Монгол-Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд маргааш буюу зургадугаар сарын 19-ний өдөр Монголын ахмадын шигшээ баг алдарт "Арсенал" клубийн тоглогч асан домогт Роберт Пирес тэргүүтэй Францын ахмадын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх гэж байгаа билээ. Энэхүү нөхөрсөг тоглолтын талаар өнөөдөр МХБХ-ын байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэхүү хэвлэлийн бага хуралд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Монголын ахмадын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батсайхан, багийн ахлагч, ОУХМ Б.Буман-Учрал болон Францын “Varieties Club of France” клубийн дэд ерөнхийлөгч Колас Жaн-Клoд(Colas Jean-Claude), ерөнхий менежер Вендрос Жакиес(Vendrous Jacques) нар оролцлоо.
МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар хэлэхдээ: "Монгол-Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд хөлбөмбөгийн ахмад тамирчдын дунд нөхөрсөг тоглолтыг хийхээр төлөвлөж, Францын алдартай тамирчдыг эх орондоо уриад байна. Тус тоглолтод “Арсенал” клубын домогт од Роберт Пирэсээр ахлуулсан 30 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид манай улсад хүрэлцэн ирээд байна. Миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Франц улсад хийсэн айлчлалын бие бүрэлдэхүүнд багтсан. Энэхүү айлчлалын үеэр “Арсенал” клубын менежер бөгөөд “Varietes club de France” клубын гишүүн, ноён Арсэн Вэнгэртэй уулзаж хөлбөмбөгийн хөгжлийн талаар харилцан санал солилцсон юм. Энэхүү клуб 43 жилийн хугацаанд 45 улсад зочлон тоглосон ардын дипломат үүргийг гүйцэтгэдэг. Энэ жил манай улсыг зорьж ирсэнд ихэд билэгшээж байна. Гадаад харилцааны яам, Монголын хөлбөмбөгийн холбооны саналыг хүлээн авч манай улсын ахмадын багтай нөхөрсөг тоглолтыг хийх гэж байгаа алдартай багтаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна." гэлээ.
"Вэриэтэ Клуб дэ Франц" (Varieties Club of France) клубийн ерөнхий менежер Вендрос Жакиес(Vendrous Jacques):
-“Бид Монголд ирж тоглож байгаадаа сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн жил Финландад тоглосон. Франц хүмүүс дайчдад дуртай байдаг. Мөн Чингисийн тухай ярих их дуртай. Яагаад гэхээр монголчууд дайчин, адуучин ард түмэн. Монголын байгалийн сайхан, хүмүүсийн хүндэтгэн харьцах харьцаа бидэнд их таалагдаж байна. Энэхүү нөхөрсөг тоглолт Монгол, Франц улсуудын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болж байна. Францын ерөнхий сайд Монгол улсад айчлана гэж бодож байна. Энэхүү айлчлалын өмнө бид нөхөрсөг тоглолтыг хийхээр ирлээ. АНУ зэрэг хөгжингүй орон руу очиж тоглоно гэдэг бол бидний хувьд байж болох зүйл ч Монгол Улсад ирээд тоглох нь бидэнд бардамнах, сэтгэл хангалуун байхыг илэрхийлж байна. Маргааш болох нөхөрсөг тоглолтын олон хүн үзнэ гэдэгт итгэж байна. Бидэнд танай орон маш их таалагдаж байна.”
The Varieties Club of France нь 1971 онд байгуулагдаж, энэ жил 44 дэх улирлаа үдэж буй урт удаан түүхтэй клуб юм. Энэхүү баг 1983 онд нэг сарын дотор дэлхийн бүх тивд зочилж тоглолт хийсэн, Бразилийн алдарт Маракана цэнгэлдэхэд тоглосон, удаан тоглолтын дээд амжилт тогтоож, Гиннесийн номд бичигдсэн гээд олон содон амжилтыг тогтоож байсан алдартай баг. Бразилийн Мараканад Францаас өмнө нь “Марсель”, үндэсний шигшээ баг л тоглож байсан бол The Variety Club of France тэдний араас залгаж байж. Мөн хөлбөмбөгийн талбайд тасралтгүй 35 цаг, 02 минут тоглож, 1985 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн батламжаа гардаж авч байжээ. Хойд тул гэж хэлж болох Гренланд, Израилийн хавчлагад зовж зүдэрсэн Палестин, Барууны орнуудтай үзэл суртал таарахгүй Куба гээд газар сайгүй очиж, хөлбөмбөгөөр дамжуулан хүмүүст баяр баясгалан бэлэглэдэг түүхт баг ажээ.
The Varieties Club of France баг байгуулагдсанаасаа хойш 43 жилийн хугацаанд 45 улсад зочлон тоглолт хийсэн бөгөөд энэ жил Монголд хийх тоглолт нь Монгол, Франц улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой давхцаж байна.
Монголын ахмадын шигшээ баг алдарт "Арсенал" клубийн тоглогч асан домогт Роберт Пирес тэргүүтэй Францын ахмадын шигшээ багтай нөхөрсөг тоглолт маргааш буюу зургадугаар сарын 19-ний баасан гаригийн 14.00 цагт МХБХ-ын төв цэнгэлдэхэд болох юм.
Ч.БОЛОРЧУЛУУН