АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын илгээсэн захидлыг хүлээж авснаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөөдөр төв телевизээрээ дамжуулан мэдэгджээ. Хойд Солонгосын эх сурвалжийн мэдээлснээр Ким Жон Ун захидлыг “гайхалтай” хэмээн тодотгоод “чухалчлан судалж үзэхээ” илэрхийлжээ. Үүний дараа Цагаан ордноос АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчид захидал илгээснийг баталсан аж. Энэ нь хоёр орны төрийн тэргүүн өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд уулзсанаас хойших анхны шууд харилцаа юм. Трампын захидал Хятадын даргыг Пеньянд айлчилснаас хэдхэн өдрийн дараа ирснээрээ анхаарал татаж байна.
Өмнө нь Дональд Трамп ‘TIME” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр Ким Жон Уны өөрийн гараар бичсэн захидлыг хүлээж авснаа мэдэгдсэн билээ.
АНУ-аас Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрөө бүрэн орхисны хариуд эдийн засгийн хоригоо цуцлах санал тавьсан бол Пеньян энэ үйл явцыг алхам, алхмаар хийх хүсэлтэй байгаа аж.
Эх сурвалж: Associated Press