Өнөөдөр үдээс өмнө хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хууль санаачлагчдад нь буюу Засгийн газарт буцаахаар шийдвэрлэв. Уг хуулийн төслийг энэ сарын 12-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар хуулийн төсөл унасан боловч УИХ-ын гишүүн Н.Батцэрэг болон зарим гишүүд санал хураалтаас хоцорсон гэх шалтгаанаар горимын санал гаргаж, дахин санал хураалгаснаар хуулийн төсөл дэмжигдсэн юм. Гэвч МАН-ын бүлэг тухайн өдөр чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг хуралдааны дэг зөрчсөн хэмээн хэмээн гомдол гаргаж, УИХ-ын дарга З.Энхболд Р.Гончигдорж гишүүнд сануулга өгсөн.
Ингээд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг Засгийн газарт буцаах эхний шийдвэр хэвээр үлдэв. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин УИХ-ын даргын гаргасан шийдвэр, МАН-ын бүлгийн шаардлагыг “УИХ-д хоёр өөр стандарт тогтоож байна. Бялуу хуваах, албан тушаал хуваарилах болохоороо асуудлаа босгоод ирдэг, баялаг бүтээгчдээ хуулийнхны гох дэгээнээс гаргах гэхээр асуудлыг унагаж байна. Аль жинхэнэ стандарт юм бэ” хэмээн эгдүүцэв. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль унасан шалтгаан нь МАН-ын бүлгээс болсон бөгөөд тус намынхан Байнгын хороон дээр дэмжигдээд орж ирсэн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Авлигачдад өршөөл үзүүлэх гэж байна, АН-ынхан өөрсөддөө зориулж хууль батлах гэлээ” гэж зөрж ярьсаар унагасан хэрэг.
Х.Тэмүүжин:
-УИХ дээр ийм практик хоёр дахиа давтагдаж байна. Өнгөрсөн онд төсвийн тодотгол хэлэлцэх явцад дэд сайд байхгүй, дэд сайдад төсөв батлахгүй гэдгээр УИХ дээр санал хураагаад, асуудлыг хаачихсан байхад маргааш өдөр нь дэд сайдын асуудлыг дахиж босгож ирээд, санал хураагаад дэмжүүлчихсэн. Тэр процесс одоо болтол хууль ёсны байгаа. Сая Ил тод байдлын хууль дээр гишүүд “Санал өгч чадсангүй” гээд дахин санал хураалгасан, хуулийн төсөл дэмжигдээд хэлэлцээд явсан. Гэтэл үүнийг “хууль зөрчсөн байна” гээд хүчингүй болгочихлоо. УИХ дээр хоёр өөр практик, хоёр өөр стандарт тогтлоо. Аль нь зөв юм бэ?
Хэн нэгэнд албан тушаал өгөх, бялуу хуваах болохоороо, хэн нэгнийг өөрсдийн хөл гар болгохоороо хууль ёсны болдог. Харин баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчиддээ боломж олгоё, үүгээрээ дамжуулж хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлье, ард түмний халаас руу ордог цалинг нь таслахгүй байя, эдийн засаг унаж байгаа ийм нөхцөлд цөөхөн ч болтугай хүнийг цалинжуулаад явж байгаа бизнес эрхлэгчдээ, авлигаар биш ажил хийж мөнгө олж байгаа хүмүүсээ дэмжье гэхээр хууль бус болчихдог. Энэ ямар зарчим бэ, МАН-ынхаан. Та нарын хийгээд байгаа энэ улс төрийн золиосонд баялаг бүтээгчид чинь хуулийн байгууллагын хутганы үзүүр дээр, хуулийн нэрээр дарамталдаг нөхдүүдийн харцан дор үлдлээ шүү. Ил тод байдлын хуульд албан тушаалтан, авлигачдыг өршөөх заалт нэг ч заалт байхгүй. Өршөөдөг асуудал чинь Өршөөлийн хуулиндаа байдаг юм. Өргөн баригдаад байгаа Өршөөлийн хуульд долоохон заалт бий. Тэнд төрийн албан тушаалтныг өршөөх тухай заалт байхгүй. Хуулиа унш л даа. Уншаагүй хуулиараа улс төр хийдгээ боль. Тэр улс төрийн чинь золиосонд та нарын нэрийг нь барих дуртай “ард түмнийг” ажилтай байлгах гэж, унаж байгаа эдийн засгийг чинь босгох гэж ядарч яваа тэр хүмүүсийн эрх ашиг золигдож байна. Дэд сайдын асуудал, татвар төлөгчдийн асуудал хоёр өөрөөр шийдэгдлээ шүү.
Э.ЦЭЦЭГ