Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо/НАМЗХ/-ны ээлжит бус чуулган өнөөдөр болж, тус холбооны даргаар Шадар сайдын зөвлөх Н.Учралыг сонгоод байна. Тэрээр чуулганд оролцсон гишүүдийнхээ 70 гаруй хувийн дэмжлэг хүлээж, сонгогдсон юм. Түүнээс дараах тодруулгыг хийлээ.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулган нь хууль бус гэлээ. Үүнд ямар тайлбар хийх вэ. Чуулганд оролцогчдын насыг тодруулбал?
-НАМЗХ-ны салбар байгууллага болох Нийслэлийн НАМЗХ-оо ээлжит бус чуулганаа хийлээ. Дүрмэнд шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган зарлах товыг ерөнхийлөгч Удирах зөвлөлд оруулж, олонхийн саналаар шийддэг дүрмийн дагуу Г.Тэмүүлэн даргаар ахлуулсан Удирдах зөвлөл 11 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, 6х5 харьцаатай шийдсэн.
Энэний дагуу ерөнхийлөгч ээлжит бус чуулганы тов зарлаад Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйд албан бичиг хүргүүлсэн. НАМЗХ-ны V Их хурлын өмнө ээлжит бус чуулганыг хийх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн, чуулган зохион байгуулах ажилд орсон. Бэлтгэл хангасан, тэр дагуу чуулган боллоо.
Нийслэлийн МАН-ын хороо дөрвөн дэд даргатай, гурав нь оролцлоо. Нийслэлийн МАН-ын хорооны дарга дэмжиж оролцлоо, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ мөн оролцож байр сууриа илэрхийлсэн. Энэ бол дүрмийнхээ хүрээнд явж байгаа чуулган гэдгийг илэрхийлнэ.
НАМЗХ-ны үндсэн дүрмэнд гишүүдийнх нь нас 16-35 гэж заасан. Тэгэхээр НАМЗХ-ны V Их хуралд оролцох төлөөлөгчид энэ насанд байх ёстой. Энэ наснаас давсан хүмүүс байхаар залуучуудад хохиролтой сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж чадахгүй, нийслэлд төлөөлөх эрхээ алдаж байгаа. Ийм учраас насны хязгаар буюу дүрмээ баримталсан чуулган зохион байгууллаа. Салбар, салбартаа манлайлагчид оролцсон гэж хэлж болно.
Нэг зүйлийг онцолж хэлэхэд, ах нар дүү нартаа хариуцлагатайгаар ачаагаа үүрүүлэх цаг ирлээ. Ах нар ёс суртахуунтай байх ёстой. Нийслэлийн ерөнхийлөгчийн зарласан, Нийслэлийн намын хорооны зарласан хүчин төгөлдөр чуулган. Энэ талаарх сөрөг мэдээлэлд манай олон залуус эмзэг ханддаг. Тийм учраас НАМЗХ-ны V Их хуралд Нийслэлийн НАМЗХ-оо шинэ бүрэлдэхүүнээр оролцоно гэдгийг илэрхийлье.
-Н.Номтойбаяр нарын гишүүд “Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны ерөнхийлөгч биш” гэж мэдэгдлээ.
-Их хурлаар НАМЗХ-ны ерөнхийлөгчийг сонгодог, дүрмээрээ. Одоо бид V Их хурлаар шинэ ерөнхийлөгчийг сонгоно. Тэр хүртэл Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгчөөр ажиллана. Энэ хүн гадаадад суралцах хугацаандаа түр чөлөө авсан буюу Монголдоо ирээд ажлаа хийж байна. Тийм учраас энд ерөнхийлөгч биш, ерөнхийлөгч гэдэг асуудал байхгүй. НАМЗХ-оо ганцхан ерөнхийлөгчтэй, тэр хүн нь Л.Оюун-Эрдэнэ, V Их хурал хүртэлх хугацаанд түүний алба хүчин төгөлдөр үйлчилнэ.
-НАМЗХ-оо хоёр хуваагдаад байна. Хагарлыг Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр гэдэг хоёр хүн хийгээд байна гэх. Энэ тохиолдолд Нийслэлийн НАМЗХ-г удирдахад амаргүй байх болов уу?
-НАМЗХ-оо хоёр хүний төлөө ажиллахгүй. Энэ холбоо бол Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр гэдэг хүний байгууллага биш, Монголын олон мянган сайхан залуучуудын байгууллага байх ёстой. Нэг ёсны нийслэлд МАН-ыг ялалтад хүргэх, залуучуудын дуу хоолой болсон, залуучуудаас бүрдсэн байгууллага байх ёстой.
2012 оноос хойш би Нийслэлийн МАН-ын хороон дээр Улстөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, тэр цаг үеэс залуучуудтайгаа ажиллаж байгаа, тийм учраас нийслэлийнхээ залуучуудтай тулж ажиллана.
Дээгүүрээ хэдэн хүн хагаралдаад байгааг мэдэх юм алга. Миний мэдэж байгаа зүйл бол маш олон залуус энэ асуудалд эмзэг ханддаг. Бид бүхнийг төлөөлөх хүмүүс 40 нас гарчихсан, V Их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байгаа хүмүүсийн 18 нь нас хэтэрсэн. Энэ бол байж болшгүй зүйл. Яагаад гэвэл залуучууд сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой. Гэтэл бидний өмнөөс энэ хүмүүс орох гээд байна, ах эгч нарыгаа уръя, гэхдээ санал таслах эрхгүйгээр оруулъя гэж ярьж байна. НАМЗХ-оо үе үеэрээ, ах нар нь дүү нартаа албаа өвлүүлээд үргэлжлүүлээд явдаг л байгууллага. Үүнийг талцуулаад хэвлэлээр сөргөлдөлцүүлээд байх хэрэггүй.
-Таныг Нийслэлийн НАМЗХ-ны даргаар томилоход ирц ямар байсан бэ. Чуулганд баахан оюутан авчирч оролцууллаа гэх юм?
-Ирц 76 хувьтай байсан. Энэ хурлын нэг онцлог нь, нам Залуучуудын холбоо хоёр харилцаа холбоогоо сайжруулах анхны алхам тавигдсан. Төлөөлөгч сонгох журмандаа 152 үүр гэж байдаг, нийслэлд. Нийслэлийн хэмжээний 152 үүрийн төлөөллийг оролцуулаад дээрээс нь Нийслэлийн тэргүүлэгч нар, дүүргийн дарга нар квотоор орж ирээд хийж байгаа. Үүрээс сонгогдоод гараад ирж байгаа нь энгийн залуус. Анхан шатанд ажиллаж байгаа залуус үүрээр дамжаад чуулгандаа төлөөлөгчөөр орж ирсэн гэсэн үг.
152 үүрийн төлөөлөл буюу нийслэлийн 8 дүүргээс, дээрээс нь холбоод клубудээс оролцож байна. Ийм байдлаар төлөөлөгчийг гаргаж ирэхгүй болохоор дүүргийн НАМЗХ-ны дарга гээд нөхөр найз нараа оруулж ирээд чуулганд оролцуулдаг. Ийм байдлыг халсан.
Үүрийн дарга нар энэнд маш их баяртай байгаа. Тэд “Намын Залуучуудын холбоо бидэнтэй хамтарч ажиллахгүй байна” гэж ярьдаг байсан бол одоо харин хамтарч ажиллаж болох юм байна, залуучууд маань үүрт ирж ажиллах сайхан цаг ирлээ гээд. Ийм байхад биднийгээ шүүмжлээд байх зохистой биш. Яагаад гэвэл нам анхан шат руугаа орж ажиллах ёстой. Энгийн сайхан гишүүд дэмжигчдээ дэмждэг, залуучууд нь үүртээ очиж ухуулагч хийдэг, хэрэгтэй бол жагсдаг, хэлэх үгээ хэлдэг, шударга ёсны төлөө байх юм бол залуучууд намын үнэт зүйл байна.
-Саяны чуулганаар ямар асуудал шийдэв?
-Шинэ бүрэлдэхүүнээ баталлаа, НАМЗХ-ны V Их хурлыг зохион байгуулах ажил ямар шатанд явна вэ гэдгийг тайлагналаа. Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлөө шинээр сонголоо.
Г.ДАРЬ