Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадам эхлэхэд 17 хоногийн хугацаа үлдлээ. Наадам дөхсөн үед бөхчүүд тус тусын харьяа, спорт клубийн бэлтгэлд гарсан ч өчигдөр олон бөх наадмын өмнөх сорилгод барилдахаар Улаанбаатарт ирсэн.
1940 оны Төрийн их наадамд ес даван түрүүлж, алдарт арслангуудын эгнээнд багтсанаас гадна төр нийгмийн зүтгэлтэн улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит барилдаан Бөхийн өргөөнд боллоо. Гэхдээ энэхүү 128 бөхийн сорилго барилдаан багагүй эсэргүүцэлтэй тулгарлаа. Барилдаанаас өмнө Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж, допингийн гэнэтийн шалгалтад бүдэрсэн таван бөхийн эрхийг хугацаанаас нь өмнө сэргээсэн нь асуудал дагуулсан юм.
БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд 43 бөхөөс шинжилгээ авахад долоон бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн барилдах эрхийг 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс 2020 оны хоёрдугаар сарын 1 хүртэл хоёр жилээр хасаад байсан юм. Гэвч баяр наадмын өмнө зургадугаар сарын 22-д Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нарыг өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, гэм буруугаа хүлээсэнд эрхийг нь хугацаанаас нь өмнө сэргээжээ. Энэхүү шийдвэрт дургүйцсэн бөхчүүд өчигдрийн барилдааны үеэр маргаан гаргасан юм.
Барилдах эрх нь сэргээгдсэн Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш нар бүртгэлд хамрагдаж, барилдахаар зодог шуудгаа өмсөн Бөхийн өргөөнд ирэхэд олон бөх эсэргүүцлээ. Түүний нэг нь Улсын аварга Ч.Санжаадамба. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
–Хориотой бодис илэрсэн бөхчүүдийн эрхийг сэргээлээ. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Допинг илэрсэн 5-6 бөхийн барилдах эрхийг нь сэргээлээ гэсэн мэдээллийг аваад Улаанбаатарт ирлээ. Энд ирсэн хойноо бөхчүүдтэйгээ ярилцаад байж байна. Хугацаа нь болоогүй байна. Үндэсний бөхийн холбооны хэсэг бүлэг хүмүүс бөхчүүдийг барилдуулна гэнэ. Уг нь Бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийн төлөө явах ёстой байтал 5-6 бөхийн төлөө 1000 гаруй бөхчүүдийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргасанд бөхчүүд бид эсэргүүцэж байна.
-Бөхчүүд энэхүү шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ. Холбооны тэргүүлэгч нар шийдвэр гаргасан гэсэн. Хэн хэн шийдвэрт гарын үсэг зурсан талаар тайлбар өгөхгүй юу?
-Би допингтой холбоотой асуудлыг олон жил хорьж байна. Үүнийг хориглох нь зөв. Энэ талаар олон жил ярьж байна. Бөхчүүд эсрэг байр суурьтай байна. Би сая Ц.Магалжав, Б.Сайнбаяр нартай уулзлаа. Хэрэглэсэн хүмүүсээс нь асуу. Яагаад бусдыгаа хүндлэхгүй ингээд хэрэглээд байдаг юм. Би ганцаараа энэ талаар яриад байгаа юм шиг хүмүүс тийм ойлголттой байна. Бөхчүүд үүнийг эсэргүүцэж байна. Улсын харцага М.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, бөх тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нарын найман хүн эсэргүүцэж гарын үсэг зурсан байна. Энэ хүмүүс бөхчүүдийнхээ эрхийг хамгаалах гэж холбоондоо ажиллаж байна. Гэтэл 5-6 бөхийн төлөө 500-600 бөхийн эсрэг шийдвэр гаргачихсан байна. Үүний төлөө бид явж байна. Хэн барилдах, барилдахгүй нь хамаагүй. Гол нь энэ асуудлыг яриад байгаа юм.
-Энэхүү шийдвэрт Бөхийн холбооноос ямар байр суурьтай байна вэ?
-Холбоо ямар ч байр суурьгүй байна. Удирдлагууд нь байхгүй байна. Ийм шийдвэр гаргачихсан байна гээд сууж байна. Наадмын бэлтгэл жигдэрч байгаа үед ийм мэдээлэл гарчихлаа. Монгол бөх шударга байх ёстой. Допинг гэдэг зүйл ямар хор нөлөөтэй билээ. Үүнийг дэлхий нийтээрээ допингийн эсрэг тэмцэж байна. Монгол бөхийг удам, уламжлал дагадаг. Тийм болохоор ийм зүйлийг манай бөхчүүд хэрэглэхгүй байхыг уриалж байна. Аварга цолтой хүний хувьд хэлмээр байна. Энэ талаар олон жил тэмцэж байна.
Ч.Санжаадамба аварга допинг хэрэглэсэн бөхчүүдийг би ганцаараа эсэргүүцээд байгаа юм биш, үүний эсрэг олон бөх байгаа гэдгийг хэлж, бөхчүүдийг нээлттэй ярилцахыг хүслээ.
Барилдах эрх нь сэргээгдсэн Улсын заан Б.Пүрэвсайхан барилдахаар зодог шуудгаа өмсчихсөн Бөхийн өргөөнд ирсэн байсан. Түүний хувьд энэ шийдвэр гарсны дараа цахим бүртгэлд хамрагдаж, наадмын сорилго барилдаанд барилдахаар иржээ.
“Бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаад таван бөхийн эрхийг сэргээсэн. Шүүхийн шийдвэр гарсан. Мөн бидний барилдах эрхийг сэргээлээ. Бид наадмын өмнөх сорилго барилдаанд барилдъя гэж цахим бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Наадмын бэлтгэлд гарсан байгаа. Бэлтгэл сургуулилт сайн байгаа. Бид ном журмынхаа дагуу барилдахаар ирлээ. Гэтэл Ч.Санжаа аварга барилдуулахгүй гээд эсэргүүцээд байна. Ийм л юм болж байна. Шүүхийн шийдвэр болон Бөхийн холбооны шийдвэрийг дагахгүй байна” гэж улсын заан Б.Пүрэвсайхан хэллээ.
Бөхчүүд янз бүрийн байр суурийг хэлж байна. Зарим бөх барилдах нь зөв гэхэд зарим нь хугацааг нь дуусгах хэрэгтэй гэж байлаа. Шийдвэр гарсан бол түүнийг биелүүлэх хэрэгтэй гэсэн бөх ч байв. Барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдээс Б.Тайван, Н.Батсайхан, Б.Бадамгарав, Ш.Мөнх-Од нарын аймгийн арслангууд барилдаагүй байна.
“Баяр наадмын комиссоос гарсан байх. Тэргүүлэгч нь яагаад ийм асуудал гаргасныг үнэхээр мэдэхгүй юм. Нөгөө бөхчүүд нь барилдана гээд хүрээд ирлээ. Тэгвэл гаргасан шийдвэрээ зөрчиж байвал бид барилдахгүй гээд бусад бөхчүүд нь эсэргүүцээд байдаг. Энд барилдаж бөхчүүдийн олонхи нь барилдахгүй гээд зогсчихлоо. Асуудалд орсон бөхчүүд нь үзэгч, бөхчүүдээ хүндэтгээд барилдааныг үргэлжлүүлэхээр боллоо. Ийм л юм болж байна” гэж барилдааны хөлийн цэцээр ажилласан гавьяат дасгалжуулагч, улсын арслан Б.Ганбаатар хэллээ.
“Бөхийн холбооноос эдгээр таван бөхийг наадамд барилдахгүй байх талаар арга хэмжээ авах байх. Наадмын өмнө шийдвэр гаргадаг нь буруу” гэж бөхийн зүтгэлтэн хэлж байв.
Холбоотой мэдээ