Гацууртын орд маргаан дагуулав

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Гацууртын орд маргаан дагуулав

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслүүдийг  хууль санаачлагч эргүүлэн татаж байгааг  танилцуулсан юм. Тодруулбал Ерөнхийлөгчөөс өргөн барьсан  Үндсэн хуулийн цэцийн  тухай хуульд өөрчлөлт  оруулах  тухай  болон дагалдан орж ирсэн  хуулийн төслүүдийг  эргүүлэн татаж авснаа мэдэгджээ.   Хуульзүйн байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийсэн ч  хууль санаачлагчийн зүгээс   Үндсэн хуульд өөрчлөлт оруулөх асуудлыг хэлэлцсэний дараа оруулж ирэхээр болсон байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийг дагалдан орж ирсэн хэд хэдэн  хуулийг төсөл, Ерөнхий сайд Засгийн газраас  санаачилсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, УИХ-ын тогтоолын төслийг татан авлаа. Учир нь Ажлын хэсгийн санал 50 хувиас илүү гарсан учир техникийн шалтгаанаар татан авч,  дахин оруулж ирэхээр болжээ.


 

Р.Гончигдоржид сануулга өглөө

Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулганы  хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж санал  хураахдаа дэг зөрчсөн гэх асуудлыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өнөөдрийн чуулганы хуралдаанд хэллээ. Тэрбээр “Хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн  55 хувь  нь  дэмжээгүй. Тиймээс төслийг хууль санаачлагчид буцаахаар болсон. Гэтэл  дараагийн асуудал хэлэлцэж байхад Н.Батцэрэг гишүүн  санал хураахад байгаагүй гэх  шалтгаанаар горимын санал гаргаж, дахин санал хураалт явуулснаар хуулийн төсөл дэмжигдсэн. Энэ нь Дэгийн тухай хуулийг  зөрчсөн үйлдэл тул энэхүү санал хураалтыг  хүчингүй болгохыг УИХ-ын даргаас  хүсч байна” гэсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд “Санал хураалт  явуулсны дараа дахин санал хураалт явуулж болохгүй. Тэгэхээр УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид дахиж ийм алдаа гаргаж болохгүйг хэлсэн. Дэд дарга Р.Гончигдорж санал хураахдаа редакцийг уншаагүй. Тиймээс одоо редакцийг дахин уншиж  хуулийн төслийг Засгийн газарт нь буцаалаа” гэснээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль буцаж байна.

 


Н.Алтанхуягийн хуулийг хаслаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудын жагсаалтад Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан юм. Гэвч, эдгээр төслүүдийг хэлэлцэх асуудлыг жагсаалтаас шууд хассан билээ.

УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах  тухай, прокурорын байгууллагын тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлаас хасах санал гаргасан. Учир нь  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс   өчигдөр Хууль зүйн байнгын хороонд  хандаж, албан тоот ирүүлжээ. Албан тоотод Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэхийн өмнө ҮАБЗ-өөс шийдвэр гаргуулах нь  зүйтэй талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл АТГ-ын  харьяанд шилжээд байгаа  прокурорын байгууллагыг  прокурорын байгууллагад  эргүүлэн шилжүүлэх асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж  үзжээ. Энэхүү саналыг УИХ-ын дарга хүлээн авснаар  УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэхээргүй болж байна.

 Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг Ардчилсан намын бол "Шударга ёс" эвслийн бүлэг дэмжсэн.  Мөн Хууль зүйн байнгын хорооны олонхийг дэмжлэгийг авсан юм. Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын гаргасан ҮБЗӨ-өөр хэлэлцүүлэх саналыг шалтаг гэж харах  улстөрчид байна.

Харин одоо Шүүх байгуулах тухай хуулийн  анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ оны долдугаар сарын  1-нээс Дүүргийн шүүх байгуулахыг хүчингүй  болгох  Шүүх байгуулах тухай хуулийг яаравчлан хэлэлцэх  шаардлагатай болсныг УИХ-ын дарга хэллээ.


Ц.Нямдорж хуралдааныг орхилоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Шүүх байгуулах тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Шүүх байгуулах тухай хуулиар давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулах, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, мөн Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг Сум дундын 8 шүүхийг дагнан байгуулахгүйгээр байгуулахаар  тусгаад байгаа юм. Шүүхийн нэрийг тухайн шүүхийн харьяаллын засаг захиргааны нэгжийн нэрээр нэрлэх юм. Тухайлбал, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх”, “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх зэргээр нэрлэх аж.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  Үндсэн хууль зөрчсөн хууль батлах гэж байна хэмээн нэлээд шүүмжилсэн юм.  Тэрбээр  “ҮАБЗ-ийн саналаар хэлэлцэх асуудлаа хойшлуулна гэдэг байж боломгүй зүйл. Аюулгүйн зөвлөлийн аппарат хайгуулын лиценз зогсоож байхад 3 хүн очиж хэлэлцээд зогсоож байсан. Монголд Аюулгүйн зөвлөл гэдэг төрийн институци  байхгүй. Тэгээд очиж очиж Байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулахдаа Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэдэг байж боломгүй. Дээр нь Шүүхийн асуудалд тоог нь үгээр солилоо. Үндсэн хууль, цэцийн гишүүд амьд байгаа. Шүүх байгуулах тухай хууль ирэх  долдугаар сарын  1-нээс хэрэгжиж эхлэх гээд будилж байтал  дахиад цэцийн дүгнэлт гарна. Та нар харж байгаарай. Миний үг Үндсэн хуулийн цэцэд нотлох баримтын хүрээнд үнэлэгдэнэ шүү Д.Ганбатаа. Хууль нь амьд, хүн  нв амьд байхад улаан цайм хууль зөрчиж болохгүй.  Үндсэн хууль ард түмэн хоёр мөнх” гэсэн юм.

Харин үүнд Хуульзүйн байнгын хорооны дарга  Д.Ганбат “Ц.Нямдорж та  олон юмыг урьдчилж хэлдэг Ванга л даа.  Та урьдчилж  хараад цэцийн дүгнэлт гарна гээд байна. Би харин тэгэж бодохгүй байна. Цэцэд өндөр мэдлэг боловсролтой хүмүүс ажилладаг  гэж итгэж байна. Ингээд намар  юу болохыг харъя.  Долдугаар сарын  1-нээс  өмнө хуулийн эргэлзээтэй байдлыг  арилгах ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Бэлтгэл  байна уу. Шинээр шүүх байгуулахаар  151  сая  төгрөг шаардлагатай гэсэн.  Энэ мөнгө төсөвт тусаагүй.  Томилолтын тодотгол хийх юм уу?

ШЕЗ-ийн гишүүн н.Эрдэнэчулуун: 151 сая  төгрөг бол нэмэлт зардал биш. Томилолтын зардлаас гарна. Бэлтгэл ажлыг тамгын газар нь хангах журмын төсөл  бэлэн болсон.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Үндсэн хууль зөрчсөн асуудал хэлэлцвэл хуралдааныг орхиж гарах эрхтэй. Өмнө нь 4 багц хуулийг хэлэлцэхэд би оролцоогүй.  Шүүхийн зохион байгуулалтыг баталж байгаа энэ хуралдаанд би оролцохгүй. Энэ бол Монгол төрийн  үндсэн баримт бичгийн  зарчмын асуудал. Тиймээс би хуралдааныг орхиж байна”  гээд хуралдааныг орхин гарлаа.

Ингээд хуулийг долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх тухай санал гишүүдийн дэмжлэг авсангүй. Тиймээс маргааш өглөө  Хуульзүйн байнгын хороо чуулганы хуралдаанаас өмнө хуралдаж  эцсийн хэлэлцүүлгийг хийх үүргийг УИХ-ын дарга өглөө. Ингэснээр хуулийн төслийг  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.  Хуулийн төслийг маргаашдаа багтаан  УИХ-аар хэлэлцэн батлахаар төлөвлөж..

Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний жанжин  штабын даргыг томилох асуудлыг зөвшилцөж байна.


Жанжин штабын даргад Д.Давааг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцлөө.

Энэ үеэр гишүүд батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал өөрчлөгдөж, шинэ шатанд орж байгааг сануулж, Монгол цэргийн бодлогын шинэ баримт бичгийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Д.Даваа нь 1963 онд төрсөн. 1994 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг Цэргийн ар талын команд штаб, оператив тактикийн мэргэжлээр төгсчээ. Тэрээр Монголын ардын армийн 162 дугаар ангид хүнс, хувцасны албаны даргаар ажлын гараагаа эхэлж ангийн хүнсний хангалтын тасгийн дарга, захирагчийн орлогч, ар талын дарга, Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, ар тал эрхэлсэн дэд захирал, Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж иржээ. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүнийг батлан хамгаалах салбарт 30 гаруй жил ажилласан, хуульд заасан шалгуурыг хангаж байгаа гэж үзэж энэхүү албан тушаалд томилуулахаар зөвшилцөх саналаа ирүүлсэн байна.

 


Гацууртын ордыг хэлэлцлээ

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Асуудлыг шийдвэрлэхдээ яаж хор хөнөөлгүй байх вэ гэдэг асуудал болоод байна. Стратегийн орд газрын асуудлыг зөв  гольдрилд нь  оруулчих юмсан гэдэг  бодол байна.  Булш бунханг хөндөхгүй гэдэг хар хайрцагны бодлоготой явж ирсэн. Үүнд санаа зовж байгаа учраас энэ дурсгалыг хөндөхгүй аюулгүй байлгана гэдэг баталгааг сонсмоор байна.

Уул уурхайн сайд Р.Жигжид: Гишүүний асуулт  орд газрын ойр орчимд байгаа түүх  соёлын дурсгалыг хамгаалах тухай байна. нийтдээ ноён уул орчмыг  хамгаалалтад авах гишүүдийн санаачлага байгаа. энэ бүс нутагт  түүх  соёлын дурсгалт зүйл байгаа эсэхийг судлах  Ажлын хэсэг Засгийн газраас гарч ажилласан.

Дэд сайд А.Тулга: 2015 оны тав, зургадугаар сард 180 км квадрат талбайг хамарсан  газарт судалгааны ажил хийлээ. Судалгааны үр дүнгээр 9 дурсгал шинээр  олсноос Гацууртын  орд дотор 5-ыг олсон.  Ордоос  илэрсэн чулуун байгууламж нь эвдэрсэн, он цагийг тогтоох боломжгүй  байсан. Хойд хэсгээр хийгдсэн тул хадгалалт хамгаалалттай уялдуулах шаардлагатай гэж үзсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өргөдлийн байнгын хороонд 20 мянган иргэнээс өргөдөл ирсэн. Өргөдлийн дагуу мэргэжлийн байгууллагад хандахад ажлын хэсэг гараад дулаарахаар ажиллаж байгаа гэсэн. Одоо  20 мянган өргөдлийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо авсан.  Хэлбэр дүрсийг нь тодорхойлж чадахгүй олон амьтны яс гараад байгаа юм байна. Гэтэл наадмын өмнө  бөөнддөг  байдалдаа ороод байна уу. Орон нутгийн тусгай хэрэгцээнд байсан газрыг тусгай хэрэгцээнээсээ гараагүй байхад яагаад энд хэлэлцэх гээд байна вэ?

Уул уурхайн сайд Р.Жигжид: Энэ төсөл  Засгийн газраас оруулж ирсэн  хувилбараар явбал хэрэгжсэнээр Засгийн газарт оногдох ашиг нь 265.6 сая доллар,    төслөөс шууд болон шууд бусаар 451.6 сая долларын татвар  авна. УИХ 1-р сард энэ ордыг стратегийн  ордод хамруулсан. Одоо Засгийн газраас төрийн эзэмшлийн хувийг 34 хувь байхаар буюу одоогийн хуулиар хамгийн дээд хэмжээгээр санал болгож байгаа. Мөн стратегийн  ордын нөөц ашигласны төлбөр 3 хувь дээр  тогтоод байгаа. хөрөнгө оруулагчаас 1.7 хувь байх санал оруулсныг  Ажлын хэсэг  ажиллаад ингэж нэмсэн. Ингэж ашиглавал эдийн засагт шууд нөлөө үзүүлнэ.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:  34 хувийг Монголын төрд  34 хувийг үнэгүй эзэмшүүлнэ гэж байгаад стратегийн ордод хамааруулчихаж байгаа юм. энэ компани ямар учиртай юм бэ. Ингэж залилдаг компанитай гэрээ хийх  шаардлагатай юм уу. Бид Бороо гоулд компанид эсвэл өртэй юм уу. Мэдээж 10 жил ашиглахгүй. Наад 70 тонн алтыг чинь 4-5 жилд ухаад авчихна. Ийм ойлгомжтой байхад 34 хувиа яагаад бид  худалдаж авах  талаар яриад байгаа юм.  Төр 34 хувьдаа хяналт тавихгүй болохоор хэдэн тонн алт ухаж байгааг яаж мэдэх юм. ийм зүйлийг ажиглахгүй байна уу.

Уул уурхайн сайд Р.Жигжид: Энэ асуудал өмнө нь хоёр удаа УИХ-аар хэлэлцсэн. Үүнээс хойш дахин хөрөнгө оруулагч талтай хоёр сар хэлэлцээ хийж өнөөдрийн саналыг оруулсан. Ажлын хэсэг ямар нэг барьцаанд орж ийм хувилбар гаргаагүй гэдгийг хэлье.

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн: Энэ удаагийн хэлэлцээрээр  төслийн явцад гарч болох зардлын эрсдлээс үл хамаарч үр өгөөжөө өнөөгийн үнэ цэнээр  хүртэхээр  оруулж ирсэн. Татвараар 451 ам доллар, 153 сая ам. доллар нь цалингийн урсгалаар орж ирнэ. Дээрээс нь нэг их  наяд төгрөгийн борлуулалт хийгдэнэ.

УИХ-ын гишүүн Г.Уянга:  Р.Жигжид сайд аа, Хуулиар бамбай хийгээд бусдын эрх ашгийг хамгаалж байгаа нь эгдүү хүргэж байна. “Центерра гоулд”-д зориулж хэд хэдэн хуулиа өөрчиллөө. Нэгдүгээрт заавал энэ ордод гадны хөрөнгө оруулагч оруулаад байх шаардлагагүй. Монгол хүний хийж чадахгүй ямар техник, технологийг ашиглах гэж байгааг хэлж өгөөч. Та нар цэвдэгийн судалгааг хийлгээгүй юм билээ. Та нар цэвдэггүй гэж хэлээд өгчих гэж Центерра гоулд-ынхан гуйсан байна лээ. Та нар үр өгөөж, мөнгөн урсгал гэж сайхан зүйл яриад байна. Бидэнд мөнгөн урсгал биш ногдол ашиг хэрэгтэй. Яаж 70 тэрбумын ашигтай гэж  тооцоод байгаагаа тайлбарлаж өгөөч?

Уул уурхайн сайд Р.Жигжид: Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадны компани учраас хүндэтгэхээс өөр аргагүй. Нөгөө талаас Боро гоулд-ыг ашиглаж байсан туршлагатай,  бааз нь байгаа. тиймээс шууд эргэлтэд  оруулах боломжтой гэдэг үүднээс  төр хамтран ажиллаж, төслийг хэрэгжүүлэх гэж байгаа юм. Цэвдэгийн судалгааг хөрөэнгө оруулагч талаар хийлгэхээр тусгасан  байгаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би гадны хөрөнгө  оруулалтыг эсэргүүцээд байдаг хүн биш. Оюутолгойн 20 гаруй асуудлыг өмнөх Засгийн газрын үед шийдсэн. Гадны компанийг оруулна гэдэг нь бууж өгөхийн нэр биш. Харилцан ашигтай  байх  л асуудал. Гацууртын ордыг бол  дэмжихгүй. “Бороо гоулд”-оос олж долоосон зүйл бага. Энэ удаа хойшлуулж болохгүй л байгаа юм байх даа. Үүнийг л ухахгүй бол үхчих гээд байгаа юм байх  даа.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Гацууртын  ордыг  нүдээр очиж үзсэн. Үнэхээр 200-аад булш бунхан байдаг. Тэр олон лиценз эзэмшигчдийн асуудал байна лээ.

С.Ганбаатар:  Нэгхэн хувийн ашгийн төлөө та нар яагаад гадныхныг  долоочих гээд байдаг юм бэ. Мандал сумын иргэд Хараа, Ерөө голд сөргөөр нөлөөлнө гэж маш их санаа зовж байна. Үндэсний аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөн үү?

Р.Жигжид: Мандал сумын иргэдэд мэдээлэл хүргэж байгаа.  Энэ ордыг  Центерра гоулд-ын эзэмших эрхийг шууд авах  боломжгүй учраас энэ  компанитай  ярилцаж тохиролцохоос өөр аргагүй.  Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Гацуурт  компанид  байж байгаад “Центерра гоулд”-д шилжсэн.

УИХ-ын гишүүн Б.Болор: Засгийн газар луйвраар ажилладаг болсон юмуу.  Р.Жигжид сайд  луйвар хуйвалдааны золиос болоод байх шиг байна. Худлаа яриад зүтгээд байгаа нь ямар учиртай юм. Худлаа эдийн  засгийн үзүүлэлт гаргаад  ард түмний тархийг угаагаад  байна шүү дээ.

Ажлын хэсгийн зүгээс Сангийн яам, Хууль зүйн яам, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ашигт малтмалын газартай хамтран санхүү, татварын тооцоо судалгаа болон холбогдох санал, дүгнэлт боловсруулан ажиллажээ.  Яриа хэлэлцээний явцад хөрөнгө оруулагч талаас өмнөх онд хийсэн хэлэлцээрээр хүрсэн үр дүнд үндэслэн аливаа үр өгөөж, зардалд өөрчлөлт оруулахгүйгээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигтмалтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд 1.7 хувийг тусгай төлбөрт өгөх боломжтойгоо илэрхийлсэн байна.

Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж урьдчилсан тохиролцоонд хүрээд байгаа.

Төсөл нийт 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явагдаж, 3,361 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг 340.5 тэрбум төгрөг, төр 70 орчим  тэрбум төгрөгийн ногдол ашиг авах гэнэ. рдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ дээр үндэслэн алтны үнийг өнөөгийн ханш буюу ойролцоогоор 1,300 ам.доллараар тооцож /долларын ханшийг 1,900 төгрөгөөр тооцсон/ үзэхэд тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, татварын дараах ашгаас тооцон төр ноогдол ашиг авахаар байгаа аж.


Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар  Засгийн газраас яаралтай дэгээр оруулж ирсэн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Ингээд санал авах гишүүдийн нэрсийг авснаар чуулганы  хуралдаан завсарлалаа. Үдээс  хойшхи хуралдаан 14.30 цагаас үргэлжилнэ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж