Тэтгэврийн насыг нэмэх нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн насыг нэмэх нь зөв үү?

Тэтгэврийн насыг тав хүртэлх жилээр нэмэх тухай сураг өндөр настнуудын төдийгүй иргэдийн анхаарлыг татаж байгаа асуудлын нэг болоод байна. Иргэдийн амжиргааны төвшин улам дордож байгаа энэ үед тэтгэврийн хэмжээг нэмэхийн оронд ийнхүү нас нэмэгдүүлэх тухай ярьж байгааг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байна.

Харин ч эсрэгээрээ ажиллах чадвартай, чадалтай хүмүүсийг хүчээр тэтгэвэрт гаргаж байгааг  эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй. “Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын дагуу тэтгэврийн насыг даруй тав хүртэлх жилээр нэмэх асуудлыг ажлын хэсгийнхэн судлаж эхлээд байгаа. Харин иргэд аль хэдийнэ таван насаар нэмчихсэн гэх ойлголттой болжээ. Иймээс иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Одоо бол эрэгтэй 60 насандаа, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гардаг. Хэрэв 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн бол 50 насандаа тэтгэвэрт гарч буй. Харин одоо яригдаж байгаа өөрчлөлт бол 2017-2030 оны хооронд эрэгтэй 62, эмэгтэй 60 насанд тэтгэвэрт гарах боломжийг судлаж байгаа аж. Өөрөөр хэлбэл тэтгэврийн насыг нэмвэл ирэх 2017 оноос тэтгэвэрт гарах иргэдээс эхлэн энэхүү хууль хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа аж.


Энэ асуудлаар иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Сүхбаатар дүүргийн иргэн М.Оюунцэцэг

-Нийгэм тэр чигтээ стресттэй, амьжиргаа доогуур байгаа энэ үед тэтгэврийн насандаа хүрч наслах хүний тоо буурч байна. Тэтгэврийн насанд хүрч санаа амар суух гэж өндөр настнууд чинь насаараа зүтгэж, улсдаа татвараа төлсөн л байж таарна. Тэтгэвэрт гарах насаа хүлээж байгаа олон хүний хувьд дахин таван жилээр нэмэх тухай яриа гарч байгаа нь хүндхэн сонсогдож байгаа байх. Би ч яг энэ зааг дээр байгаа. Насаараа зүтгэчихээд өрөөсөн гутлын үнэнд ч хүрэхгүй тэтгэвэр авч байгаа хөгшид ч цөөнгүй байна. Нэгэнт л тэтгэврийн насныхан нь бээжин хав хөтөлж, халуун марожин долоогоод амьдарч чадахгүйгээс хойш зүэр өгч байгаа хэдэн төгрөгөө өгөөд л тэтгэвэрт гаргах нь зөв байх. Санаа амар сүүтэй цайгаа уугаад л үр хүүхдүүдээ тойруулаад суух шиг жаргал хаана байна. Насаараа ажиллачихаад дахиад таван жил гэхээр хэцүүхэн л байна.

 

Баянзүрх дүүргийн иргэн Ө.Энхтөвшин

55 нас хүрсэн атлаа мэргэжлийн ур чадвартай, ажиллах боломжтой, мэдлэг туршлагатай хүмүүс цөөнгүй байна шүү дээ. Ийм хүмүүсийг “албадан” тэтгэвэрт суулгах нь буруу гэж бодож байна.

 

Баянзүрх дүүргийн иргэн У.Дашцогзол

Миний хувьд арай л урт юм шиг санагдсан. Одоо мөрдөгдөж байгаа журмаараа байвал болох бус уу. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн энэ үед тэтгэврийн мөнгөө нэмэхгүй байж насны босгыг нэмж байгааг дэмжихгүй байна.


Харин албаныханы хэлж байгаагаар одоо судлаж байгаагаар бол тэтгэвэрт гарах насандаа хүрсэн ч дахин ажиллах хүсэлтэй иргэдэд ажиллах боломжийг хангаж, харин тэтгэвэрээ авъя гэсэн хүнийг тэтгэвэрт гаргах тухай санал илүү дэмжигдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл сонголтыг иргэдэд өөрсдөд нь үлдээх тухай түлхүү яригдаж байгаа юм байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж