Бүсгүйчүүдийг дэмжих гээд дэгээдчих вий дээ

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүдийг дэмжих гээд дэгээдчих вий дээ

-Залуу бүсгүйчүүдийг “Байн байн жирэмслээд ажил хийхгүй хүн байна” хэмээн ад үздэгээс зарим арилжааны банкууд шинэ эмэгтэй ажилтнаа гурван жил жирэмслэхгүй гэсэн гэрээгээр ажиллуулсан талаарх мэдээлэл цацагдаж байсан.  Хууль дагасан журмын дагуу хоёр жилийнх нь нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөхгүйн тулд ийм арга сүвэгчилдэг ажил олгогч нар шимтгэл төлөх хугацааг гурван жил болгон сунгаад зогсохгүй хуульчлаад өгөхөөр дуртай байх уу-

Өдгөө манай улсын нийт хүн амын 48.8 хувийг эрэгтэйчүүд, 51.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хүн амын 28.9 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, 67  хувь нь 15-64 насныхан бол  4.1 хувь нь 65 ба түүнээс дээш насны хүн ам байна гэсэн тоо гарчээ. Нийгмийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүчний харьцаанд эмэгтэйчүүд илүү оролцоотой байгаа юм. Ганцхан тоо иш татахад албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн  54 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг ажээ. Судлаачдын тогтоосноор эрэгтэйчүүд долоо хоногт дунджаар 17.5 цагийг ажил хөдөлмөрт зарцуулдаг бол  эмэгтэйчүүд 31.8 цаг зарцуулж байна. Энэ нь эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээл дээр гарч цалинтай  ажил эрхлэхийн зэрэгцээ гэр бүлийнхээ сайн сайхны төлөө үр хүүхдээ харах, өвчтэй хүн, хөгшдийг асрах, хоол хүнсээ бэлтгэх зэрэг үйл ажиллагаанд дийлэнх цагаа зарж байгааг харуулж байгаа хэрэг ажээ.

Ийм нөхцөлд шинээр батлан гаргах гэж буй Хөдөлмөрийн хуулинд нийгмийн олон талт харилцааг багтаах, тэр дундаа ажиллах хүчний тэнцвэрийг зөв барих шаардлага зүй ёсоор тулгарч байгаа.  Эмэгтэйчүүдийн  ар гэртээ зарцуулж буй хөдөлмөрийн үнэлгээг албан ёсоор тогтоосон нь үгүй ч сошиал ертөнцөөр нэгэн залуугийн эхнэрийнхээ гэртээ хийж буй ажил хөдөлмөрийг үнэлж, сард гурван сая гаруй төгрөгийн үнэлгээ тогтоосон нь бий.  Эмэгтэйчүүдийн нийгэм, гэр бүлдээ гүйцэтгэж буй үүргийг эн тэнцүү үнэлж, түүнийг бодлогод тусгах,  эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих, түүний дотор хүүхэд төрүүлсний дараагаар ажилдаа эргэн ороход дахин мэргэшүүлэх бодлогыг шинээр боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуульд хэрхэн томъёолж буйг эргэн харахыг хичээлээ.

Нөхөн үржихүйн  салбарт эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр эрчүүдээс ялгаатайг зөвшөөрч төсвийн бодлого, үйл ажиллагааг жендэрийн хандлагатай болох нь шударга  гэдгийг эрх мэдэлтнүүд хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч хуульд тэр талаарх бодлого дутмаг байгаа нь нууц биш. Өргөн барьсан Хөдөлмөрийн хуульд нөхөн үржинхүйн насны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээсээ илүүтэй хүндрэл учруулахуйц заалт орсон нь хүүхэд төрүүлсэн эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч даах тухай заалт юм. Энэ талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг тайлбарлахдаа “Хуулийн төсөлд орж байгаа бас нэг шинэ заалт нь хүүхэд төрүүлсэн эхчүүдтэй хамаатай. Эхчүүдийг хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөө авахыг Хөдөлмөрийн хуулиар зөвшөөрсөн байдаг. Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх хууль байдаггүй учраас хүүхдээ асарсан энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй, ажилласан жил тасрахад хүрдэг. Тиймээс одоогийн шинэчилсэн найруулгаар хүүхдээ гурван нас хүртэл асарч буй эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлдөг байхаар оруулж байна” гэжээ. Өнгөц сонсоход энэ нь таатай зүйл мэт, урьд өмнө нь журмаар зохицуулж байсныг хуульчилсан нь сайн хэрэг мэт сонсогдох боловч хэтдээ бол таагүй үр дагавар авчирч болохыг урьдчилан тооцоолоогүй нь харамсалтай.

Өнөөдөр аль ч байгууллага ажлын бүтээмж өндөртэй, урт хугацаанд тогтвортой ажиллах хүнийг илүүд үздэг бичигдээгүй хууль бий. Залуу бүсгүйчүүдийг “Байн байн жирэмслээд ажил хийхгүй хүн байна” хэмээн ад үздэгээс зарим арилжааны банкууд шинэ эмэгтэй ажилтнаа гурван жил жирэмслэхгүй гэсэн гэрээгээр ажиллуулсан талаарх мэдээлэл цацагдаж байсан.  Хууль дагасан журмын дагуу хоёр жилийнх нь нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөхгүйн тулд ийм арга сүвэгчилдэг ажил олгогч нар шимтгэл төлөх хугацааг гурван жил болгон сунгаад зогсохгүй хуульчлаад өгөхөөр дуртай байх уу. Харин ч бүр тэгж үргүй зардал гаргаж байхаар эрчүүдийг л сонгоё гэх нь тодорхой. Залуу бүсгүйчүүдийн хувьд  дараалан 2-3 хүүхэд төрүүлэх нь бий. Ийм тохиолдолд 6-9 жилийн турш нийгмийн даатгалын шимтгэлийг нь сэтгэл гарган төлж байх эзэн олдохгүй л болов уу. Тиймээс Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад оруулсан хүүхэд асарч буй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх заалт эхчүүд, эмэгтэйчүүдийн хувьд дэмжлэг гэхээсээ ажилд ороход нь, хүүхэд төрүүлж өсгөхөд нь чөдөр тушаа болж, боомилж мэдэх нь.

Ер нь жендэрийн үүрэг, хариуцлагыг зохистой хуваарилаагүйгээс эмэгтэйчүүд голчлон албан ёсны зохицуулалтгүй, баталгаагүй албан бус салбарт хөдөлмөр эрхлэх нь илүү байна. Албан ёсны,  байнгын ашиг орлоготой ажлын байрыг эрчүүдэд хуваарилах эздийн буруу юу, ийм нөхцөл бүрдүүлсэн хууль санаачлагч, бболовсруулан батлагчдын буруу юу гэдгийг нэгэн цагт шүүж суухын оронд хууль төрөхийн өмнө тал талаас нь нарийвчлан хэлэлцэх нь зүйтэй болов уу.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж