Гүржид өрнөж буй нийтийг хамарсан үймээний улмаас ОХУ тус улс руу үйлдэх бүх нислэгээ түр хугацаагаар зогсоожээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар Гүрж рүү нисэх бүх онгоцны нислэгийг ирэх долдугаар сарын 8-ныг хүртэл түр цуцалжээ. Түүнчлэн ОХУ-ын албаныхан жуулчлалын агентлагуудад хандан Гүрж болон хөрш орнуудад хийх аяллын маршрутаа зогсоохыг уриалсан байна.
ОХУ-ын парламентын гишүүн Сергей Гаврилов өнгөрсөн Пүрэв гаригт Гүржийн парламентад үг хэлснээс үүдэн жагсаал цуглаан гарч, улмаар үймээн болон хувирчээ. Үймээн, жагсаалын үеэр 240 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Жагсагчид эхлээд парламентын ордон руу дайрснаас цагдаа нартай мөргөлдөж, үймээн газар авчээ. Улмаар үймээн самуунд хариуцлага хүлээн, Гүржийн парламентын спикер Иракли Кобахидзе албан тушаалаасаа огцорсон байна. Тэрбээр ОХУ-ын парламентын гишүүнийг урьж үг хэлүүлсэн аж.
ОХУ болон Гүржийн хоорондох зөрчил 11 жилийн өмнө болсон Өмнөд Оссетийн дайнаас хойш намжилгүй өдийг хүрсэн юм. Гүрж 1991 онд хуучин Зөвлөлт Холбоот улсаас тусгаар тогтнолоо зарлахад салан тусгаарлагчид Абхаз болон Өмнөд Оссетийн бүс нутагт зөрчил үүсгэсэн байна. 2008 оны наймдугаар сард Гүржээс Өмнөд Оссетийг буцаан авахыг оролдоход ОХУ-аас цэргээ оруулж дайн гарсан юм. Гал зогсоох гэрээ байгуулсны дараа ОХУ нь Гүржээс цэргээ бүрэн татсан боловч Өмнөд Оссет, Абхазад тодорхой тооны цэргээ үлдээжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ