсэхэд УИХ хүлээж аваагүй байхад яагаад заавал огцорсонд тооцож байна вэ?
-Ийм эрсдэл хүлээдэг. Энэ бол эрх мэдэл хуваарилалтын нэг зарчим. Итгэл хүлээлгэхийг хүсч тогтоолын төсөл оруулбал гишүүд дэмжлэг үзүүлбэл үлдэнэ, үзүүлэхгүй бол огцорно гэх заалт бий. 1992 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд асан Бямбасүрэн итгэл үзүүлэх тогтоолын төслийг Ардын их хуралд оруулж ирж байсан. Төсөв болон бодлогын тодорхой асуудлаар итгэл үзүүлэхийг хүсч, тогтоолын төсөл оруулбал гэдэг заалт оруулж өгч байгаа. Энэ нь өөрөө Ерөнхий сайд өөр дээрээ маш том эрсдэл хүлээж байгаа асуудал юм. Улс орныг хөгжүүлэхэд маш хэрэгтэй заалт. Ингэж чаддаг Ерөнхий сайдтай байх ёстой, ард түмэн ч хүсэмжилж байгаа.
-Ерөнхий сайдыг хугацаанд нь томилж чадахгүй бол УИХ өөрөө тарна гэх заалт байсан. Гэвч үүнийг Ерөнхийлөгч шийдвэр гаргадаг болов?
-Ерөнхийлөгч төрийн тэргүүний гол үүрэг ямар үед товойж гарах вэ гэвэл улс орны хямралт нөхцөл байдлын үед, онц байдал, дайн бүхий байдлын үед, засгийн хямралын үед гэх мэт. Анхдугаар чуулган хуралдаж эхэлснээс хойш Ерөнхий сайдаа томилж чадахгүй 45 хонох юм бол УИХ өөрөө тарна. Өөрөө тарж өгөхгүй зууралдаад байвал буюу 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлиг гаргаж, тараана. Энэ бол парламентын засаглалтай орны нийтлэг үндэслэл. Гэхдээ дур зоргоороо биш Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж, нийт гишүүдийн гуравны хоёр нь тарах шийдвэрийг дэмжвэл УИХ тарна гэсэн бас нэг заалт бий. Ингэж байж эрх мэдлийн зөв тэнцвэр бий болж байгаа юм.
“ХЯНАН ШАЛГАХ ХОРОО ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХГҮЙ”
-УИХ-ын дэргэд Хянан шалгах түр хороог байгуулж болно гэж тусгасан. Энэ нь УИХ шүүх болж хувирах вий гэсэн болгоомжлол байна. Заавал Үндсэн хуульд оруулах шаардлага байсан уу. Нэр төдий байгууллага болчих вий?
-Үндсэн хуулийн төсөлд Хянан шалгах түр хороог маш их эрхтэй гэж ойлгоод байна. Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлж, хаалттай хаалганы цаана хуралдана. Ингэхэд УИХ-ын 19 гишүүн нэгдэж, хянан шалгах хороо ажиллана. Харин хуулийн байгууллага дээр байгаа асуудалд Хянан шалгах хороо байгуулахгүй. Нийтийн эрх ашгийг хамгаалах асуудал дээр Хянан шалгах хороо байгуулж, гэрч дуудах, тайлбар авах зэрэг нь хуулиар зохицуулагдана. Асуудлыг тодруулаад шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлнэ. Дэлхийн бүх улсад л байгаа. Хянан шалгах түр хороо УИХ-ын хянан шалгах ажлыг бүрэн шалгах эрхтэй. Энэ хороо дэлхийн 88 хороо байдаг бөгөөд Олон улсын парламентын холбооноос манай улсад удаа дараа энэ хороо байгуулахыг уриалж, зөвлөмж ирүүлсэн. Энэ хороо мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд орохгүй учраас шүүх эрх мэдэл рүү орохгүй. Төрийн байгууллагуудын хувьд хянан, шалгуулах дуртай байгууллага гэж байгүй.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг тавыг нь УИХ томилох заалт байгаа. Энэ нь бас шүүх эрх мэдэлд УИХ хэт их нөлөөлөх вий?
-УИХ-аас томилох таван гишүүнийг холбогдох байнгын хороо нэр дэвшүүлнэ. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага. Ард түмэн засгийн эрхийг төлөөлсөн байгууллагаараа дамжуулж барина. Тиймээс энэ таван хүнийг ард түмний төлөөлөл гэж ойлгох хэрэгтэй. Таван гишүүнийг томилохдоо чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилгооны сонсголд оруулж томилно. Тэгэхээр нэг улс төрийн хүчин дангаараа бус 76 гишүүний ойлголцох, түүний ард 3,2 сая сонгогч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Мөн шууд томилохгүй бөгөөд Ерөнхийлөгч батламжилна. Таван гишүүн нь мэргэжлийн шүүгч нар дундаасаа үлдсэн тавыг нь ард түмнээсээ гарч байгаа нь УИХ-аар дамжиж гарч ирж байна гэж ойлгох хэрэгтэй.
–Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нам төсвөөс санхүүжүүлж болох заалтыг хуулиар зохицуулна гэх заалт орж ирсэн. Энэ нь толгойтой бүхэн нам байгуулаад төсвөөс мөнгө аваад байх уу гэдэг шүүмжлэлийг олон жил дагуулсан. Энэ удаад зохицуулалтыг яаж оруулж өгсөн бэ?
-Энэ заалтыг Үндсэн хуульд оруулж байгаа ч Улс төрийн намын тухай хуулиар зөвхөн парламентад суудалтай нам гэж илүү тодруулж өгөх юм. Ер нь бол нам бол төр төвхнүүлэх гэж сонгуульд ордог. Гэтэл өнөөдөр компани, бизнесмен, олигархиудын халаасанд намууд орсон гэж шүүмжилдэг. Ашиг сонирхлын зөрчлөөс саармагжуулж, төрөөс улс төрийн намуудын төлөвшилтэй, булингартуулахгүйн тулд нам цэвэр байж төр цэвэр байна. Төр дэмжлэг үзүүлэхэд нам олигархиуд, бизнесменүүдийг царайчлахгүй. Тодорхой хэмжээнд татвар, хандиваар нам явах боломжгүй байдаг юм билээ. Гэхдээ энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд санхүүжилтийг 100 хувь төрөөс бус сонгуулийн зардал ч юм уу тодорхой төсөвт дэмжлэг үзүүлнэ. Орон нутгийн болон шашны нам гэж байх ёсгүй гэдгийг энд тодотгож байгаа.
“ОРОН НУТАГТАЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ЗААЛТЫГ АЖЛЫН ХЭСЭГ ЭРГЭН ХАРНА”
-Орон нутагтай холбоотойгоор орсон заалтууд зарим гишүүдийн шүүмжлэлд өртөөд байх шиг байна. Тухайлбал, аймаг, НИТХ-ын төлөөлөгчдийг сум дүүргийн төлөөлөгчид бүрдүүлнэ гэж заасан. Энэ зохицуулалтаар аймаг, нийслэлийн иргэдийн хурлын сонгууль болохгүй гэх ойлголт бий болгоод байна?
-Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгчийг сонгох сонгууль хасагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл буюу орон нутгийн сонгууль болдог байсан нь хасагдсан гэсэн үг. Яагаад гэвэл сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчид дотроосоо аймаг, нийслэлийн төлөөлөгчийг сонгоно. Тодруулбал, сум 20 төлөөлөгчтэй сумын иргэдийн хурал хуралдаж, оногдсон квотын дагуу 1-2 төлөөлөгчөө сонгож, аймаг, нийслэлийн иргэдийн хуралд төлөөлүүлэх юм. Орон нутгийн өөрөө удирдах ёс, засаг захиргаа нутаг дэвсгэрийн үндсэн нэгж нь сум, дүүрэг байна гэх концевцийн хүрээнд энэ агуулгыг оруулж өгсөн. Бүх л төрийн үйлчилгээ сум, дүүрэгт төвлөрч байгаа учраас сум, дүүргийн төлөөллийг аймаг, нийслэлийн иргэдийн хуралд төлөөлж суух ёстой гэж үзсэн.
-Сум, дүүргийн Засаг дарга нарыг мөн иргэдээсээ сонгохоор тусгасан байсан. Энэ нь эрх барьж байгаа намын бодлого явахгүй байх, өөр намын Засаг дарга сонгогдоход Ерөнхий сайд томилохгүй байх гэх мэт нам хоорондын зөрчил үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол байна?
-Нутгийн өөрөө удирдах ёс сум, дүүрэгт л хэрэгжинэ. Нутгийн өөрөө удирдах ёсны дагуу иргэдийн хурал бүрдэнэ. Тэндээс Засаг дарга нарыг дэвшүүлэхэд Ерөнхий сайд батламжилна. Хэрэв Ерөнхий сайд батламжлахгүй бол дахин нэг нэр дэвшигчийг нэр дэвшүүлэх бөгөөд түүнийг нь шууд томилох зохицуулалттай. Аймаг, сумын Засаг дарга нар төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсыг хослуулах ёстой. Сум, дүүргийн иргэдээс сонгогдож гарч ирсэн гээд төрийн ажлыг хийхгүй байж болохгүй. Харин ямар ч Засаг дарга яаж ч сонгогдсон хуулийн хашаанд хуулиа хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулиас давсан Засаг дарга, удирдлага гэж байхгүй. Хэрэв хуулиас давсан үйлдэл гаргахгүйн тулд сум, аймаг, дүүргийн Засаг дарга нарын хийх ажлын илүү тодорхой, нарийвчлах өөрчлөлтийг Үндсэн хуулийн суурь зарчмаа алдагдуулахгүйгээр бусад хуульд оруулж өгөх юм. ажлыг илүү тодорхой болгоно. Хууль зөрчсөн бол иргэд нь өөрсдөө огцруулдаг байх боломж ч бий болно. Иргэдийн зүгээс Засаг дарга нарыг ямар тохиолдолд огцруулж болохыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр суурь болгож, органик хуульд өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл, огцруулах үндэслэлийг илүү нарийвчилж, ямар тохиолдолд нөхөн сонгууль явуулах, ямар үед органик хуульдаа оруулахаар ажлын хэсэг ярилцаж байгаа. Жишээлбэл, нэг жилийн хугацаа дутуу байхад заавал нөхөн сонгууль явуулах уу, сонгосон иргэд өөрсдөө, аймгийн удирдлагууд огцруулахад ямар шаардлага тавигдахыг ажлын хэсэг ярилцаж байна.
-Дархан-Уул, Эрдэнэтийг хот болгох асуудал орж ирж байгаа. Тэгэхээр хотын статусаа дагаад дүүрэг, иргэдийн хурал гэх мэт асуудлууд гарч ирнэ. тэгэхээр энэ асуудлыг Үндсэн хуульд бус органик хуулиар зохицуулна гэсэн үг үү?
-Улсын хэмжээний болон орон нутгийн харьяалалтай хотыг түүний өөрийн удирдлага, засаг захиргаа нутаг дэвсгэрийн зохицуулалтыг хуулиар зохицуулна гэсэн заалт орж ирж байгаа. Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт бол улсын хэмжээний хот юм. Цаашид хотууд бий болох, цоо шинэ хотууд бий болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орж ямар нь улсын хот байх вэ гэдэг нь нутгийн удирдлагын болон хот тосгоны эрх зүйн байдлын хуулиараа зохицуулагдаад явна. Үндсэн хуульд бүх зүйлийг багтаах, зохицуулах боломжгүй.
-Орон нутагт татвар тогтооно гэдэг заалт нь байгалийн баялаг ихтэй сум, аймагт хэтэрхий давуу эрх олгох вий гэсэн болгоомжлол бас байх шиг байна?
-Татвар тогтоох заалтыг хасч болно. Судлаачдын хувьд орон нутаг татвар тогтоож болно, ингэж байж нутгийн өөрөө удирдах ёс бэхжинэ гэж үзсэн. Нэгдмэл улсад орон нутгийн жижиг шинжтэй татварыг ямар хэмжээнд авч болох вэ гэдгийг тогтоож болдог, гадны жишиг бий. Гэхдээ энэ бол нийтийг хамарсан бус орон нутгийн эрх хэмжээнд таарсан асуудлыг маш олон жил яригдаж байгаад л энэ удаад оруулж ирж байгаа юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ