АНУ Хятадын таван компанид хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

АНУ Хятадын таван компанид хориг тавилаа

АНУ Хятадын таван компанид хориг тавилаа

Вашингтон тавдугаар сарын дундуур АНУ-ын компаниудыг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр “Huawei” компанитай бизнесийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг хориглох шийдвэрийг гаргасан билээ.

Тус улс Хятадын эсрэг дахин хориг арга хэмжээ авч, “Huawei” компанийн араас Хятадын таван компанийг хар жагсаалтад оруулсан байна. Дээрх компаниудад Америкийн бүтээгдэхүүн үйлчилгээ авахыг хоригложээ. АНУ-ын Худалдааны яамны хар жагсаалтад “Chengdu Haiguang Integrated Circuit”, “Chengdu Haiguang Microelectronics Technology”, “Higon”, “Sugon”  компани болон Жяннаний компьютер технологийн их сургууль орсон байна.

Тус яамны мэдэгдэлд “Эдгээр компани нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаанд татагдан оролцсон байх болон оролцох хамгийн өндөр магадлалтай юм” хэмээн дурджээ.

Америкийн Засаг захиргаа мөн БНАСАУ-ын эсрэг дангаар авсан хориг арга хэмжээгээ нэг жилээр сунгах шийдвэр гаргасан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Тус албаны мэдэгдэлд дурдсанаар, 2008, 2010, 2011, 2015, 2016, 2017 онуудад гарын үсэг зурж байсан АНУ-ын Ерөнхийлөгчийн хэд хэдэн зарлиг дээр үндэслэн авсан хориг арга хэмжээнүүдийг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн аж. Тухайн үед АНУ-ын эрх баригчдын авч байсан арга хэмжээнүүд нь БНАСАУ-ын үй олноор нь хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэхэд чиглэгдсэн талаар "ТАСС" агентлаг мэдээлжээ.

АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн тавдугаар сард аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмээн үзэж “Huawei” компанийг худалдааны хар жагсаалтад оруулсан  билээ. Түүний дараа тус компанийн хуулийн хэлтсийн дарга Сун Люпин “Huawei” компанийг хар жагсаалтад оруулсан нь олон тэрбум хэрэглэгчдэд хохирол учруулна" гэж мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр “Худалдааны хориг арга хэмжээ нь Америкийн 1200 гаруй компанид шууд хохирол учруулж, олон арван мянган хүний ажлын байранд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл манай компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашигладаг дэлхийн 170 гаруй орны гурван тэрбум гаруй хэрэглэгч хохирно” хэмээн мэдээлж байв.

“Huawei” компани бүтээгдэхүүнүүд нь аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг гэх мэдээллийг үгүйсгэж, Хятадын Засгийн газраас хараат бус гэдгээ удаа дараа илэрхийлсээр ирсэн билээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: ВВС, Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж