УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлгийг зургадугаар сарын 18 нд хийж , хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг ирэх долоо хоногт буюу энэ сарын 26-ны өдрөөс эхэлнэ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийн 11.4 т “ Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бгөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санаа бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж дүгнэлтээ гаргана гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Б. Саранчимэг сонсогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонслоо.
Хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн 4, 5, 15 хорооны иргэдийн төлөөлөл 400 орчим хүн хамрагдлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн , Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлахч Д. Лүндээжанцан, Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх н. Солонго нар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар болон Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаад байгаа талаар танилцууллаа.
Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэжиж буйгаа илэрхийлээд , цаашид хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн явцад Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-гүй байх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тоо болон томилогдох хугацааг эргэн харах, сум, дүүргийг ижил түвшинд авч үздэг байдлыг өөрчлөх зэрэг саналыг түлхүү хэлж байлаа. Мөн хүний эрхийг хангасан, хүндээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх суурийг тавих хэрэгтэйг хэлж байсан юм.
УИХ-ын гишүүн Б. Саранчимэг “ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулж ард иргэдээс санал, шүүмжлэл байнга хэлдэг. Үндсэн хуулиар бид эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэж заасан байдаг. Монгол Улс 360 гаруй сумтай, энэ сум дунджар 3000 гаруй иргэдтэй байхад сумын статус, дүүргийн статус адилхан байх жишээтэй. Тиймээс дүүрэг сумын статусыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Энэ хэлэлцүлэгийн үеэр иргэд маань санал бодлоо хэлж байна. Би өөрөө үндсэн хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаагийн хувьд тэдний саналыг сонсож дуу хоолой нь болж ажиллах болно “ гэдгийг онцоллоо.
Иргэд үндсэндээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.
Ялангуяа, сумын иргэд нь Засаг даргаа сонгодог болох, сумын Засаг дарга багийн Засаг даргыг томилдог болох саналыг иргэдийн дийлэнх олонхи нь дэмжиж байлаа.
Ийнхүү иргэд нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар бүхэлд нь асууж, хариулт авахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлсэн юм.
Ш.ЧИМЭГ
.
Холбоотой мэдээ