Өмнөд Солонгосын парламент өнөөдөр /VI.18/ ерөнхий сайдын суудалд нэр дэвшигч хууль зүйн сайд Хуан Кё Аныг баталлаа. Хуан Кё Ан нь ерөнхийлөгч Пак Кын Хегийн ерөнхий сайдын суудалд нэрлэсэн зургаа дахь хүн юм. Хуан Кё Аныг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе албан ёсоор нийтэд зарласны дараа тангараг өргөж, ерөнхий сайд болох аж. Хууль зүйн сайд Хуан Кё Аныг прокурор хүнийхээ хувиар нийгмийн авлигаас цэвэрлэж, улс төрийн шинэчлэл хийхэд яг тохирсон хүн гэж үзжээ. Тэрээр Пак Кын Хегийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн таван жилийн хугацаа эхэлснээс хойш Засгийн газрын тэргүүнээр томилогдсон гурав дахь хүн болж байна.
Өмнөх ерөнхий сайд Ли Ван Ку өнгөрсөн дөрөвдүгээр сард авлигын хэрэгт холбогдон суудлаасаа буусан юм. Бизнесмен Сун Ван Жон амиа хорлосны дараа түүнтэй харилцаатай улстөрчдийн авлигын хар жагсаалт нийтэд ил болж том дуулиан тарьсан. Үүний дараа ерөнхийлөгч Пак Кын Хе эрх барих Сэнури намыг улс төрийн авлигаас цэвэрлэх амлалт өгсөн юм.
Пак Кын Хегийн нэрлэсэн анхны ерөнхий сайд Чон Хон Вон өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Севол” гатлага онгоцны осолд хариуцлага хүлээн огцорсон юм. “Севол” гатлага онгоцны ослоор 300 гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь дунд сургуулийн сурагчид билээ.
Үүний зэрэгцээ Өмнөд Солонгост гарсан титэм вирусын (MERS) халдварын эсрэг засгийн газар яаралтай арга хэмжээ авч чадахгүй байгаад ард иргэд шүүмжлэлтэй хандаж, Пак Кын Хегийн рейтинг 35 хувьд хүрч унажээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters