Б.Тэгшбаяр: "Токио 2020"-д оролцохын төлөө бүхнээ дайчилна

Хуучирсан мэдээ: 2019.06.22-нд нийтлэгдсэн

Б.Тэгшбаяр: "Токио 2020"-д оролцохын төлөө бүхнээ дайчилна

Б.Тэгшбаяр: "Токио 2020"-д оролцохын төлөө бүхнээ дайчилна

Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит Засмал замын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Төв аймагт нээлтээ хийлээ. Энэ жилийн тэмцээн Монголын дугуйн холбоо үүсч байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн арга хэмжээтэй давхцаж байгаагаараа онцлог болж байна. Тэмцээнд "Аттила", Сонгинохайрхан зэрэг 10 гаруй клубын 60 тамирчин 50 км, 150 километрийн зайд өрсөлдөж, хурд хүч, авьяас чадвар, тэсвэр хатуужлаа сорьж байна. Тэмцээн маргааш өндөрлөнө.

47 дахь удаагийн УАШТ-ий нээлтийн ажиллагааны үеэр монголчуудын бахархал болсон Б.Тэгшбаярт олон улсын хэмжээний мастер цол тэмдгийг гардууллаа. Тэрбээр 2016 онд Швейцарьт болсон Трек дугуйн залуучуудын дэлхийн аварга болж, Монголын дугуйн спортын түүхэнд шинэ амжилтыг бичсэн юм.

“Миний хувьд 2019 оны улиралд Украины Евро турын баг болох “Ukraine Pro Cycling” багтай хамтарч  бэлтгэлээ хийж эхэлсэн. Энэ оны эхээр хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцлоо. Хоёр ч тэмцээнд мөнгөн медаль хүртсэн чамлахааргүй амжилт үзүүлээд байна. Олимпийн оноо цуглуулах тэмцээнүүд ирэх сараас эхэлнэ. Хятад, Индонез, Солонгос, Малайз, Польш улсад дараалсан олимпийн оноо өгөх өндөр ач холбогдолтой уралдаанууд болно. Тиймээс эдгээр тэмцээнд оролцоод оноогоо цуглуулаад явах болно. Миний хувьд эх орноо төлөөлөн 2020 оны Токиогийн олимпод оролцохын төлөө бүхий л хүч хөдөлмөр, авьяас чадвараа зарцуулах болно. Мөн энэ өдөр дэлхийн бүх улс оронд дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж буй бөгөөд олимпийн наадамд оролцох тамирчдын оноог дүгнэх хариуцлагатай мөч юм.” гэж залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр хэллээ.

"Холбооны зүгээс 60 жилийн ойг угтаж олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь Улсын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд үүнийг өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна. Хамгийн чухал нь ирэх 2020 оны Токиогийн олимпод тамирчдаа оролцуулъя гэсэн зорилго тавин ажиллаж байна. Манай улсын дугуйн тамирчид 1992 оны Барселоны наадмаас хойш олимпод оролцож чадаагүй байгаа. Тиймээс бид олимпийн эрх цуглуулах цуврал тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулж, тодорхой амжилт үзүүлэхээр зорьж байна. Та бүхэн Б.Тэгшбаярыг сайн мэднэ. Залуучуудын дэлхийн аварга тамирчин маань Украины багт бэлтгэл хийж байна. Мөн өмнө нь хэд хэдэн тамирчин Францын багтай бэлтгэл хийгээд ирсэн. Энэ мэтчилэн тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтыг хангах ажлуудыг хийж байна" гэж Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү хэллээ.

Өчигдөр насанд хүрэгчдийн УАШТ-ий цуваа гараат 50 км-ын уралдаан болж, медалийн эзэд тодорлоо. Эрэгтэй төрөрлд нэгдүгээр байранд "Хас" банкны тамирчин Э.Болор-Эрдэнэ түрүүлсэн бол “Алдар” биеийн тамир спортын хорооны тамирчин Б.Тэгшбаяр, "Хас" банкны тамирчин Э.Билгүүнжаргал нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Эмэгтэйчүүдээс “Алдар” биеийн тамир спортын хорооны тамирчин Ц.Солонго шилдэг нь байж аваргын алтан медаль хүртсэн бол Ж.Анужин, Н.Золжаргал /хоёул “Аттила” клуб/ мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний гол төрөл болох бөөн гараатай 150 км зайн уралдаан өнөөдөр Төв аймгийн нутгаас эхлэх бөгөөд Дундговь аймгийн замд үргэлжлэн явагдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж