“News” агентлаг долоо хоногийнхоо онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
Н.АМАРЗАЯА: УИХ ЗӨВХӨН ТОМИЛГОО ХИЙДЭГ БАЙГУУЛЛАГА БОЛЧИХСОН
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Та энэ төслийг дэмжиж байгаа юу?
-Дэмжиж байгаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхээр санал хураалт явагдана. Нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд цааш журмынх нь дагуу хэлэлцээд явна. УИХ-ын даргын захирамжаар хуулийн төслийг боловсруулахад бүх гишүүний оролцоог хангаж, ажлын хэсгүүдэд хувааж, хоёр жил гаруйн хугацаанд боловсруулагдсан. Мөн 2017 оны намар аймгийн төв болон сумаар хэлэлцүүлж, ард иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулж ажилласан.
-2000 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дордуулсан гэх долоон өөрчлөлтийг сайжруулж, зассан гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлдэг. Ялангуяа өнөөдрийн засаглал, улс төрийн гацаанаас гарах арга нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хуучин 75 хоног байсныг дордуулсан гэх өөрчлөлтөөр өөрчилснийг, одоо эргүүлэн 75 хоног, мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг нээлттэй болгож өгснийг энэхүү төслөөр Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөхөөр тусгасан. Харин Ерөнхий сайд өөрийн засаглах танхимаа бүрдүүлэх эрхийг бүрэн олгож байна. Үүнд дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж тусгасан. Гүйцэтгэх засаглалд бүрэн эрх мэдлийг олгож, Ерөнхий сайд УИХ-ын өмнө бүрэн хариуцах тогтолцоо руу шилжихээр болж байна. 1992 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг аваад үзэхэд нэг сайдын ажилласан хугацаа нь дунджаар 1.5 жилээс хэтрээгүй байгаа юм. 2016 оноос хойш гэхэд Засгийн газар хоёр удаа солигдож БСШУСЯ, ЗТХ-ийн сайд гуравхан жилд дөрвөн удаа солигдлоо. Эндээс УИХ зөвхөн томилгоо хийдэг байгууллага болчихсон нь шууд харагдаж байгаа юм. Одоогийн хуулийн үйлчлэл нь давхар дээлтэй сайдууд гэж жирийн гишүүнийхээ ч үгийг сонсохгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн, гишүүний бүрэн эрхээр өөрийгөө халхавчилсан хууль завхруулагчид болж хувирч байна.
-Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, хумих тухай нэлээд яригдсан ч өргөн барьсан хуулийн төсөлд нь зөвхөн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалт оруулсан байна лээ?
-1992 оны Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгодог. Энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт орсон. Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүнүүдийг харахад ажлаа өгсний дараа аль нэг компани, аж ахуйн нэгж, эсвэл аль нэг нам, эвслийн төлөөлөл болж байгаа нь илтэд байна. Энэ бол буруу гэж боддог.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд та нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт орж ажилласан. Танай ажлын хэсгийн зүгээс энэ чиглэлд юунд илүүтэй төвлөрсөн бэ?
-Хуулийн төсөл үндсэндээ дөрвөн чиглэлд төвлөрсний нэг нь нутгийн удирдлагын тогтолцоог тодорхой болгоход чиглэгдсэн. Монгол Улсын Засаг захиргааны анхан шатны нэгж нь сум, дүүрэг мөн гэж тодорхойлсон. Энэхүү өөрчлөлтөд сум, дүүргийн Засаг даргыг нутгийн иргэдээс сонгодог болох нь хамгийн том дэвшил гэж харж байгаа. Олон давуу талууд бий. Хөгжлийн бодлого сум, дүүргээс эхлэх, үүнд чиглэсэн төсвийн эрх мэдлийг олгох, хуваарилалтыг оновчтой болгох, сумын ИТХ-ын төлөөлөгч дотроос аймгийн төлөөлөгчөө сонгох учраас аймгийн нэгдсэн бодлого нь сумд суурилсан бодлого яригдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Одоо чинь сумаас сонгогдсон аймгийн төлөөлөгч сумынхаа хуралд оролцох эрх байхгүй, оролцдог ч үгүй, оролцуулах ч үгүй. Нөгөө талаас аль нэг эвслийн эрх ашгийг хамгаалахаас илүүтэй ард иргэдийн засаглах эрхийг хэрэгжүүлэх юм.
Одоо бол сум, дүүргийн аль алинд нь эрх мэдэл байхгүй харин аймаг, нийслэлд бүх эрх мэдэл нь төвлөрч байна, зөвхөн нэг л хүн бүх эрх мэдлийг төвлөрүүлэн захирч, төсвийг удирдаж байна. Өнөөдөр сумаас аймаг руу, хот руу шилжих шилжилт хөдөлгөөн их байгаагийн шалтгаан нь бүх бодлого нь аймаг, нийслэлийн түвшинд төвлөрч, сумд дүүргээ жигд хөгжүүлэх, эдийн засгийн хувьд бие даах боломжийг нь бүрдүүлэхгүй байгаатай холбоотой. Тухайлбал, нэг жижиг суманд 150 хүүхэдтэй сургууль байхад, аймгийн төв нь ачааллаа дийлэхгүй, нийслэл бүр гурван ээлжээр хичээллэж байгаа нь бодит үнэн. Гэтэл төсвийн хөрөнгө оруулалтаар төв суурин газар сургууль, цэцэрлэг нэмээд байдаг хөдөөд сургуулийн сурагчдын тоо цөөрөөд байгаа нь бодлогын том алдаа.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
"ЕРӨНХИЙ САЙДАД АЖЛАА ХИЙХ БОЛОМЖИЙГ НЬ ОЛГОНО"
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.
-Үе үеийн парламент Үндсэн хуульд зарим өөрчлөлтийг хийх цаг болсон гэдгийг ярьж, хэлсээр ирсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн. Өнгөрөгч Мягмар гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр нэг алхам урагшлалаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага, хэрэгцээг та хэрхэн харж байна вэ?
-Монгол Улс түүхэндээ томоохон өөрчлөлт хийх гэж байна. Үндсэн хууль Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болох суурь хууль. Үндсэн хуулиндаа бид хэр сайн өөрчлөлт хийж чадна төдийчинээгээр бусад органик хуулиудын эрхзүйн хэм хэмжээ, зохицуулалтууд сайжирна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэд хэдэн парламент дамжиж, маш олон эрдэмтэн судлаачийн баг ажилласан. Нөгөөтэйгүүр ард иргэдийн олон сар жилээр ярьж байгаа хүсэмжлэл яах аргагүй тогтвортой засаглал. Монгол Улс тогтвортой хөгжлийн бодлоготой, түүнийг нь хэрэгжүүлдэг засаг төрийн бодлого нь зөв байгаасай гэдгийг иргэд хүсч байна. Засаг төрийн тогтвортой байх хамгийн том баталгаа нь Монгол Улсын хөгжлийн бодлогын концепц. Бид ойрын 5-10 жилдээ хөгжлийн ямар бодлого хэрэгжүүлэх, дунд хугацааны 10-20 жилийн дотор юу юу хийх цаашлаад урт хугацаандаа 30-40 жилийн дараа Монгол Улс ямар улс болсон байх вэ гэдэг хөгжлийн бодлогын концепцыг Үндсэн хуулиараа баталгаажуулж, үүнийг төрийн албан хаагчид маань тогтвортой ажиллаж байж авч явна. Миний гаргаж байгаа гол санал бол төрийн алба мерит зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ гэдгийг Үндсэн хуульд тусгах шаардлагатай байгаа юм. Ингэснээр тухайн төрийн албан хаагч таван жил ажиллаад ахлах мэргэжилтэн, 15 жил ажиллаад, Төрийн нарийн бичгийн дарга болно гэсэн зорилго зорилтыг өөртөө тавьж ажиллана. Санамсаргүй хэн нэгэн орж ирэнгүүтээ дарга болохгүй гэсэн үг. Тухайн төрийн албан хаагч өөрөө л хичээвэл 10 жилийн дараа газрын дарга, 15 жилийн дараа салбарынхаа Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшиж ажиллана гэдэг энэ тоглоомынхоо дүрмийг маш тодорхой болгох ёстой.
-УИХ томилгооны байгууллага болж хувирсан. Хуулийн төсөлд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болсноор УИХ хууль батлах чиглэлдээ бүрэн анхаарна гэж харж байна л даа?
-Тийм ээ. Байнгын парламенттай улс орны хувьд парламентын төлөвшил нь цаг хугацаа өнгөрөх тусам парламентад сонгогдсон гишүүдийнхээ төлөвшлөөр дамжиж бий болдог. Өнөөдөр Монголын парламент 30 жилийн настай гээд аваад үзвэл цаашдаа 100 жилийн настай парламентын түвшинд хүрч төлөвшихийн тулд УИХ-ын хууль батлах эрхзүйн чадамжаа сайжруулах шаардлагатай. Монгол Улсын хөгжлийн бодлогод эрхзүйн хувьд шаардлагатай байгаа зохицуулалтыг мэдэрч хуулиуддаа тусгадаг байх чадварлаг байх хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотойгоор УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоногоос доошгүй хуралдана гэж тусгасан нь УИХ хууль эрхзүйн шинэчлэлүүдийг хийх боломж илүү бүрдэнэ гэж харж байна.
-УИХ төсвийг хэнээс, юунаас ч хараат бус баталдаг. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлаж, Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлагаа нэмэгдүүлэхгүй байх заалтыг зарим гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын онцгой эрх бол Монгол Улсын төсвийг батлах. Төсвийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тийм учраас татвараа төлсөн иргэд маань төсвийн мөнгө эргээд улс орны хөгжилд зарцуулагдаж чадаж байна уу гэдэгт хяналт тавих боломж тодорхой түвшинд ахина гэж харж байгаа. Гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагааг төсвөөр дамжуулан хянаж, мөн Ерөнхий сайдыг огцруулах, улс төрийн хариуцлага тооцох асуудлыг давхар тусгасан учраас чухал ач холбогдолтой заалт гэж харж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯМАА
Холбоотой мэдээ