Ховор үзмэрүүд дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Ховор үзмэрүүд дэлгэгдлээ

С.Чулуун: Хүрэл, дөрвөлжин үсэгт тамгуудыг олсон

ШУА-ИЙН ТҮҮХИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ

"Монгол-Францын археологийн нээлт”-үүд үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Францын Цөлийн ба хээр талын хүрээлэнгээс  гаргаж байгаа энэ үзэсгэлэнд  нийтдээ 60 гаруй олдворыг олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа юм. Дэлгэгдсэн олдворуудын 70 орчим хувь нь анх удаа олон нийтэд ил болж байгаа бол 60 хувь нь дэлхийд байхгүй үнэт эртний олдворууд аж. Тухайлбал Сүхбаатар аймгийн Онгон сумаас олсон 13-14 дүгээр зууны үед буюу эзэнт гүрний үед амьдарч байсан язгууртны булш, түүний хэрэглэж байсан алтан гоёл чимэглэл.

Харин хүннүгийн үеийн булшаас хүрэл, дөрвөлжин үсэгт тамгуудыг олсон байна. Одоохондоо тамгуудын бичиг үсгийг тайлаагүй байгаа. Гэхдээ тамга олдоно гэдэг нь хүннүгийн үед бичиг үсэгтэй байсан гэдгийг батлана, дээрээс нь Хүннүчүүд бол Монголчуудын өвөг эцэг гэдгийг нотлосон гэж судлаач С.Чулуун тайлбарлалаа.  Мөн 2500 гаруй жилийн өмнөх түүхийг өгүүлсэн модон эдлэлүүд үзэсгэлэнт тавигдсан. Энэ нь Монгол Алтайн өндөр уулсын цэвдэгтэй бүсэд хадаглагдаж байснаараа онцлог юм.

Ц.Төрбат: Үнэт олдворууд бүгд Монголын өмч

ШУА-ИЙН ТҮҮХИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРХЛЭГЧ

Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд тавигдсан эдгээр үнэт олдворууд бүгд Монголын өмч.  Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголын нутаг дэвсгэрийг тойрон хийсэн малтлагын олдворууд. Эдгээр археологийн олдворуудыг сэргээн засах ажлыг Францчууд гардан гүйцэтгэжээ. Жишээлбэл Хэнтий аймгийн Норвилон сумын Салхит гэх газраас олдсон гавлын ясны хэлтэрхийг арчлан, тордож үзэсгэлэнд дэлгээд байгаа юм. Энэ гавлын ясны хэлтэрхий одоогоос 28 мянган жилийн өмнөхтэй холбогдох эртний олдвор буюу Монголд амьдарч байсан эртний хүмүүсийн яс гэж археологчид таамаглаж байна. Өмнө нь 800 мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүстэй холбоотой чулуун зэвсэг, эд хэрэглэлийн олдворууд олноор гарч ирч байсан. Гэхдээ яг ийм хүний яс олдож байгаагүйг судлаач Ц.Төрбат онцоллоо.

Д.Сүхбаатар: Олдворуудыг хувааж хадгална

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЗАХИРАЛ

Монголын үндэсний музейд тавигдсан эдгээр түүхэн олдворуудыг цаашид Үндэсний музей, түүхийн археологийн хүрээлэн хамтран хувааж хадгалахаар болжээ. Эхний ээлжинд Үндэсний музейд Баян-Өлгий аймгаас олдсон Түрэгийн үеийн хөшөөний хуулбарыг үлдээх юм.

“Монгол улс, Францын археологийн нээлт”-үүд үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн ирэх сарын 30 хүртэл Монголын Үндэсний музейд үзэгчдийн хүртээл болно. Түүнчлэн үзэсгэлэнг Монгол, Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулснаараа онцлог гэдгийг талууд тодотгож байлаа.

Д.УЛАМБАЯР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж