“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Жагсаал ба Үндсэн хууль
Гурван парламент дамнан боловсруулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ өнгөрсөн мягмар гаригт хэлэлцэн “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Санал хураалтад нийт 62 гишүүн оролцсоноос 61 нь дэмжив.
Эрх баригч нам 64 кнопоо ашиглан, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хөдөлсөн нь зарим улс төрийн намын эсэргүүцэлтэй тулж байна. Тухайлбал, Ардчилсан нам төслийг дэмжих боломжгүй болохоо мэдэгдсэн нь эрх баригч нам сөрөг хүчингүйгээр хуулийн төслийг хэлэлцэхээс аргагүйд хүрээд буй юм. Мөн Монголын Ардчилсан холбооны ахмад гишүүд “Тарах болзлоо хангасан УИХ Үндсэн хуулиар тоглох эрхгүй. Цаг алдалгүй парламент тарах шаардлагатай” гэж мэдэгдсэн.
ИЗНН “УИХ-ын 64 гишүүний санаачилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нь эрх тушаал, эдийн засгийн сонирхолдоо хөтлөгдсөн бүлэглэл, эрх ямба явцуу эрх ашгаа улам баталгаажуулж ядуурсан ард иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг хангаж сайн сайханд хүргэхэд чиглэгдсэнгүй. Нам бүлэглэлийн эрх мэдлийн төлөөх улайрал тэмцэл нэвт шувт шингэж, ард түмний эрх ашиг хөсөр хаягдсан байна” гэж үзэн УИХ-д шаардлага хүргүүлээд байна.
Харин эрх баригч нам Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөл нь иргэдэд баялгийн тэгш хуваарилалт бий болгох, иргэд нь сумын Засаг даргаа сонгох, давхар дээлийг тайлах, шүүхийн хараат бус ажиллагааг бүрдүүлэх зэрэг дэвшиллтай заалтууд суусан гэж тайлбарлаж буй юм.
Одоогоор парламентын гишүүд тойрогтоо ажиллан, сонгогчиддоо дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулж байна.
УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн өдөртэй давхцуулан Т.Энхсайхан тэргүүтэй хэсэг иргэд лам нарын хамтаар Төрийн ордны баруун талд аргал хомоол шатааж, лам нар нь ном уншин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан нь Ардчилсан намыг шүүмжлэлийн бай болгов.
Хүн бүрт, улс төрийн нам бүхэнд жагсаал зохион байгуулах эрх бий ч түүнд лам нарыг татан оролцуулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Гэсэн ч Ардчилсан нам тэмцлээ зогсоосонгүй маргааш өдөр нь үргэлжлүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцрохыг шаардаж, зургийг нь шатаасан.
МАН-ын зүгээс эл үйлдлийг нь буруушаан хэвлэлийн хурал хийж, Засгийн газраа тогтвортой ажиллуулахын төлөө ажиллах болно. Ардчилсан нам нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр санхүүжүүлж байна. Бохир тэмцлээ зогсоо” гэж мэдэгдээд байгаа юм.
Томилгоо
Засгийн газар лхагва гаригийн хуралдаанаараа хэд, хэдэн концессыг цуцалж, томилгоо хийлээ.
Тодруулбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилсон нь төв банкны хүн яван, явсаар Засагт ирсэн сонирхолтой томилгоо болсон юм.
Г.Басгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон тул Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын суудал эзгүйрээд байсныг ийн нөхлөө. Гэхдээ дээрх томилгоотой холбоотойгоор Засаг ойрын хугацаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргыг томилох бас нэгэн томилгоог хийх шаардлага үүсээд байна.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан бас нэг анхаарал татах шийдвэр нь концессын гэрээг цуцлав.
Уг гэрээг цуцлахгүй бол төрд ихээхэн дарамт үүсгэхээр байгаа гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга тодотгосон.
Цуцлагдсан концесс дотор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын “Засагт чандмань майнз” компанид олгосон байсан гэрээ багтжээ. Энэ нь Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концессын гэрээ аж.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед сайд нар нь өөрсдийн хамаарал бүхий компанидаа концессын гэрээ байгуулах шийдвэр гарсан гэдэг дуулиан дэгдэж, энэ нь танхимыг нь огцруулах шалтгааны нэг болсон. Тухайн үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан юм.
Саатуулагдсан ч суллагдав
Авлигатай тэмцэх газар удирдлагаа сольсноос хойш анх удаа дуулиантай нэгэн баривчилгааг өнгөрсөн пүрэв гаригт хийсэн ч бүтэлгүйтэв.
Засгийн газрын мега төслүүдийг хариуцан ажиллаж байсан Монгол Улсын сайд асан М.Энхсайханг Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах явцад бусдад давуу эрх олгосон байж болзошгүй үндэслэлээр саатуулсан байсан юм.
Гэхдээ энэ төслийг өмнөх парламент буюу З.Энхболдын танхим хэлэлцэж эхлэлгүйгээр Засгийн газарт буцааж байсан. Хэрэв уг хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх юм бол Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ сануулсан удаатай.
Харин хэдэн жилийн дараа байгуулагдаагүй, хэрэгжүүлээгүй гэрээгээр төслийг удирдаж байсан Монгол Улсын сайд асан М.Энхсайханг саатуулсан нь Э.Бат-Үүл нарын эсэргүүцэлтэй тул, хууль зөрчсөн баривчилгаа боллоо гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Харин баасан гаригт сайд асан М.Энхсайханыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болж, шүүхийн шийдвэргүйгээр саатуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, суллах шийдвэр гаргасан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ