Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулганы хүрээнд, “XXI зууны Буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуганд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулагчаар ШУА, МУИС, ШУТИС ажиллаж буй бөгөөд өнөөдөр ОХУ-ын Буриад, Тува, Энэтхэг, Шриланка, Балба, Япон, Лаос, Камбож зэрэг улсаас ирсэн зочдод Монголын эрдэмтэн судлаачид илтгэлээ сонордуулж байгаа юм.
Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар БНЭУ-ийн Вивекананда сангийн тэргүүн Арвинд Гүпта, Олон улсын буддын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Гэвш Жанчүв Чойдон нар мэндчилгээ дэвшүүлжээ.
Хурлын эхний хэсэгт “Буддизмын оюуны үнэт зүйл ба хүн төрөлхтний хөгжил дэвшил”, “Нийгмийн өөрчлөлт ба Азийн буддистуудын энх тайвны бага хурлын чиг хандлага”, “Дэлхийн бурханы шашны өв соёлд монголчуудын оруулсан хувь нэмэр” зэрэг 18 илтгэлийг хэлэлцэж байгаа аж.
Монгол Улс нь Буддын өв соёлыг хамгаалах, өвлүүлэх, үндэсний төвийн хувьд эрдэм шинжилгээний хурлаар дамжуулан 50 жилийн турш явуулсан энхийн үйлс, цаашдын үйл ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох зорилгоо ч ил тод тайлбарлаж байна. Зургадугаар сарын 23-ны ням гаригт гадаадын 20 гаруй эрдэмтэн судлаач илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ