Багшийн дээдийн нүхэн гарц олон хүн холхисон их хөлийн газар. Тэр дундаа нүхэн гарцаар олон хүн зорчдог хэдий ч цэвэрлэгээ, засвар үйлчилгээ маш хангалтгүй байдаг талаар иргэд шүүмжилдэг. Бид тус нүхэн гарцыг зорьж байр байдалтай нь танилцлаа. Биднийг очиход шатан дээр ахимаг насны эрэгтэй морин хуурын аязыг донжтой гэгч нь тоглож сууна. Шатаар доош буувал ханын пилта нь элэгдэн, дээврээс нь борооны дусаал гоожсон бололтой шарлаж хөгцөрсөн дүр зураг биднийг угтлаа. Тунелээр цааш алхах тусам ариун цэврийн өрөөний эхүүн үнэр үнэртэж байсныг нуух юун.
Ингээд нүхэн гарцанд байрлах хэд хэдэн лангуугаар орж үзэв. Энд чихэр, жигнэмэг ус ундаанаас эхлүүлээд гоо сайхан, нүдний шил, бичиг хэрэг, гэр ахуйн бараа, түргэн хоол зэрэг олны болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүгд байх юм. Сургуулиуд амарсан ч эндэхийн гол үйлчлүүлэгч болох оюутан залуус цөөн харагдана. Түрээслэгчдийн сарын төлбөр 200 мянга байдаг бол сарын орлого 300-500 мянга байдаг гэдгийг худалдаачид онцлов.
Нийслэл хотын хэмжээнд явган хүний нүхэн гарц дөрөв байдаг бөгөөд худалдаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй нь Багшийн дээдийн нүхэн гарц. Угтаа бол тус нүхэн гарц нь ашиглалтад ороод арван жилийг ардаа үдсэн гэнэ.
Багшийн дээдийн нүхэн гарцыг Сүхбаатар дүүрэг зуун хувь өмчилдөг юм байна. Харин түрээслэгчдээс олох орлогын 40 хувийг дүүрэг, үлдсэн 60 хувийг Нийслэлийн өмчийн харилцааны газар авдаг аж. Гэсэн хэдий ч засвар үйлчилгээ хангалтгүй байхын зэрэгцээ, хүчтэй бороо ороход дусаал гоождог талаар түрээслэгчид хэлж байлаа.
Уг нүхэн гарцыг Сүхбаатар дүүргээс хариуцаж засвар хийх ёстой ч өнөөдрийг хүртэл таазнаас нь борооны ус шүүрдэг, түрээслэгчдийн талбай руу ус ордог байдал хэвээр байгаа нь ажиглагдлаа. Албаны хүмүүсийн хэлснээр нийслэлд байгаа гурван явган хүний нүхэн гарцын засвар үйлчилгээнд жилд 100 сая төгрөг төсөвлөдөг боловч тус нүхэн гарц зорчиход тухгүй бохир, заваан байсаар байна. Өөрөөр хэлбэл, багшийн дээдийн нүхэн гарц худалдаа үйлчилгээний зориулалттай ч иргэд зорчиж, үйлчлүүлэх орчин маш хангалтгүй байгааг дээрх дүр зураг харуулах байх.
ХҮНСНИЙ 20-ИЙН НҮХЭН ГАРЦ АШИГЛАЛТАД ОРООД САР ГАРУЙ БОЛЖЭЭ
Дараа нь бид Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, "Хүнсний 20"-ийн нүхэн гарцаар орлоо. Цэлгэр, цэмцгэр орчин хийгээд, өнгө үзэмж нэмсэн ханын зургууд нүдэнд туслаа. Уг гарц ашиглалтад ороод удаагүй байгаа. Нийслэлийн захирагчийн албанаас санаачлан засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн юм байна. Уг нүхэн гарц нь 1988 онд баригдаж өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгдээгүй, таазнаас ус шүүрдэг, ус зайлуулах худгийн насос ажиллагаагүй болсон, үдэш оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй байсан бөгөөд дөрвөн худалдаа эрхлэгч зөвшөөрөлгүйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байсан талаар иргэд шүүмжилсээр ирсэн.
Тэгвэл өнгөрсөн жилээс нүхэн гарцыг засварласнаар дэлхийн жишигт нийцсэн нүхэн гарц "шинээр" бий болжээ. Нүхэн гарцанд шинээр бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, дээврийн ус нэвчилтийг зогсоох, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэх, камержуулалт, шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулан ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн камерийн хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хяналт хийх боломж бүрдсэн давуу талтай юм байна.
Нийслэл хотод байрлах "төвийн" гудамжны хоёрхон нүхэн гарцыг харьцуулахад ийм байна. Жуулчдын улирал хэдийнээ эхэлж, төвийн гудамж хөл хөдөлгөөн ихтэй байгаа энэ үед барилга байгууламжийнхаа өнгө үзэмжийг сайжруулах нь нийслэлчүүд бидний нэн тэргүүний асуудал болоод байгаа гэлтэй. Ядаж л засвар, арчлалтын ажлаа тогтмол хийхгүй бол Хүнсий-20-ийн нүхэн гарц ч хэсэг хугацааны дараа Багшийн дээдийн нүхэц гарц шиг болох вий.
Холбоотой мэдээ