Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

-Томчуудын хайр дурлал, гэр бүл гэгч тоглоомын золиос нь яавч хүүхэд биш шүү гэдгийг бяцхан охины биедээ ахадсан зовлон монголчуудад ухааруулж чадсан байгаасай гэж найдъя-

Монголын нийгэмд цочроо өгөөд харамсалтайгаар хорвоогоос буцсан дөрвөн настай охины үхэл, Т.Цогт, Г.Маралмаа, н.Өнөржаргал нарын гэх гурвалжин дурлал, энэхүү гэр бүлийн эмгэнэлт асуудал тэр чигтэй манай нийгэмд хэдийнэ дасал болсон, гэмт хэргийн үүр уурхай болж буй олон чухал асуудлыг хөндөж гаргалаа. Үүнийг баялаг тойрсон увайгүй хэрүүлд толгой мэдүүлчихээд байгаа хууль батлагчид, бодлого боловсруулагчид олж харсан эсэхийг мэдэхгүй байна.

Цагдан хорих 461 дүгээр ангид Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр болсон бөгөөд олон нийт зүгээс буруутанд зохих ёсны шударга шийдвэр оногдуулах ёстой гэсэн байр суурьтай байсан боловч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Шүүх хурлын үеийн процесс, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээс харахад зодуурын улмаас өвдөж, шаналж байгаа охиндоо суран бүсний “сургамж” үзүүлдэг аав, өрцнөөс нь унаагүй ч өөрийнх нь охин шиг нялх амьтныг өдөржин тамалж, тарчилгаж бахаа хангаж суусан хойд ээж, арван сар тээж төрүүлсэн охиноо ачилж, хайрлаж чадаагүй эх, хөх няц болсон хөөрхий охиныг алга дарамхан цаасаар барьцаалсан эмч гээд хайр, энэрлийг амсч мэдрээгүй буцсан алгын чинээхэн охины амиа алдсаны бурууг өнөөдрийн нийгэмээс хайх ёстой юм.

Шүүх хурлын үеэр эцэг нь “Хэрэв цэцэрлэг байсан бол миний охин амьд байх байсан” гэжээ. Харгис, хэрцгий эцгийн дэндүү увайгүй мэдүүлэг ч гэлээ нөгөө талаас нь харвал хөөрхий охин цэцэрлэгт явдаг байсан бол хүчирхийлэл, тамлалыг арай бага амсах байсан ч байж магадгүй юм гэсэн бодол төрж байна. Адаглаад л ангийн багш нь хөх эрээн болсон биеийг нь анзаарч харах байсан биз.

Монголын улстөрчид нүүрс, алт, зэсийн хэрүүлээр өвчлөх зуур нийгэм дэх хариуцлага, хүн чанар, гэр бүлийн нандин харилцаа улам харгис хэрцгий , хүйтэн цэвдэг болсоор. Гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл, цоожтой хаалганы цаадах хүүхдийн зовлонтой амьдрал, нүд сэтгэлдээ нулимстай үдсэн өдөр хоногууд манай нийгэм нэг л биш байгааг сануулах хэдий ч төр засгийн зүгээс авч байгаа дорвитойхон арга хэмжээ алга. Их л сайндаа хэрэг гарсны дараахан сошиал ертөнцөөр хэсэг шуугиад л өнгөрөх нь хэвийн үзэгдэл болжээ. Монголын арван хүүхэд тутмын гурав нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн судалгаа байдаг. Үлдсэн долоон хүүхэд ямар нөхцөл, ямар бэрхшээл, ямар амьдрал дунд өдрийг хоолтой, хоолгүй өнгөрөөж байгаа вэ? гэдэгт манай улстөрчид, эх орончид анхаарлаа хандуулж, дүгнэлт хийх болоогүй юу.  Уул уурхайн увайгүй хэрүүлээ хэзээ дуусгах вэ. Баялаг булаацалдсан хэрүүлээ түр орхиод  улс орныг минь авч явах ирээдүйн залуус хэн болж төлөвшиж, хүмүүжиж байгааг хараад үзвэл илүү эмгэнэлтэй дүр зураг харагдаж магадгүй юм шүү. Хүүхэд болгон сурч боловсрох эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тунхаглалын шинжтэй энэ эрх өнөөдөр зөрчигдөж байна.  Хүүхэд болгон цэцэрлэг, сургууль сурах энэ эрхийг хамгийн ихээр зөрчиж байгаа улстөрчид хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавихаа болиочээ гэмээр байна. Баянхонгор аймгийн Баянлигт гэхэд “Шинэ сум” төслийн хүрээнд 10 тэрбумаар 620 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр,захиргаа, 250 хүний суудалтай спорт заал барьж өгч байв. Гурван мянга хүрэхгүй хүн атьай суманд 250 хүний суудаүлтай спорт заал ямар ч хэрэгтэй юм, бүү мэд. Одоо тэгээд ашигладаг ч юм уу, үгүй ч юм уу гээд яривал асуудал их. Энэ мэт мөнгөөрөө нийслэлд дутагдаад байгаа цэцэрлэг, сургуулийг нь бариад өгчихөж болмоор. Гурван тэрбумын үнэтэй хогны уут үйлдвэрлэсэн мөнгөөрөө хоёр ч цэцэрлэг барьж болох байлаа.

Шүүгдэгч Г.Маралмаа бөөлдөг, сахиус нь буухаар охины “бузрыг арилгана” нэрээр зоддог байсан талаар гэрч, хохирогч нар мэдүүлжээ. Эндээс манай нийгмийн нэг эмгэнэл шахуу болчихоод байгаа тэнгэрийн од шиг олширсон бөө нартай холбоотой асуудал ч хөндөгдөж байна. Бөө гэхээрээ хүн зодож,  улаан цагаандаа гарч, бусдын эрх чөлөөнд халдаж, хэн нэгнээс мөнгө нэхэж, архи ууж, ан амьтны амийг хороож болно гэсэн үг биш шүү дээ. Аливаа зүйлийн хэм, хэмжээ алдагдахаараа араасаа том асуудал дагуулдгийн нэг тод жишээ. Хүн шалзлаад алчихсан, хутгалаад хөнөөчихсөн, бусдын залилсан гэх бөө нарын хэрэг сүүлийн үед багагүй гарах болсныг хуулийнхан хүртэл сануулах болсон.

Монголын айл болгон нэг бөөтэй, өрх болгон нэг “харлагч”-тай гэж ярьдаг нь  оргүй үг биш. Бөө, удган хүн бусдыг айлгаж, дарамталдаг, бусдын зовлонгоор мөнгө олдог, залилан хийж болно гэсэн хууль Монголд байхгүй. Мухар сүсэг хэт ихэдвэл зовлонгийн далай болох эрсдэлтэй. Хорвоо ертөнц гэрлийн хурдаар хөгжиж байхад монголчууд бусдын зургаар сор залж, хараал жатгын маягтай үйлдэл хийгээд сууж байж боломгүй. Хэт их материаллаг хэрэгцээг шүтэх тусмаа монголчууд гэр бүлийн нандин харилцаа, эхнэр нөхрийн хүндлэл, ээж, аавын үүргээ гээж байгааг энэхүү эмгэнэлт хэрэг харууллаа.

Монголчууд эрхээ эдлэхийн хэрээр үүргээ мэдэхээ больчихсон, тэр тусмаа гэр бүлийн орчинд үүрэг, хариуцлагаа мэддэггүй эцэг эхчүүд олширч байна. Үр хүүхэд гаргаснаар гэр бүл болчихдоггүй гэдгийг бяцхан охины биедээ ахдам зовлон нотлоод өглөө.

Хүүхдийн эрх хаана хамгийн ихээр зөрчигдөж байна вэ гэвэл гэр бүлийн орчинд. Хүүхдийн эрхийг хэн хамгийн ихээр зөрчиж байна вэ гэвэл түүний эцэг, эх, ойр дотныхон. Сүүлийн таван жил гэхэд 18-20 мянган гэр бүл салсан гэх статистик судалгаа байна. Түүнчлэн 80 гаруй мянган эмэгтэй өрх толгойлон амьдарч, тэдний гар дээр 250 мянга орчим хүүхэд өсч, хүмүүжиж байна гэсэн судалгаа хийснээ  ХАХНХЯ-ны ажилтан дуулгав. Ялангуяа шинээр гэр бүлээ батлуулсан залуу хосуудад 500 мянган төгрөгийн тэтгэмж өгөх төрийн бодлогын дараа гэр бүл салалт ёстой л борооны дараах мөөг шиг олширсон гэнэ.   Хэдийгээр хүний эрх ч гэлээ Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн хосууд салахаар бол эхнэртээ сар болгон сая төгрөг өгнө гэсэн баталгааг нотариатаар гаргуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан талаар сошиалаар нэг шоолсон. Хэдийгээр хэн нэгэнд хөгжилтэй ч санагдаж болох ч цаанаа бол эмгэнэл шүү дээ. Монголын нийгэм дэр гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаа ийм шаардлага тавих хэмжээний дор орсон гэсэн үг. Өнөөдрийн нийгэм дэх замбараагүй бэлгийн харилцаа, төлөвлөлтгүй , үүрэг хариуцлагагүй гэр бүлүүдийн тоо өдрөөс өдөрт өсч байгаа нөхцөлд аргаа барсан хүний авч байгаа арга хэмжээ. Ядаж л дунд нь хүүхэд хохироогүй гэсэн арга.

Шүүх хурлын үеэр Т.Цогт “Ханиа буруу сонгосон нь миний алдаа” гэж буруугаа хүлээж. Түүн шиг амьдралынхаа ханийг зөв сонгож чадаагүйгээс алдсан, аав ээжийнхээ алдаанаас болж амиа алдахаа байг гэхнээ урд, хойд эцэг, эхийн гар царайчлан амьдарч буй хичнээн хүүхэд Монголд байгаа бол. Ийм тоог С.Эрдэнэ сайд гаргаж үзсэн үү.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хувиар хүүхдийн эрх зөрчигдөж байгаа гэр бүлийн орчинг төлөвшүүлэх, залуусын гэр бүлээ зөв төлөвлөдөг болох талаар сайд яг юу хийв. Өнөөдөр нь бааранд танилцаад, маргааш нь нэг гэрт орчихдог залуус олон болсон, энэ нь  манай нийгэмд бараг хүлээн зөвшөөрөгдсөн үзэгдэл болчихоод байгаа шүү дээ. Томчуудын хайр дурлал, гэр бүл гэгч тоглоомын золиос нь яавч хүүхэд биш шүү гэдгийг бяцхан охины биедээ ахадсан зовлон монголчуудад ухааруулж чадсан байгаасай гэж найдъя.

Ж.НЯМСҮРЭН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж