Сорилго барилдааныг цэнгэлдэхэд хийе

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Сорилго барилдааныг цэнгэлдэхэд хийе

Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Бөхчүүд тус тусын галд гарч, өнгөрсөн долоо хоногоос ерөнхийдөө наадмын бэлтгэл жигдэрчээ.

Энэ жилийн наадмын өмнө бөхчүүд, бөх сонирхогчдын анхаарлыг нэг сэдэв татаж байгаа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн голд, бөхчүүдийн барилддаг хэсэгт хөлбөмбөгийн талбай байгуулсан явдал.

Төв цэнгэлдэх хүрээлэнг спортын олон төрлөөр ашигладаг болохын тулд голын талбайд цемент цутгаж, дээрээс нь хөлбөмбөгийн талбайн зориулалттай зүлэг дэвсч буйг хүмүүс хоёр талтай хүлээж авч буй. Нэг хэсэг нь жилдээ хоёрхон өдөр наадам хийж, бөх барилдуулах гэж ашигладаг Төв цэнгэлдэхийн талбайд хиймэл зүлэг дэвсч, тойрог талбайг бусад төрлийнхөн ашиглах байдлаар тохижуулах нь зөв шийдвэр гэж харж байна.

Харин нөгөө хэсэг нь наадмын дэвжээг бөхчүүдтэй холбон тайлбарлаж, зүлэг ногоон дэвжээг хиймэл болголоо гэж дургүйцэх өнгө аяс цухалзуулах аж. Зүлэг ногоон дэвжээ  байна уу, хиймэл ногоон дэвжээ байна уу, нэршил нь ч бол дүүрсэн хэрэг. Хамгийн гол нь бөхчүүд бэртэж гэмтэх вий гэсэн болгоомжлол байгаа нь бол бодох ёстой л асуудал.

Хиймэл зүлгэн дээр бөмбөг тоглох, барилдах хоёр мэдээж өөр. Дээрээс нь хэрэв бороо орвол бөхчүүдийн барилдаанд нөлөөлөх магадлал бий юу гэдэг асуулт бас гарч ирнэ.

Энэ мэтчилэн наадмын өглөө шууд хиймэл зүлгэн дээр гарч барилдах нь сэтгэлзүй, бие бялдрын хувьд бөхчүүдэд сөргөөр нөлөөлж магадгүйг бас бодолцож үзэхэд буруудахгүй. Жишээ нь, наадмын өмнө болдог Их сорилго барилдааныг энэхүү хиймэл зүлэгтэй талбайдаа зохион байгуулж болох юм.

Үндэсний их баяр наадмын өмнө МҮБХ-ноос зохион байгуулах ганцхан том барилдаан үлдээд байгаа нь зургадугаар сарын 28-нд болох наадмын сорилго барилдаан. Наадмын өнгө тодорхойдог, бөхчүүд баярын өмнө бөөнөөрөө цугладаг энэ барилдааныг шинэ талбайд явуулбал ядаж л хөл гарын баримжаатай болж, бие сэтгэлээ бэлтгэх нааштай талтай байж болох юм.

Ингэвэл хэдий өмнө нь хэсэг бөхчүүд барилдуулан туршилт хийсэн гэж байгаа ч бөхчүүд, бөх сонирхогчдын эргэлзээ тайлагдахад дөхөм ч байх.



НААДМЫН ТӨСӨВ: НИЙТ 2 ТЭРБУМ 747 САЯ ТӨГРӨГ

  • Үндэсний бөхийн барилдаан: 85 сая 726 мянган төгрөг
  • Хурдан морины уралдаан: 227 сая 360 мянган төгрөг
  • Сур харваан: 83 сая 777 мянган төгрөг
  • Шагайн харваа: 28 сая 190 мянган төгрөг


Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж