Чөлөөт бөхийн холбооноос насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулж, “Нурсултан ДАШТ”-д өрсөлдөх бөхчүүдийг тодрууллаа. Энэ жилийн тэмцээнд олон шилдэг бөхчүүд зодоглосон ч ээж болж, спортоос түр хөндийрөөд байсан тамирчид олны анхааралд байв. Ихэнх эмэгтэй тамирчид үрийн зулай үнэрлээд их спортоос хөндийрдөг бол чөлөөт бөхийн тамирчид дунд гайхалтай эргэн ирэлтийг хийж байгаа тамирчид байгааг энэ удаагийн тэмцээн харууллаа.
18 насандаа дэлхийн аварга болж монгол түмнээ баярлуулж байсан Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа нар жиндээ шилдэг нь байж, “Нурсултан 2019”-д өрсөлдөх эрхээ авлаа. Тэд ирэх есдүгээр сард Казахстанд болон ДАШТ-д "Токио 2020" олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ.
57 кг-д С.Цэрэнчимэд хамгийн хүчтэй өрсөлдөгч А.Батцэцэгийг ялсан бол 76 кг-д хашир туршлагатай О.Бурмаа түрүүлж 37 насандаа дахин дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрхээ авч чадсан нь бахархууштай. Тамирчин ээжүүд үүргээ сайн биелүүлж, дархан аваргууд гэдгээ дахин дахин нотолж чадав.
Сонирхолтой нь, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр тэдний багш юм.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ