УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр 14.30 цагаас мэдээлэл хийхээр боллоо.
УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэх үеэрээ “УИХ-ын хууль тогтоох эрхэд халдаж байгаа учраас өнөөдөр мэдээлэл хийдэг юм уу гэж бодож байна” гэсэн юм.
Түүний хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн бариад байгаа. Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өчигдөр Хууль зүйн байнгын хороонд хандаж, албан тоот ирүүлжээ. Албан тоотод Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэхийн өмнө ҮАБЗ-өөс шийдвэр гаргуулах нь зүйтэй талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл АТГ-ын харьяанд байгаа прокурорын байгууллагыг прокурорын байгууллагад нь эргүүлэн шилжүүлэх асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү саналыг УИХ-ын дарга хүлээн авснаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэхээргүй болоод байгаа юм.
С.СҮРЭН