Монгол Улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит наадмын сорилго барилдаан Бөхийн өргөөнд болж байна. Бөхийн барилдаан маргаанаар эхэлж, зарим бөхчүүд барилдсангүй. Барилдах эрх нь сэргээгдээд байгаа улсын заан Б.Пүрэвсайхан, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын таван бөхийг энэ жилийн наадмаар барилдуулахгүй гэж бөхчүүд эсэргүүцжээ. Мөн барилдааны өмнө бөхчүүд зохион байгуулагчид ойлголцож чадсангүй.
Улсын аварга Ч.Санжаадамба “Үндэсний бөхийн холбооны хэсэг бүлэг допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулна гэж байна. Уг нь бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Гэтэл 5-6 хүний эрх ашгийн төлөө 1000 гаруй бөхчүүдийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргасанд бөхчүүд бид эсэргүүцэж байна. Допингийн асуудлаар надаас гадна олон бөхчүүд эсрэг байр суурьтай байдаг. Энэ талаар олон жил явж байна. Бөхчүүд энэ талаар их эсэргүүцэж байна. Холбооны удирдлагууд байхгүй гэтэл ийм шийдвэр гаргачихсан гээд байдаг. Аварга цолтой хүний хувьд бөхчүүд маань хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг уриалж байна” гэж хэллээ.
Барилдах эрх нь сэргээгдсэн улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нар өнөөдрийн барилдаанд барилдахаар ирсэн байв. Тэд бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч барилдсангүй.
Улсын заан Б.Пүрэвсайхан “Бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаад таван бөхийн эрх сэргэсэн. Бид наадмын өмнөх сорилго барилдаанд барилдъя гэж өчигдөр цахим бүртгэлд бүртгүүлсэн. Бөхийн холбооны шийдвэрийг дагахгүй байна. Бид нарын нэрс оноолтод орчихсон байгаа. Гэтэл өнөөдөр ийм асуудалтай тулгарлаа” гэж хэллээ. Тэрбээр хэсэг бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан учир бөхийн барилдааны нэгийн даваанд гарсангүй.
Барилдааныг зохион байгуулагчид Бөхийн холбооны шийдвэр гарсан учир таван бөх барилдах эрхтэй болсон гэдэг тайлбарыг өгч байна.
1940 оны Улсын баяр наадамд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит наадмын сорилго барилдаанд 126 бөх барилдаж байна. Энэ цагт барилдааны гурвын даваа эхэллээ.
Сануулахад, БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд бөхчүүдээс барилдааны үеэр болон гэнэтийн шинжилгээг авсан. 2017 оны 12 дугаар сар болон 2018 оны нэг, хоёрдугаар саруудад авсан шинжилгээнд 43 бөх хамрагдаж, долоон бөх хориотой эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдож, барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан билээ. Тэгвэл Бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын таван бөхийн эрхийг сэргээх шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан юм.